“Боловсролын салбарт чанарын тогтолцоог бий болгох нь чухал”

Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс дээд боловсролын сургалтын байгууллагуудад 2018 оныг “Чанарын дотоод баталгаажуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан “Чанарын соёл-чанарын дотоод баталгаажуулалт” сэдвийн дор олон улсын хурлыг зохион байгууллаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Азийн хөгжлийн банк, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй энэхүү олон улсын хурлыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нээж үг хэлсэн. Тэрбээр “Дээд боловсролд тулгамдаж буй чанарын асуудал нь манай улсын эдийн засгийн хөгжлийн байдал, сорилтууд болон хөдөлмөрийн зах зээлд гарч буй өөрчлөлт, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх ур чадвартай шууд холбоотой юм. Иймээс салбарт хийж байгаа шинэчлэл, сургалтын хэлбэр, агуулгын өөрчлөлтөд тохирсон цаашид хөгжих, чанаржихад нь дэм тус болж чадах хяналт үнэлгээ, чанарын баталгаажилтын тогтолцоог бий болгох, хөгжүүлэх нь нэн чухал байгаа юм. Их дээд сургуулиудын 80 хувь нь магадлан итгэмжлэгдсэн атлаа хөдөлмөрийн зах зээлд гарч буй мэргэжилтэй боловсон хүчний нэлээд хувь нь ажлын байртай болж чадахгүй байгаа Оюутан залуусдаа бидний эзэмшүүлж буй мэдлэг, ур чадвар тэдний болон нийгмийн, цаашлаад дэлхийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хэр хангаж чадаж байна вэ гэх мэт олон асуудал тулгамдсан хэвээрээ байна” гэлээ. Түүнчлэн төслийн хөрөнгийг нэн түрүүнд дээд боловсролын салбарыг чадавхжуулах арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд зөвхөн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл төдийгүй бүх шатны боловсролын байгууллагын удирдлага, багш эрдэмтэн судлаач, суралцагчдын үүрэг оролцоо маш чухал гэдгийг онцолсон.

М.ХИШГЭЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)