Цалингийн өгөөжийг өсгөе

Сард хоёр хувааж авдаг цалин нь өрхийн хэрэглээгээ хангах байтугай, өөрийн хэрэгцээнд ч хүрэлцдэггүй. Цалингаас давсан зарлагаа зээл авах байдлаар нөхөж, аргацаадгаа бид “цалин орлоо, халин одлоо” гэж элэглэн, хошигноцгоодог. Эмгэнэлтэй нь, энэ нь ажил хийж, цалингаараа амьдралаа залгуулж байгаа дийлэнх монголчуудын нийтлэг төрх.

Цалин, өрхийн орлогын хамаарал

2024 оны III улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.7 сая төгрөг байгаагийн 55.6 хувь буюу 1.4 сая төгрөгийг цалин хөлс эзэлж байна. Бүлгээр нь харвал бага орлоготой өрхүүдэд цалингийн орлого бага, тэтгэвэр тэтгэмжийн орлого өндөр байгаа бол эсрэгээрээ өрхийн мөнгөн орлого нэмэгдэхийн хэрээр цалин хөлсний орлогын өрхийн орлогод эзлэх хувь өсөж, тэтгэвэр тэтгэмжийн орлого буурчээ. Тухайлбал сард 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 47.8 хувийг, 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 62.8 хувийг цалин хөлс бүрдүүлжээ.

Цалин нэмэгдвэл өрхийн орлого өсөж, иргэдийн амьдралын чанар сайжрахаар харагдаж байгаа ч бүтээмжид суурилаагүй цалингийн өсөлт, үнийн өсөлтийг бий болдог. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төрөөс төрийн албан хаагчдын цалинг удаа дараа нэмсэн нь барааны үнэ, инфляц өсөх шалтгаан болсон. Улсын дундаж цалин 2024 оны III улирлын байдлаар 2.5 сая төгрөгт хүрч, жилийн дотор 23 хувиар нэмэгдсэн. Цалин нэмэгдсэн ч иргэдэд төдийлөн мэдрэгдэхгүй байгаа нь үнийн өсөлт нь цалингийн өсөлтөөсөө дутахгүй байсантай холбоотой.

Өсөлт дагасан өсөлт

Нэрлэсэн цалингийн өсөлтийг инфляц бууруулдаг бол бодит цалингийн хэмжээг татвар, шимтгэл багасгадаг. Цалин нэмэх нь зөвхөн нэрлэсэн цалингийн дүнгээр зардал өсгөдөггүй. Түүнд ногдуулж байгаа татвар, нийгмийн даатгалын шимтгэлтэйгээ нийлээд ажил олгогчид зардал, ажилтанд суутгалын нэмэгдлээр нөлөөлдөг.

Цалингийн өгөөжийг өсгөе

Харин 3 сая төгрөгийн цалинтай бол хүн гар дээрээ 2.4 сая төгрөг, 5 сая төгрөгийн цалинтай бол 4 сая төгрөгийн цалин авна гээд цалин өсөхийн хэрээр татвар, НДШ-д төлж байгаа мөнгөн дүн нэмэгдэнэ.

Ингээд гарт олгогдсон энэ цалингаараа ууж, идэх, өмсөж, зүүх, хэрэглэх гээд бүхий л хэрэгцээгээ хангах шаардлагатай нүүр тулна. Нөгөө талд 1 сая төгрөгийг цалинг ажилтандаа өгөхийн тулд ажил олгогч 1 сая 125 мянган төгрөгийн зардал гаргадаг бол 3 сая төгрөгийн цалинд 3 сая 375 мянган төгрөг, 5 сая төгрөгт 5 сая 625 мянган төгрөгийн зардал гаргадаг. Тэгэхээр ажилтныхаа цалин нэмэх хэмжээнээс гадна ажил олгогчдын улсад төлөх татвар, НДШ-ийн хувь хэмжээ давхар зардал болж нэмэгддэг учраас цалин нэмэх асуудалд ёозгүй ханддаг ажил олгогчдыг буруутгах аргагүй.

ХХОАТ-ын үр нөлөө

Бидний амьдралд хүрдэггүй ч цалингаасаа сар бүр өгч байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрт гарахад амьдрах баталгаа болно гэж итгэж, өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт гэж бодъё. Тэгвэл хөдөлмөр эрхэлж, цалин авч, олж байгаа орлогоосоо хуульд заасан 10 хувиар төлж байгаа ХХОАТ нь шийтгэл аятай санагдана.

Олон улсад ХХОАТ нь улсын төсвийнхөө 20 орчим хувийг бүрдүүлдэг бол манай улсад энэ үзүүлэлт 2023 оны байдлаар 8.3 хувьтай байна. Тэр дундаа ХХОАТ-ын 70 гаруй хувийг та бидний цалингаасаа 10 хувиар тооцож төлдөг, цалингийн орлого бүрдүүлж байна. Улс орнууд төсвийн орлогод чухал үүрэгтэй энэ татварыг шаталсан хувь хэмжээгээр ногдуулдаг жишиг бий. Манай улс ч энэ чиглэлд бодлогоо чиглүүлэхээр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд 2022 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр 2023 оноос цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэр дүн жилдээ 0-120 сая төгрөг бол 10 хувиар, 120-180 сая төгрөг бол 15 хувиар, 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар тооцон албан татвар ногдуулж эхлэв. Энэ өөрчлөлт нь өндөр орлоготой цөөн тооны иргэдэд хамааралтай гэж шийдвэр гаргагчид тухайн үед тайлбарлаж байсан. Гэхдээ илүү боловсрол эзэмшиж, өндөр ур чадвар эзэмшиж чадсанаараа дунджаас ахиу цалин авсных төлөө нь тэдэнд өгч байгаа шийтгэл аятай, шударга бус өөрчлөлт гэж дүгнэх хүн цөөнгүй бий.

Бодит дэмжлэг

ХХОАТ төлснөөр анх удаа амьдран суух зориулалтын орон сууц худалдан авсан, барьсан болон дотоод, гадаадад сурсан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн сарын орлого 3 сая төгрөгөөс доош иргэдийн хувьд цалингийн хэмжээнээс хамаарч 10-20 мянган төгрөг хүртэлх хэмжээгээр татвараас хөнгөлдөг. Юмны үнэ тэнгэрт хадсан энэ үед хөнгөлөлт гэж байгаа энэ үнийн дүн инээдэм.

Цалингийн өгөөжийг өсгөе

СЭЗИС-ийн ахлах багш Ч.Өнөржаргал

"Цалин хөлс нь амьдралд хүрэлцээтэй бол гадагшаа явж ажиллахгүйгээр эх орондоо ажил хийгээд амьдрах сонирхол хүмүүст байдаг. Ажил олгогчдын хувьд бизнесийн болоод үйлдвэрлэл явуулах зардал өндөр байдгаас цалин нэмэх боломж хомс. Нөгөө талаар цалин хөдөлмөрийн хөлсөнд ногдуулж байгаа татвар, шимтгэлийн хэмжээ өндөр байна. Ажил хийж байгаа хүнд цалингийн нэг төгрөгт 10 хувиар тооцож Хувь хүний орлогын татвар авч байна. Улсаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой давтамжтай, тооцоо судалгаатайгаар тооцож, тогтоодог. Тэгвэл орлогын хэмжээнээс үл хамааран ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүний цалингаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэх хэмжээг татвараас чөлөөлж, татваргүйгээр тодорхой хэмжээний цалингийн орлогоо авах боломжийг ихэнх улс иргэддээ олгодог. Жишээлбэл, БНХАУ 5000 юанийн цалинг татвараас чөлөөлдөг. Мөн орон сууцны урьдчилгаанд зориулсан санд хуримтлуулсан мөнгө, эцэг эхээ асрах, биеэ эмчлүүлэх зардал гээд олон зардлуудыг хасаад татвар ногдуулдаг. Манайд ч мөн тодорхой хэмжээний орлогыг татвараас чөлөөлж, цалинд ногдох шимтгэл, суутгалын хэмжээг бууруулах боломжтой гэж үзэж байна."

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат

"10 сая төгрөгийн цалин авч байгаа хүн, 1 сая төгрөгийн цалин авч байгаа хүнээс суутгах татварын хувь хэмжээ ижил байгаа нь шударга бус. Дэлхийн улс орнуудад тухайн хүний авч байгаа цалин хөлсний орлогыг гэр бүлийн гишүүдийн тоотой харьцуулж авч үздэг. Хэрвээ цалин хөлсний орлогын гэр бүлийн нэг хүнд ногдож байгаа хэмжээ нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур байвал татвараас хөнгөлдөг. Энэ жишгээр манай улсад 5 ам бүлтэй өрх 2 сая 250 мянган төгрөгийн орлоготой байж гэр бүлийнхээ гишүүдийн наад захын хэрэгцээг хангах боломжтой болно. Үүнээс доогуур орлоготой өрхөөс татвар авахгүй, эсрэгээсээ тухайн өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлогыг төрөөс хэрэгжүүлэх учиртай."

ААНОАТ-ын хуулиар компаниуд татвараа 90 хувь хөнгөлүүлээд 1 хувиар татвар төлөх боломжтой. Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд орлогын хэмжээ заахгүйгээр ибаримт өгсөн үнийн дүнгээр тооцож 1 хувиар ХХОАТ төлөх боломжийг хуулиар нээсэн. Гэхдээ хувиараа бизнес эрхлэгчийн төлж байгаа энэ татварын хэмжээ нь орлогын татварын 10 хувьд ч хүрэхгүй байна. Цаашид Татварын багц хуулийн шинэчлэлд татвар, шимтгэлийг хуулийн дагуу төлж, үүргээ биелүүлдэг, цалингийн орлогоороо амьдралаа залгуулдаг хүмүүст чиглүүлэх нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг хөшүүрэг болох юм.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)