Эх орон

Цаг хугацааны урсгалд үйл явдлуудын үр нөлөө янз бүр байх. Зарим үйл явдал бүхэл бүтэн улс үндэстний хувь заяаг эргүүлж байдаг. Өнөөдрөөс 108 жилийн өмнө Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж Манжийн Чин гүрнээс тусгаар болсноо зарлан тунхагласан. ХХ зууны туршид үргэлжилсэн Тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхийн төлөөх бүх үйл хэргийн үндсийг тэнд эхлүүлсэн. Яг тэр цаг өдрүүдэд мөн Хятадын дотоодод Цин гүрний төрийг түлхэн унагаах Сун Ятсэн тэргүүтэй хувьсгалчид бүгд найрамдах улс байгуулахаар зэхэж байв. Улмаар 1912 оны 1 сарын 1-нд Дундад Иргэн Улс байгуулагдсаныг зарласан. Түүхэнд “хэрвээ” гэсэн ойлголт байдаггүй гэдэг. Гэхдээ л 3 өдрийн өмнө амжиж тусгаар тогтнолоо зарлаагүй бол Монголчууд бидний хувь заяа хэрхэх байсан бол … Улс үндэстний хувьд дахин сэргэн мандахын итгэл найдварын галыг бадраасан энэ өдөр Монголчууд бидний эргэн санах, зүй ёсны тэмдэглэлт баярын өдөр.

Ийн өнгөрсөн түүхийн талаар бодох зуур яагаад ч юм “Эх орон” хэмээх үгний агуулгын талаар хэсэгтээ бодож, эргэцүүлэв. Бид Монгол хэлэндээ Эх орон гэдэг үгийг ямар утга агуулгын хэмжээнд сэтгэж, хэр түгээмэл хэрэглэдэг, бусад улс орнууд эх хэлэндээ чухам ямар үг хэрэглэж түүгээр ямар агуулгыг багтаадаг талаар “бяцхан” судалгаа хийж үзэв. Монголчууд бид уул тал, гол мөрөн, говь хангайгаа хараад улс минь гэдэггүй. Гадаад оронд сурч, ажиллаж яваад он цагийг элээхдээ, нутгаа санаад санаа алдахдаа улс минь гэж ярьдаггүй. Бид түүхээ уншин бахдахдаа улс минь гэж хэлдэггүй. Бид Эх орон минь гэж зүрхэндээ хэлдэг.

Ингэхэд бид яагаад “Эх орон” гэж үгийг хэрэглэдэг вэ? Үүнд ямар агуулга байна?

Эх орон гэдэг үгний тухай зарим хэлээр интернет ухлаа. Гайхалтай зүйл болсон мэтээр догдлон баясав.

Зарим орны хэл дээр эх орон гэх ойлголт хэрхэн хэлэгддэг талаар харьцуулахад лав Англи хэлэнд fatherland (эцэг орон), motherland (эх орон), homeland (гэр орон) гэсэн үгсүүд байх. Ямар нэг байдлаар эдгээр үгсүүд англи хэлэнд хэрэглэгддэг ч бид Монгол хэлэнд “Эх орон” гэж хэлдэг шиг түгээмэл хэрэглэхгүй. Харин “country” буюу “улс” хэмээх үгийг нийтлэг хэрэглэнэ. Тухайлбал Жон Кеннедигийн “Эх орон танд юу өгөх вэ бус та эх орны төлөө юу хийж чадах вэ гэж асуу...” гэх илтгэлд “country” буюу “улс” гэх үгийг хэрэглэдэг.

Хятад хэлэнд “祖国” (zu guo) буюу “өвөг дээдсийн орон” гэдэг үгийг бидний эх орон гэхтэй адил түгээмэл хэрэглэнэ.

Франц хэлэнд “La mère patrie” буюу яг л эх орон хэмээх үг байна. Гэвч “patrie” гэх үг patria гэх аав, эцэг гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Тэгэхээр үгчлэн орчуулбал “Эх эцэг-орон” гэсэн агуулга харагдана. Энэ нь Испани хэлэнд мөн адил. Герман хэлэнд “mutterland” гэх яг эх орон гэсэн үг байна.

Орос хэлэнд “Родина” буюу эх орон гэж үг байна. Харин “Великая отечественная война” гэдгийг “Агуу их эх орны дайн” гэж орчуулдаг ч үүнд “отечество” буюу “эцэг” язгууртай үгийг хэрэглэдэг.

Өнгөрсөн түүхэнд аливаа үндэстнүүдийн хувьд эцэг өвгөд нь газар нутгийнхаа төлөө тулалдан тэмцэлдэж ээжүүд түүнийг үрээс үрд өртөөлүүлэх түүхэн хариуцлагыг тээж явдаг шиг. Эндээс “Эх орон” эсвэл зарим хэлэнд “Эх эцэг-орон” гэх үгс бий болсон биз. Тиймээс улс гэх үгэнд газар нутаг, хил хязгаар, түүнд орших ард түмэн, төр ба тэдний баялгийг илэрхийлдэг бол эх орон гэдэгт нэмээд өнгөрсөн, одоо, ирээдүйг холбох тэдгээрийн түүхэн хэлхээ хариуцлага, утга учрыг багтаадаг бололтой. Ялангуяа өөрийн түүхтэй үндэстэн-улсын хувьд “Эх орон” гэх үг гүнзгий агуулгатай, түгээмэл хэрэглэгддэг байж болох юм.

 

Хүн эх оронтой байх сайхаан. Эх оронд маань асуудал байх тусам , түүний төлөө бодол хурах тусам энэ бүгд биднийг эх оронтой гэдгийг, ирээдүйд өнөөдрөөс сайхан эх орныг өртөөлүүлэх түүхэн үүргийг мэдрүүлж байдаг шиг. Тэр мэдрэмж, бодол, үйл хэрэг өөрөө хүний амьдралыг мөн утга учиртай, зорилготой болгодог биз. Өнөөдөр эх оронд маань ямар ч "зовлон" оршин байвч өвөг дээдсийн туулж өнгөрүүлсэн буурал түүхийн хажууд өчүүхэн билээ. ХХ зууны Монголчуудын үндсэн зорилго Тусгаар тогтнолоо сэргээн мандуулах, бататган бэхжүүлэх байсаан. Түүндээ хүрсэн.Тэгвэл энэ цаг дор та бидний өмнө эх орны төлөөх ямар түүхэн хариуцлага байна?

 

Эргэцүүллийг өөрт тань үлдээе.

 

Б.Түвшин

2019 оны 12 дугаар сарын 29

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)