Г.Занданшатар: ХЭҮК-ын шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцуулж, ажиллах хэрэгтэй
- 2024-04-02
- Улс төр
- 0
УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос “Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-ээ танилцууллаа.
Тус комиссоос ирүүлсэн энэхүү илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар, улмаар УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлнэ.
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид илтгэлээ танилцууллаа. Тэрбээр, энэ удаагийн илтгэлийг “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал”, “Иргэний болон байгаль орчны чиглэлээр хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцооны асуудал” гэсэн долоон сэдвийн хүрээнд боловсруулсан. Тухайлбал, хүрээлэн буй орчны асуудлаар 180 улсыг хамруулсан 2022 оны индексийн үзүүлэлтээр Монгол Улс 155 дугаар байранд байна. Агаарын, хөрсний, усны бохирдол нь үндэсний болон олон улсын стандартын үзүүлэлтээр ноцтой түвшинд байгаа тул орчны чанарыг зохистой түвшинд хүргэх, аюулгүй орчны стандартын хэрэгжилтийг хангах асуудал нэн тулгамдсан болохыг илэрхийлж байна. Энэ сэдвийн хүрээнд эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрхийн хэрэгжилтийг хангахад анхаарах 14 санал дэвшүүллээ гээд бүлэг тус бүрээр нь хүний эрхийн дүгнэлтээ танилцуулж эрхийн хэрэгжилтийг хангах саналаа дэвшүүлэв. Тухайлбал, Монгол Улсын боловсролын салбарын бодлого, эрх зүйн зохицуулалтад тасралтгүй шинэчлэл хийгдэж байгаа ч хүн амын амьжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, шилжилт хөдөлгөөн, хот суурин газрын хүн амын хэт нягтрал, суурьшлын тархалтаас шалтгаалан боловсролын үйлчилгээг эрх тэгш, чанартай хүргэж чадахгүй байна.
Мөн хүүхдийн эрхийн чиглэлээр тэр дундаа эмзэг, эрсдэлтэй бүлэгт хамаарах хагас болон бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудал орхигдож байгаа нь төрийн болон төрийн бус байгууллагуудын тайлан мэдээ, судалгаа, ХЭҮК-т ирж буй гомдол, мэдээлэл, түүний мөрөөр хийсэн хяналт шалгалтын үр дүн илтгэж байна. Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах, холбогдох шийдвэр гаргуулахаар 9 санал дэвшүүлсэн. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлд 7 бүлгийн хүрээнд 54 саналыг тусгасан гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Энэ хаврын чуулганаар хүний эрхийг хангах багц хуулийн төсөл,Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл зэрэг хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Мөн цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр УИХ-ын зарим гишүүд хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байгаа. Эдгээр хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэхэд энэхүү илтгэлд тусгагдсан санал, зөвлөмж чухал юм. Хүний эрхийн үндэсний комисс УИХ-ын Хууль зүйн байнгын хороотой хамтран аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж буй зарим нэг аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, бодит үр дүн гаргаж, эргээд ард иргэддээ мэдээлдэг байх шаардлагатай байна. Мөн орон нутгийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх хэр хангагдаж буй ч судалж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэх боломжтой юм.
Энэ мэтчилэн Хүний эрхийн үндэсний комисс нээлттэй ажиллаж чадвал иргэдийн хүний эрхийн мэдлэг дээшилж, та бүхний үйл ажиллагааг ч эргээд дэмжиж ажиллана. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэд эрүүл, аюулгүй амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглахад байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэсэн агуулга бүхий заалт орсон. Иргэдийн мэдэх эрхийг хангах хүрээнд далд буй хүний эрхийн зөрчлийг илрүүлэн, мэдээлж, үр дүн гаргах нь чухал юм. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй албан тушаалтныг хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулах, чөлөөлөх, огцруулах, хуулийн этгээдийн үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцлах, зогсоох саналаа эрх бүхий албан тушаалтанд гаргаж ажиллах хэрэгтэй. Комисс, комиссын гишүүн нэг бүрийн үйл ажиллагааны ил тод байдал нь иргэдийн мэдэх эрхийг хангаж, улмаар хүний эрхийн мэдлэгтэй иргэд Комиссын үйл ажиллагааг дэмжиж ажиллах болно. Илтгэлийг сонсох нэг өөр хэрэг, хэрэгжилтийг хангахад чиглэж ажиллах механизмыг бүрдүүлэх нь чухал байна гэв.
Уулзалтад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Н.Энхбаяр нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)