ЗГ: Засгийн газрын гишүүд ногдол ашгаа Хөгжлийн санд хандивлана
- 6 цаг 55 мин
- Улс төр
- 0
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.02.26/ танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-1072 хувьцааны ногдол ашгаа бэлнээр авах хүсэлтэй 481.809 иргэн байна. Харин 22.242 Хуримтлалын сан буюу иргэнийхээ хадгаламжийн дансанд, 1267 иргэн Хөгжлийн сан эсвэл түгржрэл, агаарын бохирдлыг бууруулахад ногдол ашгийнхаа тодорхой хэсгийг хандивлах санал өгсөн байна. Бид судалгааны дүнг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хүлээлгэж өгч, хувьцаа зарсан болон хувьцаагүй хүний тоог шинэчилж авахад Хуримтлалын санг сонгосон 22.242 хүнээс 20.303 хүн, хандив сонгосон 1267 хүнээс 1127 хүн хянагдаж, эцсийн байдлаар санал асуулгад оролцжээ.
Иргэд 1072 хувьцааны санал асуулгад оролцоогүй бол цагаан сарын өмнө 100 төгрөгийг данс руу нь олгоно. Үндэсний баялгийн санд хуримтлал үүсгэх, хандивлах хүсэлтэй иргэд рүү зөвшөөрч байгаа эсэхийг баталгаажуулах мессеж явуулна.
Бид цаашид хандлагаа өөрчлөх ёстой. Эрүүл мэнд, боловсрол, агаарын бохирдолд зарцуулж, хувь нэмрээ оруулах боломжтой. Үүнийг хэвшүүлэх эхний санал асуулга амжилттай боллоо. Өнөөдөр Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн ногдол ашгаа Хөгжлийн санд хандивлах сонголтыг хийсэн. Цаашдаа Үндэсний баялгийн сангийн хуульд тодорхой өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна. Хуримтлалын сангийн мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулна. Хэрвээ та хүүхдийн мөнгө, бусад халамжаа Хуримтлалын сан руу шилжүүлье гэвэл бодлогын хүү тооцогдож, хадгалж болдог болно. Цагаан сарын өмнө ажлын хэсэг ажиллаж, иргэдэд сонголтуудыг өгч байгаа юм. Төлбөрийн карт, хадгаламжийн дэвтэр, виртуал дансны сонголтыг иргэд сонгож болно. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаж, ирэх дөрөвдүгээр сард дараагийн ногдол ашгийг тараана.
УХААХУДАГТАЙ ХОЛБООТОЙ УИХ-Д ЗАСГИЙН ГАЗРААС ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬЖ, ХЭЛЭЛЦҮҮЛНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ордыг ашиглах ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуй нэгжид олгосон асуудлаар УИХ, Засгийн газраас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Засгийн газраас холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж, УИХ-д танилцуулахаар болж байна. Ажлын хэсгийн хүрээнд байгуулагдсан цагаас олон асуудлыг судаллаа. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Үйлдвэр, худалдааны сайд "Энержи Ресурс" компанитай гарын үсэг зурсан 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэх баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон хууль бус зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, "Энержи ресурс" компанитай гэрээ байгуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн үйлдэл болжээ.
Энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гаргаж, Тавантолгой орд газар тэр дундаа "Энержи ресурс" компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбайг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулсан байхад энэ ордын талаар гэрээ хийж, хэн нэгэн этгээдэд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайдад байгаагүй. Тэгээд ч энэ үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үзэхэд тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд энэ асуудлыг судалж, Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгож байжээ. Мөн энэ асуудлыг эргэн шийдвэрлүүлэхийг УИХ-аас Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн байхад энэ бүх процессыг зөрчиж, шийдвэр гаргасан байна.
Тэгэхээр УИХ-ын 2007 оны тогтоол биелээгүй, өдийг хүртэл зөрчигдөж явсан байна. Тэр байтугай зарим нэг шалгах ёстой нөхцөл байдлууд тодорч байна.
Анх энэ лицензийг албан тушаал эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, өөртөө авсан байж болзошгүй асуудал. Өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй. Харин Тавантолгойн орд газрын Ухаахудагтай холбоотой УИХ-д Засгийн газраас тогтоолын төсөл өргөн барьж, хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. "Энержи ресурс" компанитай байгуулсан гэх гэрээний хувь нь Монголын төрд байхгүй байна. Архиваас хайгаад олдохгүй байна. Энэ гэрээг ярихыг хүсдэггүй хэсэг бүлэг хүмүүс байна. Улсад учруулсан хохирол гэж авч үзвэл эрүүгийн хэрэг үүснэ. Энд төрийн албан тушаалтнуудын буруутай үйлдэл, алдааны тухай ярьж байна. Хувийн өмч, хөрөнгө оруулсан компанийн талаар ямар нэгэн дүгнэлтийг хийгээгүй. Ямар хэмжээний ашиг олж, татвар төлсөн, буцаан олголт хийсэн талаар ерөнхий мэдээллийг тодруулсан. Хувийн аж ахуйн нэгжтэй холбоотой асуудал биш. Өөрсдийн эрх мэдлээ ашиглаж, урвуулсан тодорхой асуудлаас үүдсэн асуудал.
Сэтгэгдэл (0)