Түүхийг хэн бүтээдэг вэ?

Хувь хүн түүх бүтээддэггүй талаар Карл Маркс Луи Бонапартын Брюмэр сарын арван найман зохиолдоо бичихдээ “Хүмүүс зөвхөн өөрийнхөө түүхийг л бүтээдэг, гэхдээ тэрийгээ хүссэнээрээ хийж чаддаггүй. Тэд өнгөрсөн үеэс өгөгдсөн болон дамжуулагдсан байдалд тохируулан хийдэг” гэжээ.[1] Тэрээр жинхэнэ түүхийг зөвхөн ард түмэн бүтээдэг гэж нотлохдоо үүнийг хувьсгал, ангийн тэмцэл зэрэгтэй холбон тайлбарлаж байв. Энгельс ч Людвиг Фойэрбах ба Германы философийн төгсгөл зохиолдоо мөн ийм дүгнэлт хийснээ бичиж байв.[2]

Гэтэл “ард түмэн” гэдэг нь шинжлэх ухаан тодорхойлолтоор хэн бэ? Яагаад зөвхөн тэд л түүхийг бүтээдэг вэ? Нийгэм эдийн засгийн тодорхой үед нийгмийн хөгжлийг тодорхойлох үетэй давхцан шийдвэрлэх нөлөө үзүүлж буй хүн амын тодорхой хэсгийг ард түмэн гэнэ гэсэн тодорхойлолт ч бий. Гэхдээ социал бүтцийн утгаар нь авч үзэхэд энэхүү “ард түмэн” нь хувьсамтгай тогтворгүй шинжтэй.

Ард түмэн гэдгийг үндсэндээ гурван өөр ухагдахуунаар хэрэглэх нь элбэг. 

Угсаатны утгаар. Тодорхой газар нутаг, зан заншил,      уламжлал, хэлний хувьд нэгдмэл тогтвортой бүлгийг ард түмэн гэх. "Монголын      ард түмэн", "Америкийн ард түмэн" гэх мэт.
Нийгмийн тодорхой анги давхарга, социал бүлэглэлээр нь ард түмэн гэж нэрлэх нь бий. "Нутгийн ард түмэн", "Малчин  тариачин ард түмэн" гэх мэт.
Улс төрийн утгаар. Тодорхой үйл явдлыг эсэргүүцэж буюу дэмжиж буй олон түмний хөдөлгөөн уухай, сэтгэл санааг бас ард түмэн гэж нэрлэх нь бий. "Энхтайваны төлөө жагсаал", “Хар арьстнууд ч бас  чухал” хөдөлгөөн гэх мэт.

Юутай ч ард түмэн гэдэг нь “хүн ам” гэсэн ойлголттой утга нэг биш. Монгол улсын хүн ам гэдэг нь үзэл бодол нийгмийн идэвхи, анги давхрагаас үл хамаараад бүгдийг хамруулсан статистик тодорхойлолт .

Гэтэл түүхийг тодорхой элит хүмүүс болон бүлэг бүтээдэг, харин тэр нь тэр дороо эсвэл түүхийн явцад олон түмнийг дагуулснаар нийгмийн өөрчлөлт гардаг гэсэн үзэл Марксаас хавьгүй өмнө байсан. 

Арнолд Тойнби, Сиднэй Хүүк, Вилфрэдо Парэто, Кюблер-Росс зэрэг эрдэмтэд социологичид түүхэн хүмүүс түүхийг гардан бүтээдэг тухай орчин үеийн онол тайлбарыг хөгжүүлжээ. Мэргэжлийн зохион байгуулагчид буюу “мэнэжэрүүд”, технологийн мэргэжилтнүүд болон шинжлэх ухаан технологийн оюунтнууд нийгэм болон олон түмнийг араасаа дагуулан нийгмийн асар их өөрчлөлт хийдснээр түүх бүтээдэг гэж тэд үзэж байгаа юм.

Ийм үзэл нэн эртнээс үүдэлтэй. Нийгмийг хөдөлгөгч хүч нь бүхэл бүтэн ард түмэн биш харин нийгмийн цөөнх болсон элит бүлэг. Энэ онолыг баримтлагчид үзэхдээ элит цөөнхийн үзэл санааг ард түмэн зөвхөн сохроор хэрэгжүүлэгч үүрэг гүйцэтгэдэг гэх аж. Мэдээжийн хэрэг аугаа хүмүүсийн түүхэн үзэл санаа ард түмний оролцоогүйгээр хэрэгжих бололцоогүй, гэвч тэрхүү нийгмийг өөрчлөх үзэл санаа зөвхөн мөнөөх цөөнх элитээс гардаг болохоос үзэл санааг төрүүлэгч нь ард түмэн биш.

Иймээс нэгэн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трюмэн “Хүн түүх бүтээдэг, харин түүх хүнийг бүтээдэггүй юм” гэж хэлсэн байдаг.

Түүх бүтээх нь ард түмэнд гэхээсээ цөөнх элитэд л хамаатай гэх дээрх онол тайлбар нь эхэлж сонсоход аргагүй мэт санагдавч эргээд хоёр асуулт эргэлзээ төрүүлдэг. Нэгдүгээрт, Үзэл санааны эх үүсвэр. Элит цөөнх түүхэн үзэл санааныхаа эх үүсвэрийг хаанаас олдог вэ? Хэрэв түүх бүтээгч элит нар ард түмнээсээ тэс хөндий байсан бол тэр үзэл санаагаа олох байсан уу? Хоёрдугаарт,ард түмэн тэрхүү түүхэн үзэл санааг дэмжин хэрэгжүүлэхийн тулд юун түрүүн түүнд нь итгэх ёстой. Ингэсэн тохиолдолд ард түмэн гагцхүү материаллаг талаас нь төдийгүй үзэл санааны хувьд хамтрагч нь байдаг. Ингэхээр ард түмэн нь түүхэн үзэл санааг сохроор хэрэгжүүлэгч биш, харин хамтран оролцогч биш юм уу?

Өнгөрсөн үйл явдлыг судлан шинжилж, бичиж тэмдэглэж, дүн шинжилгээ хийснээр тухайн түүхийг хэн бүтээв гадгийг гаргаж ирэгч нь түүхч. Түүхч бол өнгөрсөн зүйлийн талаар судалж, бичдэг хүн бөгөөд энэ асуудлаар эрх мэдэлтэй гэж тооцогддог.[3] Түүхчид хүн төрөлхтөнтэй холбоотой өнгөрсөн үйл явдлуудыг тасралтгүй арга зүйгээр хүүрнэх, судлах ажил эрхэлдэг; түүнчлэн бүх түүхийг цаг тухайд нь судалдаг. Хэрэв хүн бичмэл түүхээс өмнөх үйл явдлыг сонирхож байгаа бол эртний түүхч хүн юм. Зарим түүхчид нийтлэл, сургалт, туршлагаараа хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.[4] XIX зууны сүүлчээр Герман болон бусад зарим оронд түүх судалгааны их сургуулиуд буй болсноор түүхч гэсэн мэргэжлийн ажил бий болж улмаар мэргэшил болжээ. Түүх судлалыг шинжлэх ухаан болгоход английн түүхч, философич, социологич, соёл судлаач Арнолд Тойнбигийн роль маш том үүрэг гүйцэтгэсэн. Түүний Түүх судлал хэмээх 12 боть бүтээл өнөөгийн түүхчдийн үндсэн сурах бичиг болсон билээ.[5]

Ихэнх хүн түүхийг "өнгөрсөн үеийн баримтуудын цуглуулга" гэж боддог. Түүхийн хичээлд хэрэглэгддэг сурах бичгүүд ч үүнийг дэмждэг. Учир нь сурах бичиг мэдээллийн цуглуулга мэт бичигдсэн байдаг. Үнэндээ түүх бол "өнгөрсөн үеийн баримтуудын цуглуулга" биш юм. Түүх нь тухайн үед хүмүүсийн бичсэн зүйлд (бичмэл баримт бичиг, соёлын олдвор эсвэл аман уламжлал) үндэслэн өнгөрсөн хугацаанд болсон зүйлийн талаархи аргументуудаас бүрддэг. Түүхчид "баримт" гэж юу болох, тэдгээрийг хэрхэн тайлбарлах талаар санал зөрөлддөг. "Ялагч" ба "ялагдагч" -ийг бий болгодог томоохон үйл явдлын хувьд асуудал улам бүр ээдрээтэй байдаг, учир нь ялагчид өөрсдийн хэрхэн баатарлаг байснаа харуулахын тулд "ялагчид" -ын бичсэн эх сурвалж илүү олдомхой аж. Иймээс түүх судлал нь өнөө үед бодит түүхийг хэн илүүтэй илрүүлэн дүгнэх вэ гэсэн аргумэнтийн өрсөлдөөн юм.

Бодит түүх гэж юу вэ? Өнгөрсөн үйл явдлыг ямар ч алдаагүй яг таг үнэн зөвөөр нь гаргаж ирэх бололцоогүй. Тэр байтугай яг одоо болж буй процессийг ч үнэнээр нь дүгнэх боломж хомс. Үнэн ганц байдаггүй. Хавар Якутаас Улаанбаатарт ирсэн зочин дулааханыг гайхна, харин яг тэр цагт Тайландаас ирсэн гийчин маш хүйтэн байлаа гэнэ. Аль алин нь худал хэлээгүй, үнэн хоёр талд үлдэнэ.Иймээс яг үнэн түүх гэж үгүй. Гэвч үнэн рүү дөхсөн бодит түүх гэсэн ойлголт бий, өнгөрсөн түүхэн үйл явдлыг хамгийн бодитоор илрүүлэн дөхүүлж аргумэнтаар өрсөлдөх уралдаан бол түүх судлалын зорилго.

Түүх бичлэг бодит байх нь маш чухал болохыг 2000 онд Лондонд болсон түүхийн үнэнийг тогтоох шүүх хурал харуулсан юм.

Английн түүхч Дэвид Ирвин Дэлхийн II дайны тухай хэд хэдэн ном хэвлүүлсэндээ дайны үед жүүдийн эсрэг Холокаст байгаагүй, энэ талаар Гитлер өөрөө мэдээгүй, алагдсан жүүд нараас хамаагүй олон германчууд Дрэздэний бөмбөгдөлтөд үрэгдсэн гэх мэтээр бичжээ. Үүнд дургүйцэж Америкийн түүхч эмэгтэй Дэбору Липштадт Үгүйсгэл бүтээлээрээ эсэргүүцсэнийг Ирвин өөрийнх нь нэр төрд халдлаа гэж шүүхэд өгсөн байна. Мэтгэлцээнд олон түүхч оролсон. Эцэст нь Ирвинг түүх гуйвуулсан хэргээр буруутган 3 сая доллароор торгожээ.[6] 

Түүхч Грэйгийн шүүхэд хэлсэн нотолгоог нэгтгэн, Вэнди Шнайдер бодит түүхч хүний баримтлах долоон зарчмыг онцолжээ:

-Түүхч эх сурвалжийг зохих тайлбартай харьцуулах ёстой;

-Түүхч шинжлэх ухааны үндэслэлгүйгээр нотлох баримтыг үгүйсгэх ёсгүй;

-Түүхч хүн нотлох баримтад шударга хандах ёстой;

-Түүхч хүн аливаа таамаглалд тодорхой хандах ёстой;

-Түүхч нь баримт бичгийн зарим хэсгийг орхигдуулж, буруу орчуулж, төөрөгдүүлэх ёсгүй;

-Түүхч хүн өөрийнх нь үзэл бодолтой зөрчилдсөн байсан ч бүх баримтад хүндэтгэлтэй хандах ёстой; 

-Түүхч хүн түүхэн хүмүүсийн сэдэл, тайлбарыг харгалзан үзэх ёстой. [7]

Түүхийн дүн шинжилгээ хийх үйл явц нь "юу болсон", “яагаад ийм болсныг" тайлбарласан уялдаа холбоотой өгүүлэмжүүдийг бий болгохын тулд өрсөлдөж буй санаа, баримт, таамаглалыг судалж, дүн шинжилгээ хийх явдал юм. Орчин үеийн түүхэн дүн шинжилгээ нь ихэвчлэн эдийн засаг, социологи, улс төр, сэтгэл зүй, генетик, антропологи, философи, хэл шинжлэл зэрэг бусад нийгмийн шинжлэх ухаанд тулгуурладаг. Эртний түүхчид ерөнхийдөө орчин үеийн түүхчидтэй “түүхэн туршлагаа” хуваалцдаггүй ч тэдний бүтээл тухайн үеийн соёлын нөхцөл байдлыг ухамсарласан байдаг тул үнэ цэнэтэй хэвээр үлддэг. Орчин үеийн олон түүхчдийн оруулсан хувь нэмрийн чухал хэсэг нь шинээр нээгдсэн эх сурвалж, сүүлийн үеийн судалгааг судлах, эсвэл археологи, генетик зэргийг зэрэгцүүлэн судлах замаар өмнөх түүхэн баримтуудыг шалгах эсвэл няцаах явдал юм.

Хамгийн анх Монголын түүхээр бичигдсэн бүтээл бол Газан болон Өлзийт хааны зарлигаар Рашид ад Динээр толгойлуулсан түүхчдийн бичсэн Судрын чуулган юм.[8] Үүнийг зарим судлаачид дэлхийн хамгийн анхны унивэрсал түүх бичлэг ч гэж үнэлдэг. (Монголын нууц товчоо бол баримт агуулсан утга зохиолын аугаа их өв) Харин орчин түүх судлалын хэлбэрээр бичигдсэн Монголын түүхийн анхных нь 1954 онд хэвлэгдсэн СССР-ийн Шинжлэх ухааны академи, Монголын Шинжлэх ухааны хүрээлэнгийн хамтын бүтээл История Монгольской народной республики ном юм.[9] Харамсалтай нь энэ нь “ялагчдын” түүх байлаа. Ялагч нь марксизм-ленинизмийн үзэл суртал, большевизм, ЗХУ-ын коммунист (большевик) нам, МАХН, Их хэлмэгдүүлэл… Ялсан баатрууд нь Сталин, Чойбалсан, Цэдэнбал, Ленин, Маркс, Молотов, Ворошилов, Мао… Энэ хэв маяг нь олон жилийн турш Монголын түүх бичлэгийн үндсэн жишиг, дагаж мөрдөх норм хэмжээ болон хувирсан ба одоо ч үүнээсээ бүрэн татгалзаж чадахгүй явсаар. 

Түүхийг ялагч ч биш, ялагдагч ч биш, харин “хөндлөнгийн нүд” бичвэл илүүтэй бодит түүх рүү дөхдөг. Электроны байршлыг тодорхойлох бололцоогүй тухай Хайзэнбэргийн “Тодорхойгүйн зарчим”-ыг түүх бичлэгийн хэлэнд “орчуулбал” Түүхийг саран дээр суугаад бичвэл баримт материалаас хэт холдох учир бололцоогүй, газар дээр нь суугаад бичвэл амьдралтай нь хутгалдах тул бодит болж чадахгүй. Иймээс л Шрөдэнгэрийн муур хэрэгтэй болоод байгаа юм.

Монголын өндөрлөг гэгдэх Төв Азийн нүүдэлчдийн түүх, түүний нэгэн бүрэлдэхүүн хэсэг монгол үндэстний түүхэнд холбогдох 1200 орчим хувь хүний товч намтрын цуглуулгыг уншигч танд өргөн барьж байна. Энэ нь нэг талаас Баабарын Нүүдэл суудал: Монголчуудын түүх бүтээлийн хавсрага[10], нөгөө талаас монгол үндэстний урт удаан түүхийг бүтээлцсэн хүмүүсийн намтрын цуглуулга, бие даасан бүтээл юм. Хоёр мянга гаруй жилийн өмнө амьдарч асан Цинь Ши Хуанди, Модун шаньюгаас эхлээд Их Монгол улсыг байгуулсан Чингисийн удмынхан хүртэл; Авдай сайн ханаас Абахай сэцэн хаан хүртэл; Бат хаанаас Аюук хүртэл; Жа лам Дамбийжанцангаас барон Унгерн Штэрнбэрг хүртэл; Богд хаан Жавзандамбаас Ухнаагийн Хүрэлсүх хүртэл; Шумяцкий, Ринчиноос Павлов, Разов хүртэл; Данзан, Бодоогоос Чойбалсан, Цэдэнбал хүртэл; Сталинаас Брежнев хүртэл; Сунь Ятсэнээс Мао хүртэл; Хайсан гүн, чинван Хандорж нараас С.Зориг, Э.Бат-Үүл хүртэл аль болох бүгдийг нь багтаахыг зорьлоо. Монголын улс төрийн түүхийг бүтээгчид! Намтарт эдгээр хүмүүсийн гүйцэтгэсэн рольд алив үнэлэлт дүгнэлт өгөхөөс зайлсхийсэн болно. Ердөө л тун товч намтар цэдэг. Монголчуудын түүхэнд “Хэн нь Хэн бэ” хэмээх лавлах. Эдгээр хүмүүс монголчуудын түүхэнд их бага ямар нэг хэмжээгээр оролцсон. Зарим нь шийдвэрлэх үүрэгтэй байсан. Сайнаар, муугаар. Ихэнх нь дагалдан оролцсон, магадгүй тэд ард түмний буюу олонхын төлөөлөл байх. 

2021.8.18

[1] Маркс, Энгель Луи Бонапартын Брюмэр сарын арван найман (Улаанбаатар Улсын хэвлэлийн газар 1968). 

[2] Engels, Fridrich Ludwig Feuerbach and the end of German classical philosophy Commentary(Chinese Edition) (Gansu People's Publishing House 2000)

[3] Historian (Wordnetweb.princeton.edu. Retrieved 2008)

[4] Herman, A. M. Occupational outlook handbook (Indianapolis: JIST Works. 1998)

[5] Toenbee, Arnold A Study of History (Abridged and Illustrated) (American Heritage 1972)

[6] Lipstadt, Deborah E. History on trial: my day in court with David Irving. (New York, N.Y: ECCO. 2005). 

[7] Schneider, Wendie Ellen Past Imperfect: Irvin vs Penguin Books Ltd (The Yale Law Journal. 110 (8) 2013.]

[8] Рашид ад Дин Фазлуллах Шашдирын чуулган хэмээх монголчуудын түүх оршвой (УБ 2015) х-1-167 [Rashid al-Din  Jāmiʿ al-Tawārīkh]

[9] История Монгольской народной республики (Москва 1954)

[10] Баабар Нүүдэл Суудал: Монголчуудын түүх (НЭПКО паблишин 2021)

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)