Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
- 2024-05-16
- Дэлхий
- 0
БРАТИСЛАВ, 2024 оны тавдугаар сарын 16 /BBC/. Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо нийслэл Братислав хотоос зүүн хойд зүгт орших нэгэн жижиг хотод буудуулсны улмаас эмнэлэгт хүргэгджээ.
Лхагва гаргийн орой Батлан хамгаалахын сайд Роберт Калинак мэдэгдэхдээ, Ерөнхий сайд гурван цаг гаруйн турш үргэлжилсэн мэс засалд орсон бөгөөд нөхцөл байдал “тааруу” байна гэжээ.
Галт зэвсэг хэрэглэн халдлага үйлдсэнийг Ерөнхийлөгч болон Словакийн улс төрчид “ардчилал руу халдсан үйлдэл" гэж тодорхойлсон байна. Халдлага үйлдсэн этгээдийг хэргийн газарт саатуулсан боловч хэн болохыг нь тогтоогоогүй байна. Братиславаас 180 км зайд орших Хандлова хотод Р.Фицо засгийн газрын хуралдаан болж байсан соёлын төвийн өмнө хүмүүстэй мэндчилж байх үед халдлага болжээ.
Дүрс бичлэгийг үзэхэд, хамгаалалтын ажилтнууд Ерөнхий сайдыг машинд суулгаад явахын өмнө нэгэн этгээд түүн рүү таван удаа буудсан байна.
Ерөнхий сайдыг нисдэг тэргээр ойролцоох эмнэлэгт хүргэж, улмаар Хандловагаас зүүн зүгт орших Банска Бистрица хотын эмнэлэгт хүргэсэн байна. Лхагва гарагт Словакийн Шадар сайд Томаш Тараба “ВВС” телевизийн “Newshour” нэвтрүүлэгт оролцох үеэрээ, Р.Фицогийн биеийн байдал сайжирна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. “Тэрбээр амьд үлдэж чадна гэж итгэж найдаж байна. Одоогоор түүний амь насанд аюул учраагүй байна” гэж тэрбээр ярилаа хэмээн Монцаэмэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)