А.Навальный: Миний амьдрал галзуу хулгана

Кремлийг шүүмжлэгч Алексей Навальный ял авсны дараах анхны ярилцлагаа “Нью-Йорк Таймс” сонинд өгчээ. Москвагийн авлигын хэргийг улс төрийн карьераа болгосон Навальный Покров дахь чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байна. Түүний ярилцлага өнгөрсөн лхагва гарагт хэвлэгдсэн бөгөөд Navalny.com сайтад нийтлэгджээ. Навальный энэ удаад “Оросын гулагуудад хүнд хүчир ажил хийлгэдэг үе дуусчээ. Эрх баригчид одоо тархи угаах, суртал ухуулгын “сэтгэлзүйн хүчирхийлэл” хийдэг болсон. Хаа сайгүй видео камер байрлуулсан Хятадын хөдөлмөрийн лагерь гэсэн үг. Владимир Путиний дэглэм хэзээ нэгэн цагт дуусна. Эрт орой нэгэн цагт Орос ардчилсан Европын хөгжлийн зам руу шилжих л болно. Хүмүүс үүнийг л хүсч байгаа” хэмээн ярьжээ. Тэрс үзэлтэн гэгддэг А.Навальныйг хорих хугацааг гурван жилээр сунгах шинэ хэрэг үүсгэсэн. Хэрэв гэм буруутайг нь тогтоовол 2024 он хүртэл ял эдэлнэ.

-Ерөнхийлөгч Жо Байден Владимир Путинтэй уулзсан нь ухаалаг алхам байсан уу. Европын удирдагчид В.Путинтэй уулзах нь зөв үү эсвэл зайлсхийх ёстой юу?

-Энэ бол Ерөнхийлөгч Байдены төрийн хэрэг. Путиний зорилго бол телевизийн зураг авалт. Дотоодын телевизүүд "Өрнөдийн үе үеийн удирдагчид манай мөнхийн ухаалаг Ерөнхийлөгчийг хэчнээн шүүмжилсэн ч түүн дээр очиж хэлэлцээрийн ширээний ард суугаад ямар нэгэн зүйл гуйж байна. Эцсийн эцэст, дэлхийн асуудлыг түүнгүйгээр шийдэх боломжгүй" гэж дамжуулсан. Шоронд би төрийн телевиз үзэх үүрэгтэй. Надад итгээрэй, энэ сэдвийг Кремль маш үр дүнтэй тоглосон. Уулзалтын дараа Путин сөрөг хүчний аливаа үйл ажиллагааг "хэт даврагч" гэж зарлаж, үнэн хэрэгтээ гэмт хэрэгт тооцлоо. Хэдэн арван мянган хүнийг аль ч шатны сонгуульд оролцохыг хориглосон. Хүчтэй нэр дэвшигчид Төрийн Думын энэ удаагийн сонгуульд "Навальныйг дэмжиж, жагсаалд оролцсоныхоо төлөө" гэсэн шалтгаанаар өрсөлдөх эрхгүй болсон. Чухамдаа Зөвлөлтийн үеийн Төрийн эсрэг суртал ухуулгын тухай хууль ОХУ-д сэргэжээ. Шүүхийн албан ёсны шийдвэр гараагүй ч олон зуун вэбсайтыг хаалаа. Улс төрийн хоригдлуудын тоо нэмэгдсээр байна. Байдентай уулзсан уулзаагүй хэлмэгдүүлэлт үргэлжилнэ. Гэхдээ Байдены стратеги ямар ч байсан шууд үр дүнд хүрч чадахгүйг ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, авлигын мэдэгдэл нь Кремлийн элитүүдийн инээдэм болоод өнгөрнө.

 

-Таны бодлоор Кремлийн хэлмэгдүүлэлтийн эсрэг ямар арга хэмжээ авах ёстой вэ. АНУ таны жагсаалтад орсон олигархиудад хориг тавиагүйд гонсгор байна уу?

-ОХУ-д хориг арга хэмжээ авах шаардлагагүй. Эх орноо дээрэмдэж, ард түмнээ ядууруулж, ирээдүйгээс нь хагацуулж байгаа хүмүүст одоогийнхоос хамаагүй хатуу шийтгэл оногдуулах ёстой. Үүнийг "Ард түмнийг дэмжих, авлига, худал хуурмаг, дарангуйллын эсрэг хориг арга хэмжээний багц" гэж нэрлэвэл зохино. Ойлгомжтой хэлье, өнөөг хүртэл ийм төрлийн бүх хориг арга хэмжээг Путиний бүлгийн гишүүд үл тоосон. Хувийн онгоц, дарвуулт завьтай, гадаадын банканд олон тэрбумын хадгаламжтай олигархуудын эсрэг хориг тавиагүйд урам хугарсан. Путиний дэглэм бол мафийн бүлэглэл юм. Энэ мафийн гишүүд хүүхдүүдээ гэрлүүлж, худ ургийн давхар холбоотой болжээ. Яг л гэр бүлийн овгийн цуглуулга бөгөөд аав нь ФСБ-ийн дарга, хүү нь Төрийн банкны тэргүүн. Дээр нь саро capo di tutti capi (мафийн гишүүдийн орлогоос хувь авдаг толгойлогч) Путин байна.

 

Өрнөдийн удирдагчид үүнтэй тэмцэхэд жинхэнэ шийдвэр гаргах ёстой. Ялангуяа Путиний олигархиудыг "бизнесмэн" гэж нэрлэхээ болих хэрэгтэй.

Кремль Америкийн засаг захиргааг хялбархан удирдаж байгаадаа баяртай байна. АНУ-ын Конгресст саяхан байгуулагдсан Авлигатай тэмцэх хороо маш зөв мэдэгдэл хийлээ. Олигархиудын эсрэг хориг арга хэмжээ авахаар шийджээ. Гэхдээ далайн хоёр эргийн удирдлагууд бохир, цуст мөнгөний эздийн шийтгэлгүй үлдэхийн төлөө тэмцэж буй хуульчид, лоббичид, банкируудын армийг даван туулахад хэцүү.

-Оросын сөрөг хүчний удирдагч нар барууны орны Засгийн газартай холбоотой байдаг. Хааяа барууныхны дэмжлэг сөрөг үр дагавар авчирдаг уу? 

 

-Кремль "Бидний бүх сорилт бэрхшээл барууны хориг арга хэмжээнээс үүдэлтэй бөгөөд сөрөг хүчин шинэ арга хэмжээ авахыг шаардаж байна" гэдэг. Сонирхолтой нь уг суртал ухуулга нь Европын хүнсний бүтээгдэхүүнийг хориглох гэх мэт В.Путиний тавьсан түгээмэл бус "эсрэг хориг арга хэмжээ"-г "Өрнөдийн хориг" гэж нэрлэдэг. Энэ хооронд Дмитрий Медведевт олон тэрбум ам.долларын хахууль өгсөн олигарх Усманов 470 гаруй сая ам.долларын үнэтэй "Дилбар" дарвуулт онгоцоороо Монако, Итали хоёрын хооронд асуудалгүй амьдарч байна. Путиний ордныг санхүүжүүлсэн Роман Абрамович ч гэсэн нэгэн жишээ. Олигархтай тэмцэхгүй бол авлигатай тэмцэхгүй.

 

-Улс орнуудаас ОХУ-ын Засгийн газарт өгсөн сэрэмжпүүлэг таны аюулгүй байдалд нөлөөлсөн үү?

 

-Шинэ хориг арга хэмжээ долоон жил дараалан хүн амын бодит орлого буурсан Оросын эдийн засгийг унагах вий гэж үнэхээр эмээдэг. Нөгөөтэйгүүр, би ямар ч дарамтанд бууж өгөхгүй. 

 

-Шоронгийн нэг өдрийг хэрхэн өнгөрүүлж байна?

-Хоригдлуудын ихэнх нь үйлдвэрлэлийн бүсэд ажилладаг. Бүгд 24 цагийн хяналтанд байна. Өглөө 05.00-06.00 цаг миний хамгийн дуртай мөч. 06.00 цагт жижүүрийн хонх дуугарч хуягууд "Отряд, сэр!“ гэж хашгирдаг. Бид гадаа гарах ёстой. 07.30 цагт өглөөний цайгаа ууна. Дараа нь "боловсрол" -ын цаг эхэлж тархи угаах нэвтрүүлэг үздэг. Цай эсвэл кофе ууж, зууш иддэг учир би "хоолны өрөө" гэж нэрлэсэн. Лекцийн үеэр унших, бичих, өөр зүйл хийхийг хориглоно. Та сандал дээр суугаад зурагт үзэх ёстой. 14.00 цагт үдийн хоолоо идээд дахин "боловсролын үйл ажиллагаа"-нд орно. Энгийн иргэн болгох хөтөлбөрийн гол хэсэг бол "эх оронч боловсрол" юм. Бид Аугаа эх орны дайны тухай кино үздэг. Эсвэл 40 жилийн өмнө манай тамирчид америкчууд эсвэл канадчуудыг яаж ялсан тухай. Энэ сэдвээр хэчнээн кино улсын мөнгөөр найруулсныг төсөөлж ч чадахгүй нь. Өдөр бүр 18.00 цагт Путиний дэглэмийг сурталчилсан нэвтрүүлэг үздэг. Оройн хоолны дараах нойр хүргэм лекцийг заавал сонсох ёстой. Ямар ч хөдөлмөр эрхпээгүй мэт боловч ядарч туйлдаж, орондоо орохыг мөрөөддөг.

 

-Чанаргүй хоол өгсөн тухай гомдоллосон. Тэд хоолоо өөрчилсөн үү?

 

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ачаар хоолны чанар сайжирсан. Үндсэн цэс нь будаа юм. Гэхдээ та мөнгөтэй, танилтай бол хоол захиалж болно.

 

-Захиргааны байгууллагатай хамтарч ажилладаг "идэвхтнүүд” гэгддэг хоригдлуудтай асуудал үүсгэж байна уу?

 

-"Улаан бүс"-д бүх зүйл "идэвхтнүүдээс" хамаардаг. Манай бүлгийн гуравны нэгийг тэд эзэлдэг. Ялангуяа намайг өлсгөлөн зарлаж байх үед зөрчилдөөн үүссэн. Шоронгийн удирдлагууд "идэвхтнүүдэд" намайг дарамтлахыг тушаажээ. Хэцүү үе байсан. Оросын шоронгийн тухай тэнэг хэвшмэл кинотой төстэй. Покровын шорон сэтгэлзүйн хүчирхийллийн чиглэлээр мэргэшсэн. Таныг зодохгүй ч эцэс төгсгөлгүй өдөөн хатгалгаар тамлах болно.

 

-Шоронгийн амьдралаас таалагддаг зүйл бий юу? 

 

-Хуваарь. 22.00 цагт унтаж, 06.00 цагт сэрэх ёстой. Би эрт унтаж, эрт босох мөрөөдлөө биелүүлэх газрыг олсон. Гайхаж магадгүй ч би шоронд хоол хийх дуртай. Би өмнө нь хоол хийж байгаагүй. Талх, буцалсан ус, хамгийн хямд гоймон, лаазалсан махнаас өөр юу ч байдаггүй орчинд хоригдлуудын хоол хүнсээ төрөлжүүлэх бүтээлч сэтгэлгээ намайг алмайруулсан юм. 

 

-Та ямар нэгэн сонирхолтой шивээстэй хүн харсан уу. Ер нь шивээс хийлгэх бодол төрсөн үү?

 

-Энэ шорон видео камераар битүү тоноглосон Хятадын хөдөлмөрийн лагерьтай адил. Байнгын хяналт, "хар бүсүүд" дэх амьдралын үндэс болсон "хулгайчдын уламжлал"-тай. Эцсийн эцэст дүрмийг үүнд зориулж бүтээсэн. Хоригдлууд Покровт ирэхгүйн тулд чадах бүхнээ хийдэг. Байцаалт өгөхөөр урьдчилан хорих төвд очихыг амралтанд явах гэж ярьдаг. Шивээс хийх машин, тэр ч байтугай гар хийцийн машин бол өөр орчлон ертөнцийн бүтээл. Шивээс хийлгэвэл минутын дотор захиргаанд шууд мэдэгдэх бөгөөд шийтгэлийн өрөө рүү марш. Би аль хэдийн халзан, туранхай хоригдол болсон. Шоронгийн өөр төрх надад хэрэггүй.

 

-Та саяхан эмнэлгийн тусламж авсан уу?

 

-Миний эрүүл мэндэд санаа тавьсан хүн бүрт талархаж байна. Намайг шөнө бүр сэрээхээ больсон. Нойр эрүүл мэндийн эм. Нойр дутуу байлгах нь нууц албаны хамгийн дуртай эрүүдэн шүүлт. Ул мөр үлдээдэггүй яргалал юм.

 

-Шоронгийн удирдлагууд таныг ямар нэгэн нэмэлт аргаар шийтгэсэн үү?

 

-Шоронд долоон сар болохдоо видео камергүй газар очиж үзээгүй. Би уулзалт бүрийг бичдэг. Хуягууд надтай зөөлөн харьцвал өөрсдөд нь асуудал үүснэ. Шоронгийн даргын өрөөнд бичлэг хадгалах тусгай сервер бий. Инээдтэй нь миний эрхийг зөрчсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргахад "Техникийн эвдрэлээр бичлэг устгагдсан" гэж хариулсан.

 

-Шоронд амь насаа алдах эрсдэлтэй юү?

 

-Олон жил өнгөрөхөд "яагаад намайг алаагүй юм бол" гэж өөрөөсөө асуудаг. Энд алуулах магадлал 50 хувьтай. Бидний мэдэж байгаагаар ФСБ-ын тагнуулчид намайг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэж байгаагаа мэдэгдсэний маргаашнаас эхлэн мөшгөсөн. Путин өөрийнхөө зарим айдас, үзэл бодолд хэт автсан болохоор ийм алхам хийсэн. Зурхайчид, бөө нар Кремльд албан ёсоор ажилладаг. Путин ид шидэд хэт автаж, бугуйндаа улаан утас зүүж явдаг.

Миний амьдрал бол галзуу хулгана. Тэд "Навальныйг алах" төслийг хэрэгжүүлж чадаагүй. 

-Та В.Путинийг ялж чадах уу. Оросын сонгуулийн системээр дамжуулан улстөрийн өөрчлөлт хийх боломжтой юу? 

 

-Төрийн Думын сонгуулийн кампанит эхэлсэн. Тэд манай төв байрны системд ажилласан хүмүүсийг хэт даврагчид гэж зарласан. Хэрэв бид сонгуульд оролцсон бол мөнгө, мэдээллийн эх үүсвэргүй байсан ч "Нэгдсэн Орос" намыг ялах байсан. Путин бол хэзээ ч мэтгэлцээнд оролцож байгаагүй улстөрч. Тэр урьдчилан бэлтгээгүй асуултуудаас айдаг.

 

Путин бие махбодийн хувьд ч, улс төрийн хувьд ч мөнх биш.

Түүнийг эсэргүүцэл, хувьсгалаар огцруулж, Кремлийн боловсон хүчний талыг хянадаг асар том хэвлэл мэдээллийн хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэрийг гартаа төвлөрүүлсэн, Москва хотын дарга Собянин шиг хэн нэгний хийсэн хялбархан төрийн эргэлтээр огцруулж болно. Сайд Шойгу, Лавров нарын нэр хүнд түүнээс хамаагүй өндөр бөгөөд тэд элит доторх зөрчилдөөний нэг хэсэг болно. Путиний дэглэм бол өвчтэй Ельциний авилгач гэр бүлийн сонголт буюу хууль бус түүхэн осол юм. Энэ алдааг эрт орой хэзээ нэгэн цагт засч, Орос улс Европын хөгжлийн ардчилсан замаар явах болно.

 

-Ард түмнээ ирэх сард болох Думын сонгуульд саналаа өгөхийг уриалж байна уу. Таны ухаалаг санал өгөх стратеги хэвээрээ юү?

 

-Бид иргэдээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Ухаалаг санал өгөх стратеги ийм нөхцөлд ч ажилладаг. Энэ стратегиа Москва, Санкт-Петербург, Сибирийн хотуудад сүүлийн хэдэн жил туршсан. "Нэгдсэн Орос" намын монополчлолыг бууруулж, улс төрийн системийг илүү төвөгтэй болгоно.

 

-Таныг хордуулснаас хойш нэг жил өнгөрчээ. "Левада" төвөөс явуулсан санал асуулгын дүнгээс харахад таны дэмжигчдийн тоо буурсан байна. Эдгээр үйл явдал ардчилсан өөрчлөлтийг түргэсгэх үү, удаашруулах уу?

 

-Үнэлгээний хэлбэлзэлд тайван хандах хэрэгтэй. Энэ бол байгалийн үйл явц. Хүмүүс үүнээс залхаж байна. Путин өөрийн дэглэмийг хөгжил, дэвшилд хүргэх хуурмаг боломжоос аль хэдийнэ хассан. Тэрбээр нийгмийг сүрдүүлж, айлган сүрдүүлж, бас радикалчилжээ. Урт хугацаанд улс орон, иргэдэд нөлөөлсөн. Мөн тэд үүнийг мартахгүй. Улс төрийн үйл ажиллагааны эрсдэл эрс нэмэгдсэн. Олонх нь шоронд эсвэл албадан цагаачилжээ. В.Путин 22 жил засгийн эрх барихдаа өнгөрсөн зууны 70-аад оны Зөвлөлтийн тамирчдын ялалтын тухай киноноос өөр юу ч санал болгож чадаагүй.

 

-Шорон таны улс төрийн зарчмыг өөрчилсөн үү. Жишээлбэл, эдийн засаг, ажилгүйдэл, тахлын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэх мэт.

 

-Авлигатай тэмцэх нь бидний ажлын онцлог юм. Би авлигыг Орост тулгараад байгаа, улс орныг зэврүүлж, ирээдүйг нь баллаж, аливаа шинэчлэлд саад болж буй гол асуудлуудын нэг гэж үздэг. Энэ бол өнөөгийн Засгийн газрын үндэс суурь юм. Гэсэн хэдий ч би ирээдүйн үзэсгэлэнт Орос хэрхэн харагдах ёстой талаар үзэл бодлоо илэрхийлэхийг хичээдэг. Улс төрийн тогтолцооны үндэс нь парламентын ардчилал байх ёстой бөгөөд шударга сонгууль, шүүхийн хараат бус байдал, хэвлэл мэдээллийн бүрэн эрх чөлөө л авлигыг ялна. Шинэ Засгийн газрын гол зорилго нь хүн амын орлогыг нэмэгдүүлэх. Оросууд дэндүү ядуу. Бид баян орны ядуу иргэд болжээ. Түүнчлэн ОХУ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчдийн тэргүүн эгнээнд байх ёстойг дэлхийн шинэ сорилтууд харууллаа. Бид өвөрмөц цаг үед амьдарч байна. Бидний түүхэн эрхэм зорилго бол бүхэл бүтэн гаригийг оршин тогтноход чухал ач холбогдолтой Сибирийн ой, цэнгэг усыг хадгалах явдал юм. 

 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.46.232)

    2021-09-15

    Тэнэг монголчууд өөрсдөө урвагч барууны ногооноор баяжигч элбэгдорж батүүл нарыг 1990 дэмжиж эх орноо сүйрүүлчихсэнээ мэддэггүй юмуу.

  • Иргэн (66.181.191.13)

    2021-09-01

    Навальный бол урвагч. АНУ, барууны "ногооноор" баяжсан хүн. Орос гүрнийг устгах дайсан дэлхийн хаана ч байхгүй, харин ийм хэт лебирал урвагчдаасаа болж л Орос мөхөж мэднэ.

    Зочин (66.181.191.13)

    2021-09-01

    Тэнэг монголчууд өөрсдөө урвагч барууны ногооноор баяжигч элбэгдорж батүүл нарыг 1990 дэмжиж эх орноо сүйрүүлчихсэнээ мэддэггүй юмуу.