Р.Нямдаваа: Гадаад бодлого тэнцвэрийн зарчим дээр явж байна

Базарбямбын НЯМСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваатай хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгардаг асуудлуудыг шийдвэрлэхэд ямар гарц боломж байгаа талаар ярилцлаа. 

 

Гадаадад байгаа иргэд сошиал медиаг гарц гэж харж болохгүй

Блиц:

-МУИС-ийн ОУХНУС-д бакалавр, магистр. Олон улсын аюулгүй байдал судлалаар мэргэшсэн.

-2016-2022 онд Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнд судлаач.

-2018-2024 онд NTV телевизэд Гадаад мэдээний тоймч.

-2024 оноос Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч.

-Өнөөдрийн байдлаар манай улсын 210 мянга гаруй иргэн хилийн чанадад ажиллаж амьдарч байна. Гадаад харилцааны яамны чиг үүрэг нь иргэдийнхээ хууль ёсны эрхийг хамгаалах юм. Хууль ёсны эрх гэж тодотгож байгаагийн учир нь манайхан ярьдаг даа, гадаад орнуудад хууль бусаар буюу “хараар” амьдрах гэдэг. Гадаадад амьдарч байгаа иргэд маань “харлах” юм уу визний хугацаа хэтрүүлэх нь эргээд тухайн хүн хууль ёсны эрхээ хамгаалж чадахгүйд хүрдэг.

Үнэхээр асуудалд ороод эрүүгийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд многол хүн өөрийн эх орноо төлөөлөн байгаа дипломат төлөөлөгчийн газарт хандах ёстой. Гэхдээ 

Гадаад харилцааны яамны олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүрэг, дотоодын эрх зүйн зохицуулалтууд гэж бий. Энэ хүрээндээ л ГХЯ ажиллах боломжтой. Тэгэхээр иргэд тухайн оршин байгаа орныхоо визний хугацааг зөрчих, харлах зэрэг нь өөрсийгөө хамгаалуулах эрхэд нь харшлах нөхцөл бий болох сөрөг талтай. Тэгэхээр Гадаад харилцааны яамнаас иргэдэд хандаж уриалахад аливаа улсын консулын газраас виз авсан бол, эсвэл тухайн улс орондоо очиж ажиллаж амьдарч сурч байгаа бол битгий визний хугацааг хэтрүүлээрэй. Хугацаандаа эргэж эх орондоо ирээрэй, хууль ёсны дагуу оршин сууж амьдраарай гэж уриалж байгаа. Энэ нь эргээд аливаа асуудалд эерэгээр шийдэх гарц болдог.

Хоёрдугаарт, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд хилийн чанадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хангах зорилгоор тухайн улс оронд ажилладаг. Ялангуяа ГХЯ-ны зүгээс иргэддээ аль болох хүртээмжтэй байх үүднээс хичээж ажилладаг. Сүүлийн дөрвөн жилийн хугацааг үзэхэд цар тахлын үед манай улс Хятадын Манжуур хотод Консулын газар нээсэн. 2022 онд АНУ-ын Чикаго хотод, Австрали, Чех, Шведийн Элчин сайдын яамдуудад Консулын хэлтэс нээсэн. 2023 онд Франц дахь ЭСЯ-нд Консулын хэлтэс, 2024 онд Узбекистан улсад ЭСЯ-аа байгуулсан гээд аль болох иргэддээ хүрч үйлчлэх гэж зорьж ажиллаж байгаа. Нөгөө талаар иргэдийн хувьд гол тулгамдаж байгаа асуудал бол Консулын газар руу, ЭСЯ руу хандахаас илүүтэйгээр сошиал медиаг гарц гэж хардаг, сошиалаас мэдээлэл авдаг, тэнд өөрсдийнх нь асуудлыг шийднэ гэж хардаг тохиолдол байдаг. Тэгэхээр ГХЯ-ны зүгээс иргэдэд уриалдаг зүйл бол албан ёсоор эх орноо төлөөлөөд тухайн оршин суугаа оронд чинь суугаа дипломат төлөөлөгчийн газраа хандаачээ гэж зөвлөмөөр байдаг. Мэдээж бүх хүн Элчин сайдын яамандаа хандахгүй, бүгд цахимаас мэдээлэл аваад байна уу гэвэл бас өрөөсгөл. Тодорхой хэмжээнд иргэд ханддаг. Гэхдээ ихэнхдээ сошиалаас мэдээлэл авахыг илүүд үзэх хандлагатай байна.

Үүний нэг жишээ нь Гадаад харилцааны яамны Консулын газарт Иргэдэд туслах сан гэж байдаг. Энэ талаар хилийн чанадад амьдарч ажиллаж байгаа иргэд маань тэр болгон мэддэггүй юм билээ. 2008 оноос эхлээд өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийтдээ 1000 гаруй иргэнд 2,5 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг энэ сангаас аргаж гадаадад байгаа иргэддээ тусламж хэлбэрээр өгсөн байна. Дунджаар жилд 200-300 сая орчим төгрөгийн дэмжлэгийг үзүүлдэг гэж ойлгож болно. Гэтэл 2024 оны тоон үзүүлэлтийг харахад төсөвт тусгасан тоо хэмжээндээ хүрээгүй. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл иргэд энэ талаар тэр болгон мэддэггүй байх. Нөгөө талаар Гадаад харилцааны яам  энэ төрлийн ажлаа сурталчилж таниулаагүйгээс болдог байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хилийн чанадад та ямар нэг асуудалд орсон, эсвэл ойр ойрны хүн тань нас барсан, шарилыг нь эх орондоо авчрах хэрэгтэй болох, эсвэл эрүүгийн гэмт хэргийн халдлагын хохирогч болсон бол тухайн улсад байгаа ЭСЯ, Консулын газраар дамжуулаад эсвэл Монгол дахь Гадаад харилцааны яамны Консулын газарт хандаад дэмжлэг хүсэх боломжтой. Иймэрхүү мэдээллүүдийг эрх зүйн талаас нь бас судалж үзэж байгаарай. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын consul.mn цахим хуудаст ч дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Иргэд тодорхой нөхцөлд орсон, үнэхээр дэмжлэг тусламж хэрэгтэй үед шаардлагатай бичиг баримт, өргөдөл зэргийг баталгаажуулаад ийм төрлийн дэмжлэгийг авч болно. Гадаад харилцааны яам эдийн засгийн утгаараа бүх хүнд хүрч ажиллаж чадахгүй ч үнэхээр шаардлагатай үед, яаралтай тохиолдолд нутаг нэгтэндээ туслаж дэмжих нь монгол төрийн үүрэг юм. 

 

ЭСЯ бол иргэдийнхээ хууль ёсны эрхийг нь хангахын төлөө ажиллаж чадна

 

Монгол Улсын нийт 50 гаруй дипломат төлөөлөгчийн газар хилийн чанад дахь гадаад орнуудад ажиллаж байна. 50 гэдэг тоо өндөр харагдаад байгаагаас биш зарим газарт 2-3 хан хүн ажилладаг дипломат төлөөлөгчийн газар олон байгаа. Энэ болгонд хүрч ажиллахыг хичээдэг. Гэхдээ иргэд маань ЭСЯ-ны нөхцөл байдлыг харилцан ойлгодог байх нь эргээд мэдээлэлтэй байх, төрийн үйлчилгээ саадгүй хүрэх, консулын үйлчилгээг чирэгдэлгүй авах гээд илүү таатай нөхцөл боломжууд бүрдэнэ. Гэхдээ өмнө хэлсэнчлэн ЭСЯ бол иргэдийнхээ хууль ёсны эрхийг нь хангахын төлөө ажиллаж чадна. Бид цаашаа гадаад ертөнцтэй холбогдож байгаа хүмүүс.  Бид олон улсын эрх зүйн хэм хэмжээнээс  давсан шаардлагыг тавьж чадахгүй. Өөрсдийнхөө чадлын хэмжээнд, өөрсдийнхөө иргэдээ аль болох асуудалд оруулахгүй байх чиглэлд ажиллаж байгааг ойлгож байгаасай гэж хүсдэг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар хилийн чанадад 350 иргэн саатуулагдаж, 79 иргэн нас барж, 200 иргэн (БНХАУ-54, БНТУ-32, БНСУ-27, ХБНГУ-13, Тайланд-11, Вьетнам-10,  ОХУ-6 г.м) ял эдэлж байна. Энэ нөхцөл болгонд ГХЯ дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулан аль болох иргэдтэйгээ ойр байж, асуудлыг шийдэхийг эрмэлзэж ажиллаж байна.

 

Нотариатын үйлчилгээг цахимжуулсан

 

-ГХЯ-ны нэн чухал чиг үүрэг бол иргэддээ үйлчлэх. Тэр утгаараа хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын консулын үйлчилгээний 60 гаруй хувийг зөвхөн нотариатын үйлчилгээ эзэлдэг. Тэгэхээр үүнийг цахимжуулах, хялбаршуулах чиглэлээр идэвхитэй ажиллаж, Монголын нотариатчдын танхимтай хамтран “Цахим нотариат” системийг хилийн чанадад суугаа нийт ДТГ-уудад өнгөрсөн 2023 оны нэгдүгээр сараас бүрэн нэвтрүүлсэн. Ингэснээр, хилийн чанадад оршин суугаа иргэдийн гэрчлүүлсэн итгэмжлэл, бичиг баримтыг Монгол руу илгээх, хүлээн авах ажиллагааг хөнгөвчилж, иргэдийн цаг, зардлыг хэмнэх боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар манай улсын бүх төрлийн паспорттой иргэд 30 улсад, дипломат, албан паспорттой иргэд 65 улсад визгүй зорчиж байна. 2024 онд бүх төрлийн паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Вьетнам, Мальдив, Парагвай улстай тус тус байгуулсан бол цаашид Катар, Доминикан, Гүрж, Армени улстай бүх төрлийн паспорттой иргэдийг, Португал, Бельги, Люксембург, Нидерланд, Египет зэрэг улстай дилломат болон албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байна.

 

Тэнцвэртэй олон тулгуурт гадаад бодлогоо эрхэмлэнэ

 

-Манай Улс бол Гадаад бодлогын үзэл баримтлалтай, харьцангуй амжилттай хэрэгжиж ирсэн гадаад бодлоготой улс. Бидний хувьд олон улсын зөрчил тэмцэл маргаан газар аваад байгаа үед гадаад бодлогын ерөнхий жанжин шугамаасаа хазайхгүй байх шаардлага нэн тэргүүнд тулгарч байгаа. Өнгөрсөн жил бид Төв Азид багагүй төвлөрсөн, тэнцвэртэй гадаад бодлогыг эрхэмлэсэн, Гадаад харилцааны хувьд оргил он байлаа. Ирэх жил ч бас энхийг эрхэмлэсэн, тэнцвэртэй, олон тулгуурт нээлттэй гадаад бодлоргыг эрхэмлэнэ гэсэн зорилгыг том зургаар тавьж байгаа. Мэдээж одоо явагдпаж байгаа  яриа хэлэлцээнүүдийн түвшинд айлчлалууд тодорхой түвшиндээ хэрэгжээд шийдэгдээд явах байх. Хамгийн гол нь Монгол Улс тэнцвэртэй олон тулгуурт гадаад бодлогоо зайлшгүй сахиж дагах ёстой гэдэг чиг шугам бол төрийн удирдлагын түвшинд ч, яамны удирдлагын түвшинд ч байна. Гадаад бодлогыг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэхэд Гадаад харилцааны яамны зүгээс бас багагүй анхаарч байгаа. Аливаа улстай хамтарсан Эдийн засгийн гэрээ хэлэлцээрүүд байгуулагдах таатай орчин нөхцөл, итгэлцлийг бэхжүүлэх нь яамны бас нэг чиг үүрэг байдаг. Нэгэнт ингээд бэхжүүлсэн тохиолдолд эргээд салбар хоорондын яриа хэлэлцээг цаг тухайд  явуулах, бодит үр дүнд хүргэх, манай талын үр өгөөжийг нэмэгдүүлэх тухай нь дараа дараагийн асуудал. Нөгөө талаар прагматик хамтын ажиллагааны асуудал бол чиглэлийн яамны асуудал болоод явчихаж байгаа. Өнгөрсөн жилүүдэд Гадаад харилцааны яамны хувьд тэнцвэрийг хангах, эдийн засгийн таатай нөхцлийг хангах чиглэлд илүүтэй анхаарч байгаа. Гэхдээ гадаад харилцааг эдийн засагжуулах тухай асуудалд маш болгоомжтой хандаж оролцох хэрэгтэй. Гадаад харилцааг зөвхөн эдийн засгийн өгөөжөөр харах нь эрсдэлтэй. Гэхдээ нэг зүйлийг бардам хэлэхэд Гадаад харилцааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа төрийн өндөр түвшний айлчлалууд, Засгийн  газрын тэргүүн, Их хурлын дарга, Засгийн газрын гишүүний айлчлалуудыг том зургаар нь, эдийн засгийн утгаар нь харах юм бол бүгд эерэг үр дүнтэй байгаа. Хөрөнгө оруулалтын таатай хөрс хаанаас бий болж байна гэхээр хамгийн гол нь улс төрийн итгэлцлээс үүсдэг. Энэ асуудалд бид улс төрийн гадаад бодлогын тэнцвэрээ хангаж байх ёстой. Ингэж хангаж байгаа нэг тод жишээ бол гуравдагч хөршүүдтэй хамтарсан мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Хоёр хөрштэй хамтарсан төслийг хэрэгжүүлж байгаа. Ер нь манай гадаад бодлого тэнцвэрийн зарчим дээр явж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)