Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа

Эрхэм хүндэт ерөнхийлөгч танд энэ өдрийн мэнд хүргэе. 

“Шударга ёс-Хариуцлагатай төр-Шударга нийгэм”-ийг бий болгохын тулд шударга шүүх, прокурорын байгууллагыг байгуулахын төлөө ажиллана хэмээн Та эрхэм зорилгоо тодорхойлсныг санаж байна. Таны дэвшүүлсэн хөгжлийн энэ бодлогыг иргэн хүнийхээ хувьд, байгууллагынхаа хувьд бид бүхэн дэмжиж ажилласаар ирлээ. Нийгэмд шударга ёсыг тогтоох, авлигагүй, ёс зүйтэй нийгмийг цогцлоон бий болгоход зөвхөн улс төрчдийн үүрэг биш бүх иргэд, ААН, албан байгууллагын үүрэг гэж ойлгодог. Монгол Улсын шүүх, прокурор, хуулийн байгууллагад ажиллаж буй олон зуун шударга төрийн албан хаагчид үүргээ нэр төртэй биелүүлж явдгийг бид үгүйсгэхгүй. Гэвч “сайны хажуугаар саар” гэгчээр хээл хахууль, авлигад идэгдсэн зарим улс төрчдийн гар хөл болсон, хуулийг уландаа гишгэсэн, ёс зүйгүй шүүгч, прокуроруудаас салах цаг болсныг өнөөгийн нийгэм, улс төрийн уур амьсгал, ард түмний бодит амьдрал илт харуулж байна. 

Бодит амьдрал дээр манай улсын шүүх, прокурор, хууль хяналтын байгууллага болон төрд ажиллаж буй зарим төрийн албан хаагчид улс төрчдөөс гадна эрх мэдэл бүхий төрийн өндөр албан тушаалтнуудтай хамтран хуйвалдаж, хууль дүрэм зөрчиж, шударга бус үйл ажиллагаа явуулж, иргэд болон ААН байгууллагыг хэрхэн хохироодог талаар баримттай дурдья. Үүний нэг тод жишээ болох “Богд Асар” ХХК-ийг олон жил хохироож байгаа талаар таны сонорт аргагүйн эрхэнд дахин хүргэхээр хандаж байна.

Манай компани 2007 онд хуулийн дагуу төсөл сонгон шалгаруулах зарчмаар Хан-Уул дүүргийн 8-р хорооны /хуучнаар 10-р хороо/ нутаг дэвсгэрт Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд байршуулан 25,0 га газар эзэмшиж, улмаар дуудлага худалдааны анхны үнэ болох 3,3 тэрбум төгрөгийг бүрэн төлж, энгийн нэг бизнес эрхлэгчдийн шударгаар хөдөлмөрлөж олж авсан хуримтлал, зээл, зарим нь өөрийн байр орон сууцаа хүртэл банкны барьцаанд тавьж хөрөнгө оруулж авсан газар юм. 

Гэтэл “Туурайн төвөргөөн” ХХК-г 2006 онд газар эзэмших ямар нэгэн өргөдөл гаргаагүй байхад Нийслэлээс Газрын тухай хууль, журмуудыг зөрчиж, илт хууль бусаар ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр ХУД-ийн 6, 7-р хорооны нутаг дэвсгэрт 140,0 га газрыг бүхлээр нь шууд эзэмшүүлэхээр захирамж гаргаж гэр хорооллын иргэд болон бусдын газартай давхцуулж олгосон байдаг. “Туурайн төвөргөөн” ХХК-д газар олгосон үйл ажиллагааг дүгнэвэл, газрын хувийн хэрэг байхгүй, газар олгож өгөх хүсэлт байхгүй, кадастрын зураггүй, 2006 онд гэрчилгээ олгож, 2007 онд гэрээ байгуулсан, бүртгэлд ороогүй зэрэг нь анхнаасаа хууль бус байсныг гэрчилдэг. Энэхүү хууль бус ажиллагаагаа зөвтгөхийн тулд Нийслэлийн Засаг Дарга асан Г.Мөнхбаяр, Газрын албаны дарга асан Ц.Сандуй нар кадастрын зургийг хуурамчаар үйлдүүлж, ХУД-ийн 6,7-р хороонд олгосон газраа 10-р хороо руу шилжүүлж, хугацаа сунган зориулалтыг өөрчлөн 908 тоот захирамжийг нууцаар гаргахдаа манай “Богд Асар” ХХК-ийн 25,0 га газрыг 140,0 га-д оруулж давхцуулсан захирамж гаргасан нь баримтаар нотлогдож, ил болсон юм. 

Уг газар нь дуудлага худалдааны анхны үнэ тооцох аргачлалаар тооцон үзэхэд 18,48 тэрбум төгрөг ногдохоор байхад 6 дахин бага үнээр буюу 3,6 тэрбум төгрөгөөр тогтоосон, түүнээс дөнгөж 1,1 тэрбум төгрөг төлүүлсэн байдаг.

Энэ газар дээр бүтээн байгуулалт хийх биш харин ч бүр газрыг хэсэгчлэн зарж, 5,0 га газрыг НИТХ-ын дарга асан “60 тэрбум”-ын гэх тодотголтой Ц.Сандуй “Маймонсоорс” ХХК-д зарж, газрын наймаа хийсэн, Нийслэлийн Засаг Дарга асан С.Амарсайхан 15,0 га газарт тусад нь кадастрын зураглал хийлгэн 1,0 га газрыг 1,3 тэрбум төгрөгөөр үнэлэн зарахаар бусдад санал болгож байсан бол өнөөдөр уг газрыг хэсэгчлэн хувааж, 10 гаруй компанийн нэр дээр тусад нь салгаж, Гэрээ Гэрчилгээ гаргуулахаар хууль бус ажиллагаа явуулж байна.

Мөн “Туурайн төвөргөөн” ХХК-д олгосон гэх 140,0 га газар нь Богдхан уулын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарч байдаг бөгөөд тухайн хэсэгт найман айлын газартай давхцуулсан байсныг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газраас тогтоожээ. Энэхүү газрын маргаан 14 жилийн турш үргэлжилж, энэ хугацаанд шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагуудын хууль бус, ёс зүйгүй үйлдэл эрээ цээрээ алдаж, ямар ч хамаагүй аргаар “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газрын эрхийг өгч, баталгаажуулахаар улайрч байгаа нь илт байна. 

  1. Үе үеийн Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр, С.Амарсайхан, Газрын албаны дарга асан Ц.Сандуй нарын “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газар олгосон бөгөөд түүнийхээ төлөө тухайн газрыг 5,0 га, 15,0 га-аар авлигад авч, бусдад 1,2-1,3 тэрбум төгрөгөөр худалдан газрын наймаа хийж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа хууль бус үйлдлийг Прокурор, АТГ-ын удирдлагын зүгээс шалгахаас татгалзаж, хэргийг хаасан. 
  2. Нийслэл дэх ЗХАШШ-ийн шүүгч Н.Долгорсүрэн, М.Батзориг, ЗХДЗШШ-ийн шүүгч Э.Лхагвасүрэн, Д.Батбаатар, УДШ-ийн Захиргааны хэргийн Танхимын тэргүүн М.Батсуурь, Л.Атарцэцэг /одоо ШЕЗ-ийн гишүүн/, нар нь “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газар олгохын тулд шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолдоо огт байхгүй, болоогүй үйл явдлыг дүгнэлт хэлбэрээр бичиж, түүндээ үндэслэн тухайн газар анхнаасаа “Туурайн төвөргөөн” ХХК-д олгогдсон гэх дүгнэлт хийж, манай компанид өөр газар олгогдсон гэсэн ор үндэсгүй худал зүйл бичдэг. 
  3. Шүүгчийн ёс зүйн хороонд ЗХАШШ-ийн шүүгч Н.Долгорсүрэнгийн асуудлаар удаа дараа хандсан боловч тухайн асуудлыг шалгалгүй, хэрэг үүсгэхээс татгалздаг. Тухайлбал, шүүгч Н.Долгорсүрэн нь “Туурайн төвөргөөн” ХХК-ийн захирал Ж.Бямбабаатартай найз бөгөөд түүнээс орон сууцны байр авсан мэдээллийг АТГ-т өгсөн ч Нийслэлийн прокурорын газар, АТГ-аас шалгалгүй хэргийг хаасан. Мөн шүүгч Н.Долгорсүрэн нь дээрх асуудлыг “Туурайн төвөргөөн” ХХК-ийн талд шийдвэрлэсэн нь тухайн үеийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн даргын захиалгаар хийж, шанд нь богино хугацаанд Анхан шатны шүүхийн шүүгчээс Давж заалдах шатны шүүгч болсон бөгөөд тухайн асуудлыг шалгуулах гомдлыг НПГ-т өгсөн ч шалгаагүй.  

Хэдийгээр өнгөн дээрээ зөвхөн “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газрыг бүхлээр нь олгосон мэт харагдаж байгаа ч цаанаа улстөрчид, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, одоо хашиж буй албан тушаалтнуудын нэрс байнга холбогддог нь анхаарал татдаг. Эдгээр нь ҮАБЗ-ийн дарга асан А.Гансүх, Нийслэлийн Засаг Дарга асан Г.Мөнхбаяр, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, Газрын албаны орлогч дарга асан М.Батсайхан, Нийслэлийн Засаг Дарга асан С.Амарсайхан, хуулийн зөвлөх Р.Батрагчаа, хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал, 1-р орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Газрын Албаны орлогч дарга М.Шижирбаяр, кадастрын ахлах мэргэжилтэн Ц.Шижир нар гар бие оролцсон байдаг. 

Харин одоо энэхүү хууль бус ажиллагааг Нийслэлийн Засаг Дарга Д.Сумъяабазар, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, хуулийн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар үргэлжлүүлж, манай “Богд Асар” ХХК-д өмнө олгосон НЗД болон шүүхийн шийдвэрт заагдсан байршлаас өөр газар ХУД-ийн 21-р хороонд Морингийн даваанд 25,0 га газар олгосон гэх захирамжийг газрын албанд мэдэгдэлгүйгээр гаргасан. Ингэснээрээ “Туурайн төвөргөөн” ХХК-ийн хууль бус дээрмийн ажиллагааг хамгаалж, манай компанийг санаатайгаар хохироож байна. Тухайн газарт бодит байдалд сул чөлөөтэй газар байхгүй, кадастрын зураггүй тул тус захирамж нь бодит хөрсөнд буугаагүй “агаар”-ын шинжтэй байгаа нь бид бүхнийг басамжлан доромжилсон байдлаар гаргасан нь илт байна. 

Энэхүү хууль бус ажиллагаанд Монгол Ардын Намын хэсэг бүлэг хүмүүс оролцож шүүх, прокурор, АТГ-тай хуйвалдан газрын наймаа хийж байгаа нь бодит үнэн. 

Нийслэлийн Засаг дарга, Газрын албаны нэр бүхий дарга нар нийслэлд бүтээн байгуулалт хийх гэсэн олон иргэн, ААН-ийн хүсэл зорилгыг хясан боогдуулж, улмаар “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газрыг олгож, түүнээсээ хэсэгчлэн авлигад авч, бусдад 1,2-1,3 тэрбум төгрөгөөр худалдан хууль бусаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, үүнээс үүдэж газрын болон орон сууцны үнийг өсгөж байгаа бусармаг үйлдэл нь бидний мэдэж байгаа тод жишээ юм. Манай компани 25,0 га газраа алдаж, 3,3 тэрбум төгрөгөөрөө 14 жилийн хугацаанд хийх бүтээн байгуулалт, орлогоороо үлэмж ихээр хохирч байна.   

Таныг Ерөнхий сайд, МАН-ын даргаар ажиллаж байх үед танд удаа дараа хандаж, та асуудлыг шийдвэрлэхийг НЗД-д үүрэг болгосон ч анхан, дунд шатанд хэрэгжихгүй замхарч, ямар ч үр дүн гарсангүй өдийг хүрлээ. 

Монгол улсын хөгжил, цэцэглэлт нь хот, хөдөөгийн хөгжил түүний дотор газрын үнэ цэнэ, газрыг шударгаар хувьчилж баялгаа болгон авсан иргэд, байгууллагын баялагтаа хэрхэн эзэн болж байгаагаас ихээхэн хамаарах нь дамжиггүй. Энэ нь Монгол улсын олон улс дахь нэр хүндэд ихээхэн хамаатай бөгөөд авлигын индексийг бууруулахад газрын хууль бус наймаатай таны хийх тэмцэлд чухал нөлөөтэй тул бид танд дахин хандаж байна. Бид Монгол улсын эцэг болсон ерөнхийлөгч хүний тань хувьд биечлэн уулзаж учир байдлыг өөрсдөө тайлбарлах шаардлагатай байна. Иймд та уулзалтын цаг товлож өгөхийг гүнээ хүсэж байна. Бид олон дарга, албан тушаалтанд албан ёсоор хандаж байгаа боловч дунд шатны албан тушаалтангууд асуудлыг дарга нартаа тайлбарлаж, танилцуулахдаа үнэн бодит мэдээллийг гуйвуулан газрын луйварчдын талд ашигтайгаар тайлбар хийгээд байгаа юм. Бидний хандах сүүлчийн хүн болох танд мөн тийм байдлаар тайлбар хийх магадлал өндөр байгаа тул бид биеэр уулзахыг хүсэж байна.   

Цаашид шударга ёс, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль ёсны эрхээ нэр төртэйгөөр хамгаалуулж чадах чадамжтай шударга шүүхээр үйлчлүүлэх эрхээ хангуулахыг хүсэж байна. Монгол улсад ийм тодорхой авлигын хэргийг шийдвэрлэх шударга шүүх, төрийн институцүүд байхгүй бол бид энэ асуудлыг авлига, мөнгө угаахтай тэмцдэг олон улсын байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдалд орж байна.

Бид хууль, шударга ёс, үнэн ялна гэдэгт итгэж явдаг жирийн ажил хэрэгч хүмүүс. Та нэр бүхий албан тушаалтнуудын хууль бус, бусармаг ажиллагааг таслан зогсоож, манай хуулийн дагуу худалдаж авсан газрыг маань баталгаажуулж өгөх талаар арга хэмжээ авч өгөхийг гүнээ хүсье.

Танд ажлын өндөр амжилт хүсье. 

ЗАХИРАЛ Д.АНХЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)