Нийгмийн хөгжлөөс шалтгаалж төрөлт буурсан уу
- 2025-01-23
- Эрүүл мэнд
- 7
Хүн бол улсын үндэс гэдэг. Гэвч манай улсад төрөлт сүүлийн жилүүдэд хамгийн доод үзүүлэлтэд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Тодруулбал, 2024 онд нийт 57.319 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оноонуудаас төрөлтийн хувь багассаныг харуулж байна. Тэгвэл сүүлийн таван жилийн дунджаар 2020 онд 77.946 хүүхэд мэндэлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Харин 2021 онд 73.866 хүүхэд, 2022 онд 67.874, 2023 онд 64.306 хүүхэд мэндэлжээ.
Дэлхий дахинд төрөлтийн хэмжээ өссөн, буурсан маягаар хэлбэлздэг. Манай улсын хувьд ч мөн адил нийгэм, эдийн засгийн орчин нөхцлөөс шалтгаалан төрөлт харилцан адилгүйгээр өөрчлөгдсөн. Тухайлбал, 1970-аад оны үед төрөлт их болж 1980-аад он, 1990 оны ардчилал гарсны дараа эрс буурсан.
Мөн 2005 онд төрөлт 50 орчим мянга болж буурсан бол түүнээс хойш өссөөр 2014 онд 80 орчим мянгад хүрсэн талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг нэгэн ярилцлагад дурджээ. Харин энэ үеэс хойш тогтвортой буурсаар байгаа аж. Тэгэхээр төрөлт нь улс орны эдийн засаг, нийгэм соёлын байдалтай салшгүй холбоотой нь харагдаж байна. Учир нь төрөлт их байсан жилүүдэд нэг эмэгтэй хүний дундаж төрөлт 4.5 байсан бол одоо 1.6 болсон гэх тооцоолол гарсан байна. Тэгэхээр нэг айл хоёроос доош хүүхэдтэй бол тухайн улс хөгжиж хүн ам олон болно гэдэг зүйл эргэлзээтэй болно гэсэн үг. Төрөлтийг насны бүлгээр нь авч үзвэл 2021,2022, 2023 онд 25-29 насны эмэгтэйчүүд их хувийг эзэлж байна. Үүний дараа 30-34 насны эхчүүд амаржжээ.
Орчин үед цөөн хүүхэдтэй байх хандлага тогтсон
Сүүлийн таван жилд амаржсан эх улсын дүнгээр
Залуу гэр бүлийн төлөөлөл Б.Нямжаргал анхны хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа шинэхэн ээж. Тэрээр нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Эхлээд хүүхэдтэй болсноо мэдээд итгээгүй. Төлөвлөөгүй жирэмслэлт байсан. Харин хүүхдээ хараад л бүх асуудал шийдэгдэх шиг болсон.Тийм гоё хайр байдаг гэдгийг хүүхдээсээ л мэдэрсэн хэмээн инээмсэглэн ярьж байлаа. Тэрээр “Ер нь өнөөгийн нийгэмд ялангуяа Улаанбаатар хотод залуу аав ээж болно гэдэг амаргүй. Маш их зүйл шаарддаг.
Наанадаж өрхийн нэг гишүүн ажил хийж орлоготой болохгүй бол хэцүү. Байр ус, тог хэрэглээ гээд л санхүүгийн хувьд том шалгуур болно. Дээрээс нь хүүхдийнхээ хэрэглээ, өвдөхөд эмний мөнгө гээд л олон зүйлс шаардагдана гэдгийг хүн бүр л мэдэж байгаа байх. Түүнчлэн агаарын бохирдол стрессээс үүдэлтэй өсөлтгүй жирэмслэлтүүд ихсэж байна.
Үүнээс болоод төрөлт багассан байх. Цаашлаад хүүхэд өсгөхөд эрүүл, аюулгүй орчин чухал байна. Гэвч Улаанбаатарт тийм байх боломжгүй. Жишээ нь хүүхдээ агаарт гаргая гээд л гарна. Өдөржин түгжирч орой өлссөн, ядарсан, бухимдсан хүн гэртээ ирдэг. Энэ бол наад захын л асуудал болсон” гэсэн юм. Мэдээж залуу ээж байх амаргүй. Түүний нөхөр 24 цагийн ээлжийн ажил эрхэлдэг. “Ганцаараа охинтойгоо үлдэхээр охин уйлна. Би учрыг нь олохгүй стресстээд дагаж уйлна. Хоол ундаа ч тухтай идэж амжихгүй. Өдөржин хүүхэдтэйгээ зууралдаад л арван сар болсны дараанаас учрыг нь олж, хүүхэд өсгөхөд арай эв дүйтэй болж байна”. Хүүхэдтэй болсны дараа өмнөх шигээ завтай хүссэнээрээ гадуур, дотуур явж, гоёж гангалж чадахгүй байгаадаа жаахан эмзэглэдэг байсан. Мөн хүүхэдтэй болчихоор хувийн карьераа хөгжүүлж, хүссэн зүйлээ хийх боломж, цаг хугацаа багасч байгаа мэт санагддаг юм билээ. Харин одоо хүүхэд бол ажил мэргэжил, карьер бүх зүйлийн урд байх ёстой гэдгийг ойлгосон. Охин маань одоо арван сартай. Надгүйгээр аавтайгаа үлдэж чадахаар болсон тул би үргэлжлүүлэн суралцахад цаг гаргаж чадаж байгаа. Суралцаж байсан мэргэжилээ өнгөрсөн есөн сард солиод, хүүхдээ харангаа онлайнаар суралцаж эхэлсэн. Өмнө МУИС-ийн Утга зохиол судлалын ангид суралцдаг байсан бол хүүхэд ямар хөөрхөн гэдгийг биеэрээ мэдэрч цэцэрлэгийн багшийн мэргэжил сонгон суралцаж байгаа” гэсэн юм. Одоогоор охиноо л таатай, аз жаргалтай өсгөхөд бүхнээ зориулна. Орчин үед олон хүүхэд төрүүлж өсгөнө гэхээс илүү цөөхөн хүүхэдтэй байх хандлага тогтсон гэж боддог. Зарим залуус нэг хүүхдээ л юугаар ч дутаалгүй өсгөнө гэх хандлага ч байдаг шүү дээ. Дээрээс нь өөрийнхөө боловсрол, цаашдын карьерт анхаарах цаг бидэнд хэрэгтэй.
Ээж болоод илүү хариуцлагатай, амьдралын төлөө хичээж, зүтгэж эхэлсэн хэмээн ээж болсон жаргалтай мөч, өнөөгийн нийгэмд хүүхэд өсгөхөд ямар бэрхшээл байгаа талаар хуваалцсан юм.
Үүний нэгэн адил орчин үеийн залуусын үзэл бодол, сэтгэл зүй өөр болсон. Тэд ахуйн байдал гэхээс илүү хувь хүн рүүгээ анхаарлаа хандуулах нь элбэг гэхэд хилсдэхгүй. Улс орон хөгжиж, ард иргэд нь боловсролтой болохын хэрээр төрөлт буурдаг гэсэн судалгаа ч байдаг. Харин бидний аав ээж, эмээ өвөө нар арав гаруй хүүхэдтэй, хүүхдүүдээ тойруулаад аз жаргалтай амьдардаг. Томчууд нь дүү нараа өсгөдөг хэмээн ярьдаг. Гэтэл орчин үеийн залуус энэ жишгийг сонирхохгүй байх нь олонтаа. Зарим судлаач дэлхий нийтээрээ гэр бүл чухал гэж үзэхээс илүү индуализм хэв маяг руу чиглэж байна хэмээн үзжээ. Энэ нь хувь хүн аз жаргалтай байх буюу өөр рүүгээ чиглэсэн хэв маяг юм.
Нөгөө талаараа бидний амьдарч буй нийгмийн асуудал, стресс нь тэр чигээрээ төрөлт буурахад нөлөөлж буй томоохон хүчин зүйл болж байна. Гудамжаар алхаж буй хүмүүсийг ажиглаад байхад инээмсэглэж яваа нь тун цөөхөн. Ихэнхдээ л ууртай, хөмсгөө зангидсан, яарч сандарсан байдалтай хүмүүс холхилдоно.
Ийм шигүү хотод амьдарч байгаа хүмүүс утаа, түгжрэл, цалин мөнгө, эрүүл мэндийн асуудал, үр хүүхдээ сурч боловсруулах гэх мэтээс үүдсэн удаан хугацааны стресс нь хүний бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндийг улам дордуулдаг байна. Тиймээс орчин үед хүмүүс хүүхэд төрүүлэх, олон хүүхэдтэй болохоос эмээж, төрөлт буурч байна.
Төрөлхийн гажиг Улаанбаатар хотод зонхилж байна
Хүүхэд төрүүллээ гэхэд Улаанбаатарт эрүүл амьдрах боломж тун бага. Гараад л өвөл нь утаа, хавар зундаа хөрсний бохирдол, ундны усны аюулгүй байдал, цэвэр агаар, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмж дээр нь нэмээд эдийн засгийн асуудал гээд дөнгөж төрсөн нярайг эрүүл энх, аюулгүй бойжуулахад олон хүндрэл үүснэ.
Тэгвэл 2024 онд төрөлхийн гажигтай мэндэлсэн хүүхдүүдийн бүсчилсэн статистик тоон мэдээллийг дурдая. Баруун бүсэд нийт 44 нярай, Хангайн бүсэд 57 нярай, Төвийн бүсэд 36, Зүүн бүсэд 24, Улаанбаатарт 229 нярай төрөлхийн гажигтай мэндэлсэн байна.
Мөн улсын дүнгээр амьгүй төрөлтийн тоо өнгөрсөн онд 290 тохиолдол бүртгэгдсэн бол 2023 онд 344 тохиолдол байжээ. Эдгээрийн ихэнх хувь нь мөн Улаанбаатар хотод зонхилсон байна. Дээрхээс дүгнэвэл Монгол Улсад сүүлийн жилүүдэд төрөлт буурсныг нийгмийн олон асуудал, таатай амьдрах орчин нөхцөл тааруу байгаатай холбон үзэж болох юм.
Манай улс хүн амынхаа өсөлтийг дэмжихийн тулд маш олон бодлого боловсруулах хэрэгтэй. Залуусынхаа тухтай амьдрах орчныг бий болгож, хүүхдээ өсгөхөд таатай бүхий л нөхцөл боломжоор хангадаг байх ёстойг иргэд илэрхийлсээр байна.
Наанадаж хүүхэд өвдөхөд хүрэлцээтэй, чанартай үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг хэрэгтэй. Цаашлаад хүүхэд цэцэрлэг, сургуульд ороход бөөн асуудал болдог. Нэг үгээр бол Улаанбаатар хотод хүүхдэд ээлтэй нийгэм бүрдэхгүй байгаа нь залуусын хүүхэд төрүүлж, өсгөх итгэлийг бууруулж байгаа юм. Тиймээс бүх талаар нийгмийн нөхцөл бололцоог дээшлүүлж, таатай орчныг бий болгох хэрэгтэй болж байна.
Ч.БЯМБАХАЖИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (7)
Бат (202.9.46.19)
Улс төрөлтийг дэмжих төрсөн эхийн мөнгөн тэтгэжийг нэмэх зэрэг арга хэмжээ авмаараа
Бат (202.9.46.162)
Улс төрөлтийг дэмжих төрсөн эхийн мөнгөн тэтгэжийг нэмэх зэрэг арга хэмжээ авмаараа
Paul Hanson (169.197.143.22)
HOW THE HACK ANGELS RECOVERY EXPERT ENABLED ME RECOVER MY STOLEN CRYPTO BACK Losing your hard-earned digital assets, particularly cryptocurrency, can be a devastating and disheartening experience. I'll never forget the day I fell victim to crypto fraudsters. I had invested a significant amount of money, $967,000, in what I thought was a legitimate cryptocurrency platform, but it turned out to be a sophisticated and well planned cryptocurrency scam. I lost everything - my entire investment, gone in an instant with no knowledge of what to do or whom to turn to for help in my distress. I was devastated, feeling like I'd been punched in the gut. I didn't know where to turn or who to trust. I felt like I'd never see my money again. Desperation led me to search tirelessly for a solution. That is when I discovered THE HACK ANGELS RECOVERY EXPERT A trusted friend recommended them to me, saying they specialized in recovering lost funds from crypto scams. I was skeptical at first, but desperate for a solution I had to reach out to them through their contact. For anyone in a similar situation seeking to recover funds lost to online scams. You can contact them through their hotline WhatsApp +1(520)200-2320) Email at (support@thehackangels.com). They also have a great Website (www.thehackangels.com) I highly recommend contacting THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They’ll ensure you get your money back in full. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help!
(139.5.216.97)
Хүн нь 3 хан сая мал нь 70 сая шахам тоо толгой байдаг гэдгийг би ном болон мэдээллийн сайтаас уншсан санагдаж байна.
Ганаа (139.5.216.97)
Хүн амынхаа тоогоор дэлхийд нэлээн хойгуур байранд ордог улс.Байгалийн элдэв баялагаараа дэлхийд дээгүүр байранд ордог улс бол манай Монгол улс шүү.
(139.5.216.97)
ХҮН АМАА ИЛҮҮ ОЛОН БОЛГОМООР БАЙНА Ш ДЭЭ.ЗАСГИЙН ГАЗАР ЯАМДУУДАА.ТА НАР АЖЛУУДАА МАШ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БОДОЛТОЙ ХАРИУЦЛАГАТАЙГААР АЖИЛЛААЧЭЭ.ТА НАР ЯМАР 30 САЯ ГАРУЙ ХҮН УДИРДАЖ БАЙГАА БИШ.ИНГЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ!!!.ЭХЛЭЭД УТАА УНИАРГҮЙ БОЛМООР БАЙНА.ДАРАА НЬ ХӨРС УСНЫ АСУУДЛУУДАА ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ БАЙМААР БАЙХ ЮМ.ХЭЗЭЭ ЭНЭ УЛС ОРОН ХӨГЖИЖ ЭХЛЭХ ЮМ БЭ.
Бат (202.9.46.107)
Улс төрөлтийг дэмжих төрсөн эхэд мөнгөн тэтгэжийг нэмэх зэрэг арга хэмжээ авмаараа