УИХ-ын гишүүн Э.Болормаа "Ханбогд Эксплорэйшн" гэх гаднын компаниас мөнгөн хандив авсан тул бүрэн эрхийн асуудал нь хөндөгдөж магадгүй байна

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламент эхний намрын чуулганы хуралдаанаа өнгөрсөн долоо хоногт өндөрлүүлээд байгаа билээ.  Тэгвэл ирэх хаврын чуулганаар нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал хөндөгдөж, эргүүлэн татагдаж магадгүй байна.

Хангайн бүс буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгаас сонгогдсон Дав.Цогтбаатар гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг шүүхээр эцэслэгдсэн тул түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдсэн гэдгийг зарим улстөрчид хэлж, хуульчид тайлбарлаж буй. Тиймээс ч ирэх хаврын чуулганаар уг асуудал хөндөгдөх нь дамжиггүй. 

-УИХ-ЫН ГИШҮҮН Э.БОЛОРМАА ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИАС ХАНДИВ АВЧЭЭ-

Тэгвэл түүнээс гадна улс төрд "тооно"-оор орж ирсэн гэгдэх УИХ-ын гишүүн Э.Болормаагийн бүрэн эрхийн асуудал ч хөндөгдөж болзошгүй нөхцөл байдалтай байна. Учир нь тэрбээр "Баруун бүс" болох Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймагт нэр дэвшиж байхдаа гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагаас хандив авсан талаарх мэдээлэл ил болоод байна. Тодруулбал, Э.Болормаа нь "Ханбогд Эксплорэйшн" ХХК гэх Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант улсын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 30 сая төгрөгийн хандив авчээ.

 

Хандивлагчдын мэдээлэл

Хандивлагчдын мэдээлэл

Энэ нь ч Үндэсний аудитын газрын тайланд дурдагдсан байна. Тухайн компани нь ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Kuok Hui Kwong, Kuok Khoon Chen, Kuok Khoon Ean гэх гадаад улсын иргэний эзэмшлийн компани аж. 

 

"Ханбогд Эксплорэйшн" ХХК-ийн эзэмшигчдийн мэдээлэл

Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт "Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага хандив өгөхийг хориглоно" гэж заажээ. Энэ хуулийг зөрчсөн тохиолдол өмнө нь гарч, өндрийг авч байсан.

-С.ГАНБААТАР, Э.БОЛОРМАА НАРЫН ҮЙЛДЭЛ ИЖИЛ-

Тодотговол,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байсан С.Ганбаатар нь Солонгосын иргэн Юу Ван Сүгээс 50 сая вонн авсан гэх бичлэг сонгуулийн үеэр цацагдаж, уг асуудлыг цагдаа, тагнуул гээд хууль хяналтын байгууллага шалгаж байсан удаатай. Тухайн үед нэр дэвшигч нь гадаадын иргэнээс хандив авсан нь Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах эрүүгийн хуулийн гэмт хэрэг хэмээгдэж байв. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаагийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас их хэмжээний хандив авсан нь мөн дээрх үйлдэлтэй ижил, эрүүгийн хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хэлэх хүн олон байна.

Хэрэв түүний гадаадын хөрөнгө оруулалттай компаниас их хэмжээний хандив авсан уг асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж, гэм буруутай нь эцэслэгдвэл түүний гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх юм.

Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл /Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах/-ийн 1 дэх хэсэгт "Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. Харин Улсын Их хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйл гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно" гэж тус тус заасан байна. 

УИХ-ын гишүүн Э.Болормаагийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тэрбээр зөрчлийн хуулиар арга хэмжээ авхуулж магадгүй. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт "Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан байна. Ямартай ч Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант улсын хөрөнгө оруулалттай "Ханбогд Эксплорэйшн" гэх компаниас сонгуулийн хандив авсан УИХ-ын гишүүн Э.Болормаагийн үйлдлийг улс төрийн хүрээнд болон хууль хяналтын байгууллага хэрхэн анхаарч, шийдвэрлэх вэ гэх асуулт хариултаа нэхэж олны анхаарлын төвд байна. 

Ташрамд өгүүлэхэд,УИХ-ын гишүүн Э.Болормаад "Энержи ресурс" ХХК, "Хүй мандал хөгжил констракшин" ХХК, "Мф групп" ХК, "Таван толгой цахилгаан станц ус хангамж" ХХК, "Таван толгой нисэх" ХХК, "Ньюком" ХХК, "Хан алтай ресурс" ХХК, "Нью централ медиа" ХХК, "Нью централ медиа" ХХК, "Макс рөүп" ХХК, "Макс центр" ХХК, "Арж капитал" ХХК, "Макс импекс", "Макс эксим" зэрэг компаниуд 30 сая төгрөгийн хандив өгсөн байна. 

 

Эх сурвалж:  ISEE.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.187.247)

    2025-02-01

    Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр парламентын, конгрессын ба сенатын гишүүдийг заавал намын харьяалалтай нь нийтэлдэг.