Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах гомдлыг хэдийд ч гаргаж болох саналыг гишүүдийн олонх дэмжлээ
- 2024-04-19
- Улс төр
- 0
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг уншиж танилцуулав. Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Сандаг-Очир нар цагаатгуулах гомдол гаргах, хүлээн авах хугацааг хүчингүй болгож, уг гомдлыг хэдийд ч гаргаж болох талаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төсөл болон зарчмын зөрөөтэй саналын томьёололтой холбогдуулан цагаатгуулах, гомдол гаргах, хүлээн авах хугацааг хүчингүй болгох үндэслэл, хэрэгцээ шаардлагын талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Сандаг-Очир нарын гаргасан, Байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
АНУ-аас худалдан авах Булевиртид эмийг татвараас чөлөөлөх тухай хуулийг төслүүдийг хэлэлцэхээр болов
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын иргэдийн дунд элэгний D гепатит вирусийн халдвартай хүмүүсийн тоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын аргачлалаар тооцсоноор 66 000 хүрсэн байх магадлалтай байна гээд, энэ халдвартай иргэдийн төрийн бус байгууллага (ТББ)-аас 150 000 иргэн халдварласан гэсэн тооцоо гаргасныг дурдав. Засгийн газар D вирутэй иргэдийг эмчилгээнд хамруулах олон талын арга хэмжээ авч байгааг сайд тэмдэглээд, ДЭМБ албан ёсоор бүртгэсэн нэг л төрлийн эмчилгээ байгаа нь пэг-интерферон эм боловч үүнийг D, B вирустэй иргэдийн төлөөллийн ТББ-аас гаж нөлөө ихтэй учир эсэргүүцдэг талаар танилцуулав. ДЭМБ бүртгээгүй боловч D вирусыг эмчилдэг бас нэг төрлийн эмчилгээ байгаа нь АНУ-ын Gilead Science компанид үйлдвэрлэж буй булевиртид эм болохыг сайд илтгэлдээ дурдаж, Европын Холбооны улсууд бүртгэж эмчилгээнд хэрэглэж байгаа энэ эмийн эмчилгээний зардал ихээхэн өндөр байгааг бууруулах шаардлага тулгарч байгааг тэмдэглэв. Эрүүл мэндийн сайд Gilead Science компанийн удирдлагуудтай хоёр удаа цахимаар, Азийн бүсийг хариуцсан захиралтай нэг удаа бечлэн уулзалт хийж, энэ эмчилгээг Монгол Улсад эхлүүлэх, өртөг, зардлыг бууруулах талаар яриа хэлэлцээ хийсэн байна. Цаашид D вирустэй иргэдийнхээ санхүүгийн дарамтыг хөнгөлөхийн тулд АНУ-ын булевиртид эмийг эмчилгээнд хэрэглэж эхлэх үед гаалийн татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэн Засгийн газраас хуулийн төсөл боловсруулжээ.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хорооны энэ сарын 17-ны буюу өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Тус байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцууллаа. Хууль батлагдсанаар гепатит D вирусийн халдвартай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмж сайжирч, хүн амын өвчлөл, элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралт, санхүүгийн дарамт буурахад эергээр нөлөөлнө гэсэн Засгийн газрын үндэслэлийг тэрбээр дурдаад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэсэн юм. Тус Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үе Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт тусгагдсан D вирустэй тэмцэх үйл ажиллагааны төсвийн зарцуулалт болон булевиртид эм дэлхийн хэдэн улс орны эмчилгээнд ашиглагдаж байгаа, үр дүн нь ямар байгаа талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд энэ асуудлыг нэн яаралтай горимоор, шуурхай оруулж ирж байгааг талархал илэрхийлээд, өртөг, зардал ихтэй, удаан хугацаанд хийгддэг энэ эм, эмчилгээний үнэ ханшийг бууруулах болон бусад нөхцлийг сайжруулах талаар ямар ажил, алхам хийж байгааг болон D вирустэй иргэдийн эмчилгээнд зориулж улсын төсөвт тусгасан зардал, санхүүжилтийг хэрхэн зарцуулж байгаа талаар асууж хариулт авав.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулахдаа, АНУ-ын Gilead Science компани удирдлагуудтай уулзахад Европын холбооны улсуудад зарагдаж байгаа үнээс тав дахин бага үнээр нийлүүлэх боломжтойгоо урьдчилсан байдлаар илэрхийлээд байгаа гээд, энэ буулгасан үнийг нь дахиад 50 хувиар бууруулах талаар ярьж байгаагаа танилцуулсан юм. Ирэх долоо хоногт дахин уулзалт хийж, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авч байна, та бүхэн үнээ дахин бууруулаач гэсэн хүсэлт тавихаар төлөвлөж байгаа. Ингэснээр уг эмчилгээний өртөг, зардал сарын 1000 ам.доллароос дотогш болж буурах болов уу гэж баримжаалж байна. Хэдийгээр үнэ, өртгийг ингэж бууруулсан ч халдвартай иргэдэд учрах санхүүгийн дарамт өндөр байхаар байгаа тул нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвараас чөлөөлбөл нийтдээ 30 орчим хувиар хөнгөрөх боломжтой хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариулав. Булевиртид эмийг анх ОХУ-д үйлдвэрлээд, түүнийхээ патентийг АНУ-ын Gilead Science компанид зарахдаа бусад улс оронд худалдан борлуулахгүй, зөвхөн улс дотроо, иргэдийнхээ эмчилгээнд хэрэглэх нөхцөлтэйгээр өгсөн байна. Тиймээс манай иргэд ОХУ-аас эмчилгээ авъя гэвэл Улаан-Үд хот руу явах, зардал чирэгдэл багагүй гаргахаар байгаа гэсэн тайлбарыг тэрбээр хийсэн юм.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт зориулж 2023 оны улсын төсөвт 13.0 тэрбум төгрөг тусгагдсаны 4.0 тэрбум төгрөгөөр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад элэгний B, D вирусын оношлогоо, шинжилгээ хийх чадавх бий болгох, бэхжүүлэх, Халдварт өвчин судлалын төвийн хүчин чадлыг сайжруулахад зарцуулсан байна. Харин 9.0 тэрбум төгрөгөөр ДЭМБ-д бүртгэлтэй пэг-интерферон эмчилгээг эхлүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан боловч B, D вирустэй иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, уг худалдан авалт зогсоод байгаа юм. Мөн 2024 оны улсын төсөвт 7.0 тэрбум төгрөг батлагдсаныг өмнөх оны худалдан авалтын зардалтай нийлүүлж, нийт 14.0 тэрбум төгрөгөөр АНУ-аас булевиртид эм худалдан авахаар ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд мэдээллээ.
АНУ-аас худалдан авах булевиртид эмийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх талаар санал хураахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Дараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа нарын 10 гишүүн санаачлан, өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа тавив. Тэрбээр, 2007 оныг хүртэл оёдлын салбар ДНБ-ий 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг, 30 мянга гаруй ажилтантай байсан бол өнөөдөр 10 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг, 3000 гаруй ажиллагсадтай болж буурсан талаар дурдаад, Монгол Улсын бэлэн хувцасны үйлдвэрлэлийг өргөжүүлэх, экспортын хэмжээг өсгөх, ажлын байрыг эрс нэмэгдүүлэн ядуурлын бууруулах хөшүүрэг болгох зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд “оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалыг /дотоодод үйлдвэрлэдгээс бусад/ гаалийн албан татвараас чөлөөлөх” гэсэн нэмэлт оруулах хуулийн төслийг санаачиллаа гэв.
Хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, оёмол бүтээгдэхүүний түүхий эд, материалыг гаалийн татвараас чөлөөлөх нь үйлдвэрлэгчдийн татварын ачааллыг бууруулахгүй, харин импортоор түүхий эдийг нийлүүлж байгаа нь дундын зуучлагч нарт илүү ашигтай байдлыг бий болгох эсэх талаар асуулт асууж хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, цаашид үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судлах, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас чөлөөлснөөр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт өрхийн бизнес эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжиж, үйлдвэрлэл эрхлэгчдийг үнийн өрсөлдөөнөөс хамгаална гэж үзэж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр, цаашид дотоодоос хангаж болох зарим бүтээгдэхүүнд төрийн худалдан авалт хийж, хөнгөн үйлдвэрүүдийг дэмжих нь зүйтэй гэсэн санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлснээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсөх, улмаар иргэдийнхээ өдөр тутмын хэрэглээг дотооддоо хангах нөхцөлийг бүрдүүлж, дотоодын үйлдвэрүүдээ зөв бодлогоор дэмжихшаардлагатайг дурдан, хуулийн төсөлд хэлэлцүүлгийн шатанд зарим нэг бодлогын өөрчлөлтүүдийг тусгах санал гаргасан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэлж, хуулийн төслийг ерөнхий агуулгаар дэмжиж байгаагаа илэрхийлээд, манай улс ноос, ноолуураар даавуу хийдэг болчихсон энэ үед эдгээр бүтээгдэхүүнүүдтэй ижил төрлийн материал импортоор орж ирэх үед хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхгүй байх ялгавартай зохицуулалт хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн юм. Харин үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Монголдоо хийж чадахгүй байгаа учир аль болох дэмжих нь зөв гэсэн байр сууриа тэрбээр илэрхийлж, үйлдвэрүүдийг хөгжүүлснээр нэмүү өртөг бий болж, татварын бааз суур өргөжиж, ажлын байр нэмэгдэнэ гэлээ. Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, хуулийн төслийн зохицуулалтад дотоодод үйлдвэрлэдэг түүхий эд, материал хамаарахгүй гэсэн хариулт өгч, ядуурлыг бууруулахад эрх зүйн энэ зохицуулалт ихээхэн чухал болохыг онцолсон юм.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Сэтгэгдэл (0)