Нийслэлийн их, дээд сургуулийн элсэлтийн босго оноог нэмлээ
- 2018-04-12
- Боловсрол
- 0
БСШУС-ын сайдын тушаалаар элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 480 байхаар тогтоожээ. Яамны зүгээс босго оноог нэмж тогтоосноор дээд боловсролыг чанаржуулах ач холбогдолтой гэж үзжээ. БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан “Боловсролын үнэлгээний төвөөс 2016-2017 онд хийсэн судалгаанаас харахад нийт төгсөгчдийн 85 хувь нь их дээд сургуульд элсч байна. Босго оноог нэмснээр өмнөх жилд дээд сургуульд элсч байсан нийт хүүхдүүдийн 18 хувь нь хасагдана гэсэн үг. Ингэснээр мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоо ч нэмэгдэнэ. Харин хөдөө орон нутгийн сургуулиудаа дэмжих бодлогоор орон нутгийн сургууль болон коллежийн оноог 400 хэвээр нь үлдээсэн” гэв. Энэ жил ЕБС-ийг 42000 орчим хүүхэд төгсч байгаа бөгөөд өмнөх оны төгсөгчдөөс 3000-4000 төгсөгч нэмэгдэн 45000 шалгуулагч ЭЕШ өгөх бөгөөд бүртгэлийн ирц одоогоор 80 хувьтай явж буйг Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээллийн мэргэжилтэн М.Цэрэннадмид хэллээ. Сонирхуулахад, Дорноговь аймгийн Засаг дарга ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг сая, багшийг 500 мянган төгрөгөөр урамшуулах захирамж гаргасан байна.
Б.Мөнх
Сэтгэгдэл (0)