УИХ-ын гишүүдийн тангаргийн үгийг өөрчилмөөр юм

Монголын парламентын анхны 126 гишүүн тангаргаа өргөлөө. Чилийсэн урт тэр ёслолыг хараад тангаргийн хэд хэдэн үгийг өөрчилчихмөөр санагдлаа.

Нэг. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлд “УИХ-ын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, УИХ-ын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр сонгогдогч тангаргаа өргөснөөр албан ёсоор УИХ-ын гишүүн болж баталгаажлаа гэж үзэх нь.

Гэтэл түр үнэмлэх буюу албан ёсоор УИХ-ын гишүүн болоогүй хүмүүс “Монгол Улсын Их Хурлын гишүүн би…” гэж тангараг өргөж байна. Гишүүн болоогүй байж “УИХ-ын гишүүн би..” гэж тангараг өргөхөөр энэ тангараг нь хүчинтэй болох уу, үгүй юу гэж санаа зовж суулаа. Тиймээс “УИХ-ын гишүүнээр сонгогдогч би” гэдэг ч юмуу, эсвэл УИХ-ын гишүүнээр сонгогдох санал авсан би” гэх зэргээр үгийг өөрчилмөөр байна. Юманд учир гэж бий. Худлаа юм худлаа байдаг. Гишүүн биш байж гишүүн би гэхээр энэ нь эргэлзээтэй болчихож байна. Сүүлд тангаргийг нь сануулахлаар би гишүүн болоогүй байхдаа тэрийг чинь хэлсэн шүү дээ гээд бултвал яана.

Хоёр. Тангаргийн үг дээр нэммээр нэг чухал үг байна. “Хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ” гэсэн үг хэрэгтэй байна. Хүний эрхийн тухай үг тангаргийн үгэнд ганц ч алга. Монголын иргэдийг төлөөлж байгаа хэрнээ Монгол Улсын иргэдийн эрхийн төлөөх үг байхгүй байж боломгүй. Энэ нь төлөөлүүлж байгаа бидний эрх, эрх чөлөөнд хамаарахгүй юм шиг эвгүй сонсогдож байна лээ. Тиймээс “Монгол Улс, Монгол хүний эрх, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэнэ” ч гэдэг юм уу энэ тухай ганц үг нэмчихмээр юм даа гэж бодож суулаа. Яахав Үндсэн хуулийг чандлан мөрдөнө гэдэгт нь эрх, эрх чөлөө маань багтаж байдаг байх даа гэсэн шүү юм горьдох .

Үнэн чанартаа бид эрх, эрх чөлөөгөө хангуулах гэж, төрийн дарамтнаас хамгаалуулах гэж л өөрсдийгөө төлөөлөн тухайн хүнийг УИХ-ын гишүүн болгон сонгодог. Тэдний авлига авах, ашиг сонирхлын зөрчилтэй байх нь маньд падгүй юм байна гэдгийг өнгөрөгч хавар, өмнөх парламентуудын гишүүд баталчихсан шүү дээ. Өмнөх парламентуудын гишүүд бүгд л “…төрийн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” л гэж байсан. Хэд нь авлига ашиг сонирхлын зөрчилтэй холбогдлоо доо. Мөн “Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж байсан. Өнөөдөр хэн нь хуулийн хариуцлага хүлээсэн байна вэ.

Тиймээс сайхан үгээр худлыг халхавчлахаа больё. Ер нь худлыг халхавчилж чадахгүй. Хэзээ нэг цагт илэрдэг юм. Үүний гороор иргэдийн төрд итгэх итгэл алдарч байна. Залуус эх орноосоо дайжиж байна. Өнөөгийн байдлаар 150 мянга гаруй залуус зөвхөн байрны урьдчилгааны төлөө эх орноосоо дүрвэчихээд байна шүү. Урьдчилгаагаа хийгээд эх орондоо ирнэ гэсэн баталгаа хаана байгаа юм бэ. Зүгээр л хэн хэнд нь ирнэ гэсэн хүлээлт байгаа болохоос баталгаа алга. Тиймээс эрх, эрх чөлөөг хүндэтгэгч, тэмцэгч л өнөө цаг үед хэрэгтэй байна. Энэ үгийг тангаргийн үгэнд зайлшгүй оруулмаар байна.

Гурав. УИХ-ын гишүүнээр сонгогдогч ганцхан төрийн сүлдэнд хүндэтгэл үзүүлэх ёстой. Түүнээс ялсан намын даргад биш. Ерөнхийлөгчид биш. Үүнийг хуульд хоёрдмол утгагүй, ойлгомжтой гэгч нь биччихсэн байгаа. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 22.5-т “Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэл тавьж, асуулт, хариулт явуулсны дараа насаар хамгийн ахмад гишүүн эхэлж, бусад гишүүн цагаан толгойн үсгийн дарааллын дагуу УИХ-ын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна” хэмээн заасан байдаг.

Гэтэл УИХ-ын гишүүнээр сонгогдогч төрийн сүлдэнд хүндэтгэл үзүүлэхээс гадна Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлж байна. Мөн өөрсдөө сонгож баталгаажуулах Ерөнхий сайдад хүндэтгэл үзүүлээд байх юм. Үүнийг харсан олон нийт хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй, хэрэггүй гэж маргалдана. Зарим гишүүд хуулиа уншсан бололтой төрийн сүлдэнд хүндэтгэл үзүүлээд л больчихож байна. Тэрийг нь харсан түмэн олон нөгөөхөө Еөкийн өмнө үнэн толгой гэдгэр байв гэж ирээд л хөөрөлхөх.

Хууль тогтоогчид эхнээсээ л хуулиа хэрэгжүүлмээр байна. Хуульд тодорхой байгаа зүйлээр нийгмийг талцуулж яах гээд байгаа юм бэ. Ер нь ч ялсан намын даргад бөхөлзөж, мөргөх нь зохимжгүй байна гэдэг үнэн дээ.

Дөрөв. УИХ-ын даргыг сонгохыг ил тод болгомоор байна. УИХ-ын даргыг яаран сандран нэг хоногт баталдаг баймааргүй байна. УИХ-д суудалтай намууд УИХ-ын даргын асуудлаар хуралддаг баймаар байна. УИХ-д суудалтай аль ч намын гишүүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлдэг болмоор байна.

Яагаад тухайн хүнийг нэр дэвшүүлэх болсон тухайгаа олон нийтэд тайлбарладаг болмоор байна. Учир нь УИХ, Засгийн газар, агентлаг улс төрийн намуудын бялуу хуваах газар биш. Тэр дундаа УИХ бол ард түмний төлөөллийн төв байгууллага. Тиймээс Монголын хамгийн ардчилалтай цор ганц газар УИХ баймаар байна. Тэгж нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдмөөр байх юм. Гэтэл хэдхэн хүний хөшигний цаадах тохироо, хэдхэн хүний лоббигоор УИХ-ын даргыг томилох нь буруу. Яахав, Ерөнхий сайдын албыг ялсан намын дарга хаших нь зөв. Тэрэн шиг ялсан намын хүн заавал УИХ-ын дарга байж яах гээд байгаа юм. Хамгийн нэр хүндтэй шулуун шударга нэгнээ дарга болгомоор юм. УИХ-ын гишүүн бол намын гишүүн биш ард түмний төлөөлөл гэдгээ одоо хэдүүлээ сайн ойлгомоор байна.

Тав. Тангаргаа өргөхдөө төвхөн, энгийн уншдаг гишүүн мөн ч ховор юм. Монгол хүний зан нь юм байх даа. Тодрох гээд элдэв үг, ааш аяг үзүүлээд л сонин сонин байдалд ороод байх юм. Бүр духаараа шал түг түгхийтэл мөргөж ч байх шиг. Өмнөх парламентын үед Ц.Ананбазар тангаргаа өргөхдөө “…илэрхийлье” гэж хэлээд манай сонинд шүүмжлүүлж байсан. Энэ мэтээр хүчингүй болох үйлдэл их хийж байна. Төвшин сайхан уншаад өнгөрвөл барав биз.

Элдэв маяг гаргаснаар эх оронч гэж үзэхгүй. Хийсэн ажлаар нь л эх оронч гэдгийг нь үнэлнэ шүү дээ.

Зургаа. Эцэст нь туг үнсэх гэдэг эмэгтэйчүүдэд их хэцүү ажил байх юм. Заавал сөхөрч сөгдөж байж үнсэх ёстой гэж хэн хуульчилсан юм бэ. Туг биш, наад хүмүүс чинь бидний сонгож гаргасан төр биз дээ. Бие барьсан дээлтэй, өндөр өсгийттэй тэд арагш, урагш савж уначих гээд гуя хасаа гялалзуулчих гээд хэцүү харагдах юм. Үүнийг төвөггүй болгочихож болдоггүй юм байх даа. Заавал улаан туг үнсүүлж, тэрүүгээр нүүрээ арчих хэрэг юу ч байдаг юм. Өндөрхөн тавцан дээр байрлуулаад л хүмүүст төвөггүй болгочихмоор санагдлаа. Ард түмний төлөөллийг шалан дээр мөлхүүлэн байж туг үнсүүлэх нь та нарын төлөөлөл чинь ийм жижигхэн шүү дээ гэж биднийг даапаалаад байгаа мэт санагддаг юм аа. 126 гишүүний тангараг өргөх ёслолыг бүтэн өдөржин харахад ийн хэдэн бодол төрлөө.

Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж үг бий. Дээрх зүйлсээс болж төр, ёсыг дүр эсгэн хуурмаглаад байгаа харагдах юм. Аль болох либерал, хүндээ чиглэсэн үнэн баймаар байна. Өнөө цагт нийцэхгүй байгаа хуучин ёс заншлыг таягдан хаяж, шинэчлэн өөрчилж, хялбар болгож байх нь зөв байдаг. Дэлхий ертөнц бүх зүйл амархан руу явж байгааг бид анзаарах цаг болсон. Үүний нэг жишээ нь, солгой хоолойтой хүн дуулж чаддаггүй байсан бол одоо үгүй. Тэр хүсвэл реппер болж үглэж болно. Уянгалаад дуулаад байх алба үгүй. Заавал тогтсон хэв маягт баригдах гээд зүтгэх, тэр нь болохгүй хийдэл гарахаар хөшигний ард нуух биш. Жаахан либерал, жаахан үнэн баймаар байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (127.0.0.1)

    2024-07-15

    Яг зөв санал гаргасан байна гишүүн болсны ёслол хэлбэрдсэн хуурамч байдаг туг үнсэх, зүрхэн дээрээ гараа тавьж ёслох, урт тангараг унших бүгд худлаа хиймэл. Үнэн тангарагладаг үнэн ёсолдог байсан бол худлаа яриад хулгай хийгээд байхгүй шд одоо үед зүгээр жүжиглэл болсон. Үнэн болгоё гэвэл УИХ гишүүн тангараг зөрчсөн бол үг дуугүй шорон явна дараа дэвших эрхгүй гэсэн хуультай болгох.

  • (127.0.0.1)

    2024-07-08

    Улс төр нийтлэхээ болиоч ээ. Шинжлэх ухаан, эдийн засаг, гэмт хэргийн илрүүлэг гэх зэргийн тухай бичээч ээ.