К.Харрис АНУ-ын Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчээр Тим Уолзыг сонголоо

ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 7 /BBC/. Камала Харрис Миннесота муж улсын захирагч Тим Уолзыг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр сонгожээ. Т.Уолз дунд сургуулийн багш, Конгрессын гишүүнээр ажиллаж байсан юм. 

 

К.Харрис нийгмийн сүлжээний хуудсандаа түүний талаар бичихдээ “дундаж давхаргын өрх гэр бүлүүдийн төлөө тэмцэх гэсэн итгэл үнэмшил нь гүн гүнзгий байсан учраас өрсөлдөөнөөс онцгойрсон" гэсэн байна. 

 

Харин Дональд Трампын сонгуулийн штабын зүгээс 60 настай Т.Уолзыг “аюултай либерал хэт даврагч” хэмээн мэдэгджээ. Түүнийг орон нутгийн болон ажилчин ангийн сонгогчид, ялангуяа АНУ-ын баруун нутгийн муж улсуудад ялалт байгуулж чадах хүн гэж үзэж байна. Т.Уолз К.Харристай хамт мягмар гарагт Пенсильвани муж улсын Филадельфи хотод болох сонгуулийн кампанит ажлын цуглаанд оролцох бөгөөд үүний дараа сонгуулийн дүн хаашаа ч холбирч болзошгүй бусад муж улсад очих тав хоногийн аяллаа эхлүүлнэ.

 

Тэд мөн энэ сарын сүүлчээр буюу наймдугаар сарын 19-22-нд Чикагод болох Ардчилсан намын их хуралд оролцон үг хэлэх бөгөөд энэ үеэр Харрис, Уолз нарыг сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор зарлах ажээ. Т.Уолз өмнө нь хэлэхдээ, Ардчилсан намаас нэр дэвших нь “бүхий л амьдралынх нь нэр төрийн хэрэг” гэж байлаа.

 

К.Харрис даваа гарагт дууссан цахим санал хураалтаар ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших нь албан ёсоор тодорхой болжээ. Тэд 11 дүгээр сарын 5-нд болох бүх нийтийн сонгуульд Дональд Трамп болон түүний хамтрагч Охайгийн сенатч Ж.Д.Вэнс нартай өрсөлдөх юм. Америкийн хэвлэлүүдэд бичсэнээр, К.Харрис дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнийг мягмар гаргийн өглөө хүртэл шийдэж чадаагүй байв. Түүний сонгуулийн штаб сүүлийн хоёр долоо хоногт 10 орчим хүнийг судалсан юм.

 

К.Харрис шийдвэрийнхээ талаар зарлахдаа Т.Уолзын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулаад “муж улсын захирагч, дасгалжуулагч, багш, ахмад дайчны хувьд тэрбээр өөрийнхтэйгээ адил ажил эрхлэгч гэр бүлүүдийн төлөө зүтгэнэ” хэмээн бичжээ.

 

“Бид гайхалтай түншлэлийг бий болгох гэж байна. Ялах магадлал багатай тал гэж санагдуулахаар үйл хэргээ эхлүүлж байгаа хэдий ч бид энэ сонгуульд хамтдаа ялалт байгуулж чадна гэдэгт итгэж байна” гэж К.Харрис мэдэгдсэн байна. Т.Уолз сонгон шалгаруулалтын явцад ажилчдыг дэмжих бүлгүүд ба намынхаа дэвшилтэт жигүүрээс ихээхэн дэмжлэг авчээ.

 

Тэрбээр мөн Д.Трамп, Ж.Д.Вэнс болон “Америкийг дахин агуу болгоё” уриаг дэмжигч бүгд найрамдахчуудыг “этгээд хачин” гэж тодорхойлсон явдал нь олны анхаарлыг татсан байна. Ийм тодорхойлолтыг хожим нь К.Харрис зэрэг Ардчилсан намын хэд хэдэн төлөөлөгч ашиглажээ.

 

Харин Д.Трамп саяхан мэдэгдэл хийхдээ “тэд бол хачин жигтэй хүмүүс” хэмээн хариуг нь барьсан байна. Сонгон шалгаруулалтын явцад ойр ажилласан нэгэн эх сурвалж ВВС телевизэд мэдээлэхдээ, Т.Уолз удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлага, амжилтаараа сонгогдсон гэсэн байна. Түүнчлэн бусад хүчин зүйлийг дурдвал, анхаарал татахуйц намтар, Д.Трамп, Ж.Д.Вэнс нарын эсрэг хүчтэй нэр дэвшигч байх чадвар, дэд ерөнхийлөгчтэй нягт харилцаа холбоотой байсан зэрэг нь нөлөөлжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)