УИХ-ын гишүүдийн цалин 7 саяас эхэлдэг
- 11 цаг 51 мин
- Улс төр
- 2
Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны тавдугаар сарын 16-нд баталжээ. Энэ хуулийн 41.9 дэх заалт найман сарын дараа ил болж, олны шүүмжлэл дагуулж байна.
Хуулийн 41.9-д. Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно гэж заасан байна.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын Хяналт, шалгалтын тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлж, батлуулжээ.
Энэ хуулийг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан бөгөөд өмнөх парламентын гишүүн нэр дэвшээгүй, нэр дэвшээд унасан бол энэ хууль үйлчилж эхэлжээ. Гишүүнээр ажиллаж байсан бол хүсэлт гаргаад уг тэтгэмжийг авах эрхтэй бөгөөд олон хүн авсан тухай мэдээлж байна.
УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүний нийгмийн баталгааг хангах, гишүүнээр ажиллаж төрийн нууцтай холбоотой мэдээлэл сонсож байсан хүний мэдээллийг чанд хадгалах, цалин орлогогүй болон цалин багатайн улмаас бусдад худалдагдахаас хамгаалж буй хөшүүрэг гэж энэ хуулийг тайлбарлаж буй юм.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан энэ хуулийг эсэргүүцэж, хүчингүй болгуулах хуулийн төсөл санаачлахаа мэдэгдээд байна.
Л.Мөнхбаясгалан, УИХ-ын гишүүд нийгийн баталгаагаа хангаж байж УИХ-д орж ирэх хэрэгтэй. Албатай юм шиг УИХ-ын гишүүн болж уначихаад, чадан ядан дэлгүүр, лангуу ажиллуулаад төлсөн иргэдийн татварын мөнгөнөөс тэтгэмж авна гэж байгаа нь шударга биш, ёс зүйгүй үйлдэл.
Өмнөх парламентын 30 гаруй гишүүн тэтгэмж авсан. Улсаасаа баян тэрбумтнууд авсан байна лээ. Гэхдээ хууль нь хэрэгжиж байгаа учир өгсөн нь хууль зөрчөөгүй, авсан нь ичих хэрэгтэй шүү дээ.
-Та хуулийн төсөл өргөн мэдүүлэхдээ ямар заалтыг тусгах вэ?
-УИХ-ын гишүүн тэтгэмж авдаг заалтыг хүчингүй болгох зорилгоор нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлнэ. Намайг гишүүнээс буувал надад бүү санаа зов, амьдраад л явчихна. Бүх УИХ-ын гишүүн ийм л байх ёстой гэв.
УИХ-ын гишүүний цалин долоон сая төгрөгөөс эхэлдэг. Төрийн албанд ажиллаж байгаагүй, анх удаа гишүүнээр сонгогдсон миний цалин долоон сая төгрөг байдаг гэж тэрбээр сэтгүүлчдэд ярьсан. Цалинтай холбоотой асуултад УИХ-ын шинэ, хуучин хэд хэдэн гишүүн татвараа суутгуулаад гар дээрээ таван сая гаруй төгрөг авдаг гэсэн юм.
Тэтгэмж авдаг энэ хуулийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, П.Сайнзориг нар зөв гэж үзсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ буруу гэж байр сууриа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (2)
Бат (202.9.46.11)
Ард түмэн минь парламентаа 2 тахимтай эсвэл хүчтэй ёрөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол төрөөс төрсөн тэр бумтаны цуваа тасрахгүйнээ ард түмэн минь ухаарч шаардаач
(202.126.88.149)
Бүтэн өдөр кассчингаар ажилладаг хүн 1200000 төг авч байхад Улсын Их Хурлын гишүүд ямар их авдаг юм бэ!