Оюу толгой ордын говийн бүсийн газрын гүний ус ашиглалтад онцгой анхаарах нь зүйтэй гэж үзэв

Улсын Их Хурлын “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаанаар “Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсов.

Тайланг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Ганбаатар танилцуулав. Тэрбээр, Ажлын дэд хэсэг Оюу толгой төслийн усны нөөц ба ус ашиглалт, газрын доорх усны хяналт мониторинг, баяжуулах үйлдвэрийн технологийн хэрэглээний ус, хаягдлын сан болон хаягдал усны эргэлтийн систем, ус савлах, цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагаа, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, дулааны станцын үйл ажиллагаа, Ундайн голын голдирлын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт мөн тусгай зөвшөөрөл, химийн хорт болон аюултай бодисын агуулахын ашиглалт, стандартын байдалтай газар дээр нь очиж танилцсан. 

Ажлын хэсгийн хуралдаанаар Ажлын дэд хэсгийн тайланг хэлэлцээд Түр хорооноос Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөл, Түр хорооноос “Оюу толгой” ХХК-д явуулах “Хууль тогтоомжийн зөрчил арилгуулах тухай” албан бичгийн төслийг Түр хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. 

Түр хорооны тогтоолын төслийг Усны тухай болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан, боловсронгуй болгох, Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд боловсруулсан. 

Албан бичгийн төсөлд Монгол Улсын Их Хурлын “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 2019 оны 92 дугаар тогтоолын 1.5-д заасан байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг дахин хийлгэх заалтыг биелүүлээгүй, одоо болтол Засгийн газарт танилцуулаагүй байгааг дурдаад энэхүү үнэлгээг ашиг сонирхлын зөрчилгүй, олон улсын хөндлөнгийн байгууллагаар хийлгэж үр дүнг тайлагнах зэрэг 27 ажлын чиглэлийг тусгасан гэв.

Танилцуулагтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд усны төлбөртэй холбогдуулан ажлын хэсгийн гишүүдээс тодруулга авахын зэрэгцээ Түр хорооноос боловсруулсан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гаргах тухай санал хэлж байв. Мөн зарим аж ахуйн нэгж байгууллага ус ашигласны төлбөрөө одоог хүртэл хийгээгүй байгааг шүүмжилж байв. Иймд төлбөрийг нэн яаралтай барагдуулах, өмнө нь хөнгөлсөн, чөлөөлсөн хураамжийг нөхөн төлүүлэхийг тогтоолын төсөлд тусгах тухай санал хэлж байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулсан Түр хороо сайн ажилласан болохыг тодотгож байв.

Ийнхүү тайланг сонссоны дараа Усны тухай болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан, боловсронгуй болгох талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Түр хорооны тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувийн саналаар дэмжигдлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн тус түр хорооны ажилласан байдлын талаарх товч танилцуулга хийв. Тэрбээр, 23 гишүүнтэй тус Түр хороо хоёр чуулганы хугацаанд ажиллаж, өнөөдөр сүүлийн хуралдаанаа хийж байна. Түр хороо ажиллах хугацаандаа 7 удаа нээлттэй, 4 удаа хаалттай хуралдаж, мөн Засгийн газарт нийт 4 удаа чиглэл өгч ажилласан. Тухайлбал, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах; Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах; Дубайн гэрээг хүчингүй болгох зэрэг ажлуудыг хийсэн. Эдгээр ажлуудыг хийснээр Оюу толгой төслийн  Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх боломж бүрдсэн. Оюу толгой ордыг цаашид ашиглах нь монголчуудын хүртэх өгөөж нэмэгдэхийн сацуу хугацаа наашлах боломжтой болсон гэлээ.

Ингээд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоол болон Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувийн саналаар батлагдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (197.210.79.74)

    2022-01-19

    Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com