Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү
- 2024-09-30
- Нийгэм
- 0
Монголын төр байгалийн баялгийнхаа 34 хүртэлх хувийг эзэмших эрх хуулиар нээлттэй хэвээр байгаа. Гэтэл энэ долоо хоногийн Засгийн газрын хурлаар хувийн хэвшлийн эзэмшилд байдаг стратегийн есөн ордын 34, 50 хувийг төр авахаар болсноо зарлалаа. Энэ асуудлаар удахгүй хувийн хэвшлийнхэнтэй хэлэлцээрийн ширээний ард суух юм гэнэ. Энэ бол хувийн хэвшлийг шууд устгаж байгаагийн нэг хэлбэр гэхэд буруудахгүй. Үүнийг маш энгийнээр тайлбарлая л даа. МАК ХХК-ийн 34 хувийг төр эзэмшихээр боллоо гэж бодъё. Төр зүгээр л 34 хувийн орлого ашгийг аваад сууна гэж бодож байгаа бол тэрэн шиг худал юм үгүй. Төрийн 34 хувийг төлөөлж уг компанийн удирдах зөвлөлд төрийн дунд шатны нэг албан хаагч очиж таарна. Компанид бусдад нээлттэй ярих, ярихгүй юм гэж бий. Олон нийтэд дуулгах дуулгахгүй өөрийн стратеги гэж бий. Энэ бүгдийг нь томилогдож очсон албан тушаалтан өөртөө ашиг гаргахын тулд ямар ч мэдээллийг задална. Учир нь хамар доогуур нь тийм их мөнгө урсаж байхад цалингаас өөр юм авахгүй гэж бодохоос юу ч хийхэд тэр бэлэн байх биз. Төрийн 34 хувийн балгаас болж тус компаны удирдлагад хаоус орон зай үүснэ. Шалдар булдар юм шиг боловч энэ бол компанидаа их ноцтой байдлыг үүсгэнэ. Ийм хагаралтай байдалд орчихсон компаниуд ашиг орлого ярих нь байтугай дампуурлаа хэдий хугацаанд зарлах вэ гэдэгтээ тулна. Учир нь төрийн гар хүрсэн бүхэн сүйрдгийг социализмын үеэс бид их тод томруун харсан. Биднээс гадна дэлхий нийт ч энэ замыг тойрч биш, туулж л гарсан учраас болдоггүй юм гэдгийг маш сайн мэднэ. Засгийн газрын шийдвэрийг танилцуулсан Н.Учрал сайд олон нийтэд сайхан сонсогдохоор л ярьж байна лээ. “Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Бидний эцэг өвгөд халуун амь, бүлээн цусаараа үлдээсэн. Тиймээс ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх ёстой. Тусгай зөвшөөрөл гэсэн алга дарам цаас барьчихаад ард түмний баялгийг миний өмч гэж хэлж хэрхэвч болохгүй” гэж байна лээ. Ер нь дэлхийд алга дарам цаасгүйгээр хөрөнгө эзэмшиж байгаа ямар байгууллага, ямар хүн байна вэ. Бүгд л алга дарам цаасаар хөрөнгө эзэмшиж байгаа биш үү. Тэгж яривал бид өөрсдөө ч атгахан цаасаар (иргэний үнэмлэхээр) өөрийгөө амьтан биш хүн гэдгээ, Монгол Улсын иргэн гэдгээ баталгаажуулж харуулдаггүй билүү. Бүүр ч жижигхэн цаасыг мөнгө гэж нэрлээд энэ дэлхийн бүх зүйлийг худалдан авцгаадаггүй билүү. Алга дарам цаас бол хүний нийгмийг устгах хүчтэй гэдгийг бид бүгд мэднэ.
Наадах цаадахыг боддоггүй тэжээлгээд сурчихсан ард түмэнд сайдын үг их сайхан сонсогдож байгаа байх. Гэхдээ ийм замаар алхвал сүйрдэг гэдгийг тодоор нотолсон улс үндэстний түүх олон бий. Наанадаж Венесуэлийн гасалмаар түүхийг бүгдээрээ мэдэх байх. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес баячуудаас хөрөнгийг нь авч ард түмэндээ эзэмшүүлнэ гэж олон нийтэд зарласан. Үүнийгээ ч хийсэн. Хувийн хэвшлийнхний өмчийг хурааж улсын өмчид авсан. Төрийн хяналтаас болж олон аж ахуйн нэгж дампуурсан. Улсынх нь эдийн засаг сөхөрсөн. Удалгүй ардчилсан Венесуэл, венесуэлчүүд тартагтаа тулсан үндэстэн болж, тоталитар дэглэм рүү шилжсэн. Ингэж улс үндэстнээ тэр сөнөөсөн.
Ер нь төрийн хөрөнгө гэж байдаггүй. Яахав, төрийн өндөр дээд албыг хашиж яваа нөхдүүд ард түмний өмч хөрөнгө гэдэг л юм. Ачир дээрээ төрийн хөрөнгө гэдэг тухайн үед эрх барьж байгаа хэдэн дарга нарын хөрөнгө болдог. Үүнийг социалист системээр 70 жил явсны хувьд монголчууд бүгд мэднэ. Ард түмэн бүгдээрээ нэг хөрөнгийг эзэмшинэ гэдэг бол ёстой цонхны цаанаас чихэр долоолгодог заль. Тийм учраас л хувь хувьдаа хөрөнгөтэй байдаг. Тиймээс л хувийн өмчийг, чөлөөт эдийн засгийг эрхэмлэдэг улс орон өнөөдөр дэлхий нийтэд нэр хүндтэй, нөлөөтэй байгаа юм. Стратегийн ордуудын хувьцааг ард түмэнд эзэмшүүлнэ гэж байгаа нь 1950-иад оны мал нийгэмчилсэнтэй төстэй сонсогдоод байх юм. Төр хувийн хэвшлийнхэн дээр очоод хэлэлцээр хийнэ гэхэд урдаас нь өгөхгүй, үгүй гэж хэлэх зоригтой хүн олдох болов уу даа. Түүхэндээ тэгж чадаагүй юм шүү дээ.
Хэрвээ хэлэлцээрт орно гэвэл үүнд туслах гадаадын шилдэг хуульч, олон улсад нэртэй том хуулийн фирмийг хөлслөх ажлыг компаниуд зохион байгуулах хэрэгтэй. Стратегийн орд эзэмшигч компанийн удирдлагууд дангаараа хэлэлцээрт орвол айлгаж байгаад л авна. Айлгахаа байг гэхэд заль мэх нь дийлддэггүй гэдэг нь түүхээс ил харагддаг.
Малыг нийгэмчилсэн түүх инээдтэй шүү дээ. Мал нийгэмчлэх хурлын үеэр ганц ч хүн гаргахгүй хэрнээ цай цанаж өгөөд л байж. Хүн цай өгөхлөөр уудаг нь Монголын ёс. Өдөржин цай уусан хүмүүс давсаг нь хагарчихаа алдана. Шээх гэхээр хэдэн мал өгөх юм бэ, бушуухан хэлчихээд гар гэж суулгасаар нийгэмчилсэн гэдэг. Тавин онд ийм арга хэрэглэсэн улс өнөө үед ямар мэх хэрэглэхээ мэдэлгүй дээ. Сайдын яриад байгаа шиг бүх нийтээр буюу ард түмнээрээ хөрөнгө эзэмшинэ гэдэг бол үлгэр гэдгийг социализмын далан жилийн хугацаанд бид яс махаараа мэдэрсэн. Харин хувьцаа эзэмшиж, тэр нь бирж дээр “амьд” бол өөр хэрэг.
Дэлхий нийтэд төмөр хатагтай хэмээн алдаршсан Маргарет Тэтчерийн хэлсэн “Социалистууд ихэвчлэн баялгийг хуваарилахаас эхэлдэг. Гэвч эхлээд баялаг нь бүтээгдэх ёстой гэдгийг тэд мартсан байдаг” гэдгийг Монголын улстөрчид өнөөдөр ойлгомоор байх юм. Ой тойндоо шингээмээр байна.
Үүнээс гадна стратегийн бус орд эзэмшдэг том компаниудын эзэд дотроо баяртай суугаа байх. Хувийн хэвшлийн эзэмшилд байгаа стратегийн ордыг төр эзэмшинэ гэдэг тэдний хувьд нэг том өрсөлдөгч нь жагсаалаас гарч байгаа хэрэг шүү дээ. Хэрвээ төр хувийн эзэмшил рүү дайрдаг энэ үйл явц цааш өргөн хүрээнд үргэлжилбэл та бүхнийг ч тойрохгүй гэсэн үг. Ц.Баатарсайхан захирал “Говь”, “Хаан банк” хоёрыг миний өмч гэж бодож суугаа байх. Нэгэн цагт Хаан банк ч, Говь ч улсын өмч байсан. Улсынх байсан учраас төр хувьцаа эзэмшинэ гээд нэг л өдөр мэдэгдэж магадгүй л болж байна. “Номин Холдинг” группийн А.Шагдарсүрэн гуай “Энэ ч надад падгүй дээ” гэж дуугүй өнгөрч магадгүй. Гэхдээ Улсын их дэлгүүр нэгэн цагт мөн л улсын өмч байсан шүү дээ. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр Монголын бүх баячуудын хөрөнгийг төр авч дампууруулахад ойрхон байна. Яагаад гэвэл тэд эдгээр компанийг мөн л алга дарам цаасаар л эзэмшээ биз дээ. Нэг нартай өдөр Н.Учрал сайд та нар алга дарам цаасаар ард түмний өмчийг эзэмших эрхгүй гээд гараад ирэхэд хэлэх үг, өмөөрөх хүн олдох уу. Таван толгой гэх төрийн том компани яаж дампуурч байгааг дөнгөж саяхан бид яруу тодоор харлаа. Улсын төсөвтэй тэнцэх хэмжээний буюу 40 их наяд төгрөгийн хулгай шургачихаад байхад өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож шийтгэсэн хүнгүй сууж байна. Та бүгдийн хөрөнгийг яг ингэж л үрэн таран хийж болзошгүй байна. Тиймээс Монголыг авч яваа Монголын хөрөнгөтнүүд нэгдэж тэмцэхгүй бол таван жилийн дараа “Алга дарамхан цаасаар авчихаад…” гэж сайдад аашлуулаад бүгд хөрөнгөө хураалгачихсан сууж байх вий. Нөгөөтэйгүүр төр хувийн өмчийг дээрэмдэж байгаагаа “алга дарам цаасаар авчихсан учраас” гэж зөвтгөж байгаа нь яагаад буруу, ямар урхагтай болохыг Монголын сэтгэгч нар олон нийтэд таниулж өгмөөр байна.
Түүнчлэн “Монголын төр хайгуул хийсэн стратегийн ордууд…” гэж сайд хэлж байна лээ. Энэ их зэвүүн үг л дээ. Ачир дээрээ монголчууд ч хайгуул хийгээд олчихсон юм биш шүү дээ, эдгээр ордыг. Оросууд нээж олсон ордууд. Тиймээс ч “Бидний нээсэн юмыг та нар хэрэглэх эрхгүй, бид ядахдаа тэдэн хувийг нь мэдэх ёстой гэж оросууд хэлдэг юм биш биз дээ. Ингэж шахдаг юм биш байгаа” гэж иргэд таамаглан ярьдаг боллоо.
Р.ХИШИГ
Сэтгэгдэл (0)