Сургуулийн удирдлагын системийг нийслэлийн ЕБС-иудад үе шаттайгаар нэвтрүүлж байна
- 2022-09-22
- Боловсрол
- 0
Нийслэлийн салбар бүрд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээний шат дарааллыг багасгах, үйлчилгээг цахимжуулах, орчин үеийн ухаалаг нэгдсэн системд шилжүүлэх “Нэг тархи - Нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, үндэсний мэдээлэл технологийн салбарын компаниудтай санамж бичиг байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд "Дижитал Эдү Менежмент" ХХК-аас “E-School” буюу сургуулийн удирдлагуудад, “E-Teacher” буюу багш нарт, “E-Parent” буюу эцэг, эхчүүдэд зориулсан аппликэйшнүүдээс бүрдсэн системийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад үе шаттай нэвтрүүлэхээр болсон.
Тэгвэл өнөөдөр E-school системийг нэвтрүүлэх эхний ээлжийн 40 сургуулийн удирдлагуудад систем ашиглалтын талаарх сургалтыг зохион байгуулж, хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.
Тус систем нь эцэг, эх хүүхдийнхээ талаарх мэдээллийг гар утаснаасаа авах, боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой систем болж байгаа юм.
Эцэг, эхчүүд тус аппликэйшнийг ашиглан хүүхдийнхээ сурлага, хүмүүжил болоод тухайн өдрийнх нь идсэн хоол, сургуулийн автобустай холбоотой мэдээлэл зэргийг нэг дороос авах боломжтой. Одоогоор ерөнхий боловсролын 51 сургуулийн 2500 гаруй багш, 20 мянга гаруй сурагч, эцэг, эхчүүд тус системийг ашигладаг гэсэн судалгаа байна гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)