“Хуралдай” зөвлөлдөх танхим анхны хурлаа хийлээ
- 2020-10-21
- Улс төр
- 0
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн Их хуралдай зөвлөлдөх танхимыг байгуулсан билээ. Уг зөвлөлдөх танхим өнөөдөр /2020.10.21/ анхны зөвлөлдөх уулзалтаа хийлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар 2020.09.22-нд хийсэн уулзалтаас гарсан саналуудын дагуу хийж буй ажлуудын талаар товч мэдээлэл өглөө. Үүний дараа Хуралдай зөвлөлдөх танхимын дүрмийн төслийн талаар хэлэлцэж, гишүүд саналаа хэллээ. Үйл ажиллагааны чиглэл, бүтэц зохион байгуулалтын талаар ярилцаж, улиралд нэгээс доошгүй уулзаж зөвлөлдөж байх нь зүйтэй хэмээн үе үеийн УИХ-ын дарга нар үзлээ. Танхимын гишүүдийн гаргасан саналуудыг нэгтгэн тусгаж дүрмийн төслийг хүргүүлэхээр боллоо.
Үүнээс гадна Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлын талаар УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан танилцуулсан юм. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Парламентын судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргаж эхэлсэн “Мэдээлэл судалгаа’’ сэтгүүлийн талаар танилцуулж, санал солилцсноор өнөөдрийн уулзалт өндөрлөв.
Ташрамд дурдахад үе үеийн Улсын Их Хурлын дарга нарын Хуралдай зөвлөлдөх танхим нь Монгол Улсын Парламентын тогтолцоог бэхжүүлэх, парламентат ёсыг төлөвшүүлэх, судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлаар үе үеийн УИХ-ын дарга нар санал бодлоо солилцох, ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллах сайн дурын механиз билээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл (0)