21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын шинж илэрсэн байна
- 2 цаг 59 мин
- Нийгэм
- 0
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдав. Хуралдаанд эрт илрүүлгийн үр дүн нэгтгэн дүгнэсэн мэдээллийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр танилцуулав.
Уг мэээллээс үзвэл эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 509 072 буюу 38.0 хувь нь ямар нэгэн өөрчлөлтгүй харьцангуй эрүүл байсан бол 816 361 буюу 62.0 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарчээ. Өөрчлөлт илэрсэн хүмүүсийн 54.0 хувийн онош тодорхой тул эмчилгээнд хамруулж, 36.0 хувь буюу 290 175 хүний оношийг баталгаажуулахаар шинжилгээнд илгээсэн бол 81 636 хүний үзлэгийн үр дүн гараагүй буюу эрт илрүүлэгт бүрэн ороогүй байна. Үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөл, жингийн илүүдэл болон дутагдал зонхилж байгаагийн зэрэгцээ 0-5 насныхны 8.7 хүртэлх хувьд хөдөлгөөн, хэл яриа, танин мэдэхүйн, 6-14 насныхны 7.0-30.0 хувьд сэтгэл хөдлөл, зан үйлийн болон анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх, мөн харилцааны тулгамдсан асуудлын сэжиг илэрсэн байна. Харин насанд хүрэгчдийн 40.0 хүртэлх хувь нь тамхи, архи хэрэглэдэг, хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог зохистой хэмжээгээр хэрэглэдэггүй, 20.4 хувь нь таргалалттай, 36.4 хувь нь жингийн илүүдэлтэй, 73.7 хувь нь халдварт бус өвчний 3-5 хүчин зүйл хавсарсан өндөр эрсдэлтэй нь тогтоогджээ. Эдгээр нь артерийн гипертензи, зүрхний ишеми, чихрийн шижин, ходоодны архаг үрэвслийн тархалтад нөлөөлөх гол хүчин зүйлс болж буй юм. Мөн гепатитын В вирусийн халдвар гурав дахин, гепатитын С вирусийн халдвар 4.6 дахин нэмэгдсэн нь элэгний фиброз, цирроз үүсэхэд нөлөөлж буйг Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Түүнчлэн 21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45 ба 60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн бол, 11-14 насны хүүхдүүд, 30-59 насны хүмүүсийн дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарчээ. Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээгээр дотуур цус алдалт 50-аас дээш насанд, гепатитын В, С вирусийн хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолдож байна. Мөн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний хугацаанд тэмбүүгийн 170 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг эмчилгээ, хяналтад авчээ. Нийт 5797 хавдрын сэжигтэй хүний 371-д хорт хавдар шинээр оношлогдсон байна хэмээв.
Б.Цэлмэг
Сэтгэгдэл (0)