Эрээнд хөл хорио тогтоосон ч төмөр замын тээвэрт үүссэн хүндрэл байхгүй гэв

БНХАУ-ын Эрээн хотод КОВИД-19-ийн тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоогоод байна. Энэ нь, Замын-Үүд-Эрээн өртөөний экспорт, импортын ачаа тээврийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатараас тодрууллаа.

Тэрбээр, “Замын-Үүд-Эрээн өртөөний төмөр замаар нэвтрэх ачаа тээвэрт үүссэн хүндрэл байхгүй, галт тэрэг солилцоо хэвийн үргэлжилж байна. Бид өргөн царигаар хоногтоо 14 галт тэрэг Эрээн өртөөнд хүлээлгэн өгч, нарийн царигаар хоногт 7 галт тэрэг хүлээн авдаг. Энэ нь хоёр улсын төмөр замуудын хооронд хилийн хэлэлцээрээр тохирсны дагуу галт тэрэг солилцоо хэвийн үргэлжилж байна гэсэн үг. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-наас хойш БНХАУ дотоод дахь цар тахлын халдвараа хумих зорилгоор Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын галт тэрэг солилцоог хоногт 4 болтол нь бууруулаад байсныг та бүхэн мэднэ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд УБТЗ-ын удирдлагууд галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч БНХАУ-ын Хөх хотын төмөр замын удирдлагуудтай тогтмол цахим уулзалт хийж, албан хүсэлтүүд явуулж шаргуу ажилласны үр дүнд 2022 оны нэгдүгээр сараас хойш галт тэрэг солилцоо аажмаар сайжирч, өнөөдөр хилийн хэлэлцээрээр тохирсны дагуу хоногтоо 14 галт тэрэг солилцох хэмжээнд хүрлээ.

Энэ удаа Эрээн хотод ковид-19-ийн тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоосон ч галт тэрэг солилцоо хэвийн хэмжээнд үргэлжилж байгаа нь хоёр орны төмөр замуудын хамтын ажиллагааны үр дүн гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Мөн энэ нь, цар тахлын үед хөрш төмөр замууд халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд мөрдөн ажиллах туршлагатай болсныг ч илтгэн харуулж байгаа хэрэг юм. Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг давахад чухал үүрэгтэй галт тэрэг солилцоог хэвийн хэмжээнд хүргэхийн төлөө ажилласан УБТЗ-ын удирдлагуудын олон сарын хүчин чармайлтыг Хятад нөхөд маань ойлгон хүндэтгэж байгаа нь үүгээр харагдаж байна” гэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)