Өөрсдийнхөө сүүдрийг олж харъя
- 2024-07-16
- Өөр өнцөг
- 0
Хамгийн том мөнгө хаана эргэлдэж байдаг вэ. “Майкрософт”-ын бүтээгдэхүүнүүдэд үү, эсвэл сүүлийн үед алдагдал хүлээгээд байгаа “Тоёото” дээр үү. Аль нь ч биш. Дэлхийн хамгийн том мөнгөний урсгал хар тамхины бизнест хамаарагддаг. Хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө дэлхий даяар эргэлддэг гээд бод доо. НҮБ-аас гаргасан судалгаагаар 2003 онд 321.6 тэрбум ам.доллар энэ бизнест эргэлдсэн гэж байгаа юм. Тэр үед дэлхийн нийт бүтээгдэхүүний эргэлт 36 триллион ам.доллар байжээ. Тэгэхээр хар гарын бүтээгдэхүүний эргэлт бараг л нэг хувь нь болж байна. Арга ч үгүй биз. Энэ бүтээгдэхүүний байнгын хэрэглэгчдийн тоо 50 сая, харин борлуулалт зөөвөрлөлтөд нь хамрагддаг ам бүл бас сая саяар тоологддог. Дэлхийд бизнес эрхэлж байгаа ямар ч томоохон компани, бизнесийн бүлэглэл том зах зээл рүү орохыг л боддог.
Тэр ч утгаараа тэрбум гаруй хүн амтай Хятадад бүхий л нэртэй компаниуд салбараа нээсэн. Хар тамхины бизнесийнхэн энэ уламжлалыг хэрхэн орхих билээ. Хятад бол хар тамхины сүлжээнийхний хамгийн том бай.
1997 он болтол Хятадад хар тамхины хэрэг илэрдэггүй байсан гэгддэг. Хууль цагдаагийнхан эл хэрэг рүү анхаарлаа хандуулаад эхэлтэл ердөө хоёрхон жилийн дотор бүх мужийн
нь гуравны хоёрт хар тамхитай холбогдсон хэргүүд бүртгэгдсэн гэж байгаа. Одоо БНХАУ хар тамхины хэрэгт хамгийн их анхаарал тавьдаг бас хамгийн хатуу шийтгэл оногдуулдаг орон гэдгээрээ онцгойрох болжээ. Тэд хилээр нь хар тамхи зөөвөрлөөд орж ирэхийг завдсан хэнийг ч өршөөхгүй гэдгээ нэгэнт зарлачихсан. Үнэндээ энэ улсын түүх тэдэнд тэгж хандахаас өөр аргагүй дархлааг суулгачихсан юм.
Харин үүнийг нь цөөхөн монголчууд бид яс махандаа суутал мэдэрч авмаар байна. Бид цөөхүүлээ. Гэтэл цөөхүүлээс маань шороон түмэн хятадад хар тамхи хүргэж өгөх буруу гарын бизнест
орооцолдож амьдралаараа, амиараа хохирч байгааг зөвтгөх арга алга.
Хятадууд өөртөө засах орнуудынх нь тусгаар тогтнолын тухай ярихад ямар эмзэг ханддаг билээ. Хар тамхины асуудал түүнээс ч илүү хөндүүр цэг нь гэдгийг хөрш монголчууд бид ойлгох цаг болжээ. Дэлхийн түүхэнд Хар тамхины дайн I, II гэж тэмдэглэгдэн үлдсэн байдгийн аль алиных нь золиос Хятад гүрэн болж байсан байдаг. Эхний дайн нь 1839-1842 онд, дараагийнх нь 1856-1860 оны үед хамаардаг. 1600-гаад оноос эхэлсэн Ази, Европ тивийг холбосон худалдаа наймаа улам бүр өргөжсөөр 1800-гаад он болоход цагаан арьстнуудад дорнын ахуйг шингээсэн бараа
бүтээгдэхүүнийг цагаан хороор сольдог байдал газар авсан байсан гэдэг. Хүн ард нь цагаан хорыг суунаглуулан татаж, асуудалд эрүүлээр хандагсад элбэг бус болсон байв. Манжийн Чин гүрний албатууд боомтоор орж ирж буй бараа таваарт хяналт тавьж
эхэлсэн нь өөрсдийгөө л аврах гэсэн арга байсан нь мэдээж. Гэвч колони Энэтхэгээсээ хар тамхи авчран том зах зээлд шахдаг англичуудад энэ нь хэрхэн таалагдах билээ. Тэр үед Англи бол дэлхийд нэгдүгээр гүрэн байсан. Тиймээс цэргийн хүчээр шахалт үзүүлж гэрээ байгуулж авсан нь Нанжингийн болоод Тянжингийн гэрээ гэгддэг. Өөрсдийн дураар хар тамхийг Хятадын боомтуудаар
оруулах эрхтэй болсон тэд энэ л үед Хонконгийг 99 жилээр эзэмших эрхээ олж авсныг нурших хэрэггүй биз ээ.
Нэгэн үндэстнийг хүчээр доромжлон хүн ардыг нь хордуулах эрхтэй болсон энэ явдал өдгөө эртний хүмүүсийн тэнэгрэл мэт бодогдож байгаа биз ээ. Гэвч тухайн үед улс орнуудын харилцаа ийм л зүйл дээр тогтож байлаа. Нэг талд орлого олох гэсэн хүмүүсийн золиос болсон хятадууд бүхэлдээ хар тамхинд ууссан байсныг бид ч гэсэн өөрсдийнхөө түүхээс хайвал санаж чадна. Хувьсгалын өмнөхөн Монголд амьдардаг данжаадууд хар тамхи
яаж татдаг байсныг дүрслээгүй уран зохиолын бүтээл ховор. Бас тэднийг дагаж амьдардаг хүрээ хүүхнүүд хүртэл хар тамхинд ороод Хүрээний хогон дээр амиа тавьсан тухай ч зохиолд өгүүлдэг. Тэгэхээр Хар тамхины дайн тэднийг ингэж золиослосон гэдэг нь харагдаж байгаа байх.
Магадгүй ингэж цусандаа ясандаа шингэтэл хар тамхины гайг мэдэрчихсэн болохоор хятадууд хар тамхины хэрэгт холбогдогчдод өршөөлгүй ханддаг байж болох юм. Бас цусанд нь удамшсан адын чанар нь нөлөөлж зарим нэг нь татсаар байдаг болохоор хэрэглэгч
нь тодорхой зах зээлд тооцогддог ч биз.
Түүх ийм байхад хар тамхинд “аллерги”-тэй хятадуудад гувшааг нь зөөж амьдралаараа хохирмооргүй байна. Сүүлийн жилүүдэд Хятадын хил дээр хар тамхины хэргээр саатуулагдсан хүмүүсийн
тоо эрс өслөө. Ж.Дамдин гэдэг эр баригдаж, цаазын ял сонссон гэнэ. Дөрвөн хүүхдийн ээж Байгалмаа бүсгүй насаараа Хятадын шоронд суух боллоо. Тэдэнд хар тамхийг нь залгиулж хил гаргадаг гэнэ. Оюутан охин ийм хэргээр баригдлаа, идэр насны шижигнэсэн дөрвөн залуу ходоодондоо хар тамхитай баригджээ. Бүр залхмаар шархирмаар мэдээллүүд ар араасаа хөврөх болж байна. Тэдний араас шаналсан эцэг, эх, хань ижил, үр хүүхэд нь нулимсаа барна. Хэрэв тэдний буруутай нь тогтоогдвол хатуу хууль цаазтай хятадууд хуулиа л дагана шүү дээ. Энэ сарын 10-ны өдөр гэхэд хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 65 настай япон өвгөнийг цаазаар авчихлаа. Одоо дахиад гурван япон ийм ялтай өдрөө хүлээж суугаа гэсэн.
Тэгэхээр бид хүний хууль ийм хатуу гэхийн оронд өөрсдийнхөө сэтгэлгээг эхлээд өөрчилмөөр санагдаж байна. Бид дэлхийн бусад улс үндэстэнтэй харьцуулахад хар тамхины хөнөөлийг тэгтэл мэдрээгүй улсууд. Тиймдээ ч хэдэн жилийн өмнө Монголд болсон дуулиант хар тамхины хэргийн дараахан манай урлагийнхан хэвлэлийн хурал хийлгээд “Ямар хүн алсан биш. Ийм олон жилийн ял өгөөд байхдаа яахав” хэмээн шүүгчдийг буруутгаж байсан билээ. Бас сонгуулийн өмнөхөн Ерөнхийлөгч нь хүртэл олны таалалд нийцүүлэхээр эл хэргээр ял эдэлж байсан дуучин Х.Лхагвасүрэнд уучлал үзүүлсэн. Манайд хар тамхины талаар дээрээсээ эхлээд нийтээр иймэрхүү хайнга хандлагатай байгаад цэг тавих нэгэнт болжээ. Хүний сүүдэрт орохоос өрсөж өөрсдийнхөө сүүдрийг олж харъя.
Э.ЭНЭРЭЛ
Өдрийн сонины архиваас
Сэтгэгдэл (0)