Ж.Бат-Амгалан: Нийт 430 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг ашиглалтад орно

Өнгөрсөн Даваа гаригт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-  Эрдэнэ, улсын чанартай их дээд сургуулиудын төлөөлөл, удирдлагуудын хамтаар Орхон аймагт ажиллаад ирсэн. Энэ үеэр Орхон аймгийн Боловсрол, Соёл урлагийн газрын Дарга Ж.Бат-Амгалангаас хариуцсан салбартаа хэрэгжүүлэхээр зорьж буй ажил, мөн тулгамдаж буй асуудлын талаар тодрууллаа.

- Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа танай аймагт ажиллалаа. Энэ үеэр салбар хариуцсан сайдад ямар асуудал тавьж, юуг шийдвэрлүүлэх хүсэлт гаргав?

Манай аймгийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 22 сургуульд  19078 сурагч, мөн өмчийн 34 цэцэрлэгт 9300 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Соёл урлагийн чиглэлээр долоон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Аймгийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо энэ жил хоёр хувиар өсөж, 87.7 хувьд хүрсэн нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлт. Бүтээн байгуулалтын тухайд орон нутгийн төсвийн хоёр гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр 280 хүүхдийн ортой цэцэрлэг барьж, ирэх намар ашиглалтад оруулах гэж байна. Мөн 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн төсвийн үлдэгдлийг энэ ондоо багтаан шийдвэрлэнэ. Ингэснээр шинэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 430-аар нэмэгдэнэ. Мөн улсын төсөвт хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн тус бүр 150 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг байна. Энэ хоёр цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг он дамнаж хийхээр төлөвлөсөн. Ерөнхий боловсролын тухайд сургууль завсардсан сурагч байхгүй байна. Энэ жилийн хувьд 12 дугаар ангийг 1300 сурагч төгсч байгаа бол өмнөх жил тодорхой шалтгаанаар хоцорсон, нэмэлтээр орох 100-200 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгнө.  

 

- Салбарын сайдын чухалчилж үзэж байгаа асуудлуудын нэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчныг сайжруулж, тэднийг хэрэглэгдэхүүнээр хангах явдал. Танай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хичнээн хүүхэд байдаг вэ? Тэдний сурах орчин ямар байна вэ?
Манай аймагт 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй 557 хүүхэд байдаг. Тэднээс зайлшгүй асаргаа сувилгаа шаардлагатай мөртлөө сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой нэлээдгүй хүүхэд багачууд бий. Нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг харахын тулд ахиад нэг эцэг, эх, ах, дүү, хамаатан садангийн төрөл нь гэртээ ажилгүй суух шаардлага тулгардаг. Тиймээс эдгээр хүүхдүүдийг зориулалтын цэцэрлэгт, мэргэжлийн боловсон хүчнээр хангаж хамруулах юм бол ажилгүй гэртээ суугаа төдий тооны иргэд ажилтай, орлоготой болж, амжиргаагаа дээшлүүлэх боломж бүрдэх юм. Бид энэ мэтчилэн олон талаас нь бодолцож үзсэний дүнд дээр дурдсан улсын төсвийн хөрөнгөөр барих 150 хүүхдийн ортой хоёр цэцэрлэгийн нэгийг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувилахуйн цэцэрлэг болгох саналыг салбарын сайд Ц.Цогзолмаад тавьсан. Үүний тулд энгийн цэцэрлэгээс илүү тохижилт, тоног төхөөрөмж шаардлагатай болно. Тиймээс шаардагдах хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж болох боломжийн талаар судалгаа хийж, сайдад танилцуулахаар зэхэж байна. Дараагийн нэг санал нь багш нарын үр дүнгийн урамшууллыг олгоход зөрүү гарах, үүнээс шалтгаалан төсвийн хүндрэлийг хэрхэх асуудал. Сайдын тушаалаар багш нарын үр дүнгийн урамшуулал 15 байсныг 20 хувь болгож нэмсэн. Энэ талаар Цогзолмаа сайд хэлэхдээ зөвхөн манай аймагт бус, орон даяар ийм асуудал гарч байгаа учир нарийн тооцоо судалгаагаа гаргаж өгөхийг даалгасан. Ингээд оны эцэст төсвийн тодотгол хийх үеэр энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Ийм хоёр асуудал дээр голлож санал, хүсэлт тавьсан.

- Аймгийн хэмжээнд боловсролын чанарыг сайжруулахад багш нарынхаа ур чадвар, заах арга зүйд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Орхон аймгийн түвшинд боловсролын салбарт нэлээд олон өөрчлөлт хийхээр төлөвлөж, эхнээс нь ханцуй шамлан ороод байна. Аймгийн ЗДТГ-аас хөгжилд хүрэх 18 дэд хөтөлбөрийг салбар бүрт гаргаснаас манайд хамаатай нь  “Багш” дэд хөтөлбөр. Хөтөлбөр батлагдаад хэрэгжээд явж байна. Энэ хөтөлбөрийн зорилго нь багшийн ур чадварын нэмэгдүүлэх, нийгмийн асуудалд анхаарах гэхчилэн тодорхой төлөвлөгөө гаргасан явж байна. Жишээлбэл, нийгмийн асуудал дээр нийгмийн буцалтгүй тусламжийн санд улиралд нэг удаа 30 сая төгрөг төвлөрүүлж,  салбарын нийт 2500 гаруй багш, ажилтнуудад эрүүл мэндийн тусламж, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр, орон сууцны засвар, ном, гарын авлага хэвлүүлэх гээд таван чиглэлээр өргөдөл авч, комисс шүүж, шийдвэрлэж байна. Мөн сурах, мэдэх эрмэлзэлтэй 100 залуу багшийг сонгож, ур чадвар нэмэгдүүлэх гурван шатны сургалтад хамрууллаа. Тэд Орхон аймгийн боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэл хийх багш нар болно гэдэгт итгэлтэй байна.   
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)