Т.Алтжин: Түрүүлнэ гэж бодож бэлтгэлээ хийсэн. Зорилгодоо хүрлээ
- 15 цаг 13 мин
- Спорт
- 0
Гавьяат тамирчин Д.Оюунболдын нэрэмжит 2025 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн сонирхолтой барилдаанаар дүүрэн болж өндөрлөлөө. Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Алтжин түрүүлж, шинэ аварга төрлөө. Түүний хувьд 2023 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ жил медалийн өнгөө хувиргаж чадлаа. Ийнхүү шинэхэн аваргыг “Зууны мэдээ” сонин “ Дугаарын зочин” буландаа урилаа.
-Улсын аваарга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүллээ. Аваргын медиалаа гардсан тэр үеийн сэтгэгдлийг нь хуваалцмаар байна?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Түрүүлнэ гэж бодож бэлтгэлээ хийсэн. Зорилгодоо хүрсэндээ баяртай байна. Багшдаа, гэр бүлийнхэндээ баярлалаа. 2020 оноос түрүүлнэ гэж бодож бэлтгэлээ хийсэн. Гэвч бэртэл гэмтлээс болоод зорилгодоо хүрч чадаагүй. Таван жил зорьсны эцэст улсын аварга боллоо. Цаашдаа илүү их хичээж, амжилт гаргана. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь жилдээ оролцож байна. Нэг хүрэл, нэг алтан медаль авлаа.
-Финалын барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт Э.Гантуяатай таарсан. Өмнө нь нэг таарч барилдаж байсан байх аа?
- Тийм ээ. Аваргын төлөө барилдсан Э.Гантуяа эгчтэй өмнө нэг барилдаад ялагдаж байсан. Хоёр дахь тойрог дээр барилдсан Б.Анударьтай хоёр дахь удаагаа барилдсан. Бие биенийхээ барилдааны арга барилыг мэддэг.
Э.Гантуяа эгчтэй өнгөрсөн жил барилдахдаа гараа таллуулчихаад хамгаалж чадахгүй даруулж байсан. Тиймээс өмнөх жилийнхээ алдаан дээр сайн ажилласан. Багшийнхаа зөвлөгөөг сайн дагасан.
- Гавьяат тамирчин Э.Ням-очир дасгалжуулагчийн шавь. Багш нь тэмцээний үед барилдааныг нь их л нухацтай харж суусан?
-Багш маань алдаа, оноо бүхнийг минь хэлж улсын аварга болгож өглөө. Багшдаа маш их баярлаж байна. Багш маань их ажигч хүн л дээ. Энэ хөдөлгөөнийг хийхэд ингэдэг шүү гээд л деталчилж хэлдэг.
Багш маань их тайван хүн. Тийм болохоор надад хүлээж авахад их амар байдаг.
Бэлтгэл дээрээ алдсан ч чадна л гэдэг. Багш маань намайг ингэж дэмжиж байхад би илүү хичээх хэрэгтэй гэж боддог доо.
Багш маань “Цаг дуусаагүй оноогоор хожигдоогүй тохиолдолд бууж өгч болохгүй. Тэмцээний үед 9:1 байсан ч чамд боломж байгаа. Боломжоо тултал ашигла. Оноо алдлаа гээд сандарч болохгүй. Энэ чинь хожигдох гэж байна гэсэн үг биш. Цаг дуусаагүй нөхцөлд хожих боломж байгаа” гэж хэлдэг. Тиймээс улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр багшийнхаа зөвлөгөөг дагаж барилдлаа.
Би хоёр мундаг багштай хүн. Миний хүчний багш нагац ах улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох. Ах маань өөрийнхөөрөө л барилд. Биеэ битгий барь гэж хэлдэг. Ахдаа маш баярлалаа.
-Бөхийн удамтай байх нь ээ?
-Манайхан ихэнх нь спортын хүмүүс байдаг. Өвөө маань сумандаа ес түрүүлсэн хүн байдаг. Үеэл эгч ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Даваанасан маань бас 76 кг-ийн жинд улсын аварга болж дөрөв дэх түрүүгээ авсан. Энэ жил эгчтэйгээ хамт улсын аварга болсондоо их баяртай байна. Дараа дараагийн тэмцээндээ байнга хамт явна даа.
-Спортын хүн болоход өссөн нь орчин нь нөлөөлсөн бололтой?
- Тэгэлгүй яахав. Би 12 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Спортод их дуртай хүүхэд байсан. “Олимпоос медаль аваад онгоцноос буугаад гараа даллаад явна” гэж жоохон байхдаа ярьдаг байсан гэж ээж минь хэлдэг. Намайг тамирчин болох гэр бүлийнхэн маань их нөлөөлсөн. Үеэл эгч ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Даваанасан маань спортын сургууль руу ороход дагаад л орж чөлөөт бөхөөр хичээллэсэн.
Энэ хугацаанд бэртлээс үүдэн хичээллээгүй нэлээн удсан. Гэмтээд эргээд бүх зүйл тэгээс эхлээд , ахиад бэртэл аваад дахиж уналтад ороод л. Хичээгээд болохын даваан дээр бүх зүйл болохгүй болохоор юу хийхээ, яахаа мэдэхгүй байдалд орсон..Энэ цаг хугацаанд гэр бүлийнхэн, багш маань их дэмждэг байсан. Тэр хүмүүсийн дэмжлэггүй бол буцаж барилдахгүй байсан байх гэж боддог. Хүмүүсийн урмын үг их хүчтэй байсан. Тиймээс гэр бүлдээ, багшдаа, ахдаа маш их баярлаж байна. Тэр бүхнийг давсаар байгаад сэтгэлзүй маань ч сайжирсан юм шиг санагдаж байгаа. Өөртөө итгэх итгэл ч илүү нэмэгдсэн.
Сая эхний барилдаан дээр Ц.Баттулга багш маань ирж зөвлөгөө өгсөн. Тэр зөвлөгөө түрүүлэхэд замыг минь засаж өгсөн. Багш нар тамирчнаа мэдэрч зөвлөгөө өгөхдөө өгч, загнахдаа загнаж, урам өгөх нь гэдэг чухал.
-Тамирчин хүнд сэтгэлзүй маш чухал байдаг. Өөрийнх нь хувьд том барилдааны өмнө сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ. Финалын үед тогтворгүй байдаг болов уу?
-Энэ жилийн улсын аваргын бэлтгэлийг багш маань маш сайн тааруулж өгсөн. Өмнө жилийн тэмцээнүүдийг бодоход их тайван барилдсан. Сандраагүй. Барилдах гэж сэрсэн өглөө гэдэг шиг их тайван байсан даа. Болно, түрүүлнэ гэсэн сэтгэлзүйтэй байсан. Багш маань “Хүн алдаж болно. Алдаагаа давтаж болохгүй” гэдэг. Багшийнхаа зөвлөгөөг маш сайн дагасан даа.
-Барилдааны үед орчны чимээ, шуугиан хэр нөлөөлдөг вэ?
-Анхаарал төвлөрөх чадамж буурдаг юм шиг санагддаг. Тиймээс аль болох сатаарахгүй байхыг хичээдэг . Тамирчин жижигхэн зүйлд анхаарал сарниулахад бүх зүйл өөрчлөгддөг. Тийм болохоор аль болох анхаарахгүй байхыг хичээдэг. Барилдааны үед багшийнхаа хэлснийг бодно. Эсвэл бэлтгэл дээр хийдэг зүйлээ бодож гарахаар гайгүй байдаг. Өмнөх жилийн улсын аварга дээр тийм алдаа гаргасан. Энэ жил давтахгүй гэж хичээсэн. Өмнөх жилийнхээ гаргасан алдаан дээр анализ хийж барилдсан даа. Ер нь барилдаан бүрээс туршлага хуримтлуулдаг.
-Цаашдын том зорилгоос нь хуваалцмаар байна?
-Дараа дараагийн тэмцээндээ амжилттай оролцохын төлөө хичээнэ. Гуравдугаар сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлэх зорилготой байгаа. Дэлхийн аваргын тэмцээнд явж үзнэ. Дэлхийн аваргад түрүүлэх тамирчин бүрийн зорилго нэг байдаг байх гэж бодож байна.
-Тамирчин байхын сайхан цаг хугацаа гэвэл?
-Тамирчин байх сайхан. Цагийг үр бүтээтэй өнгөрүүлнэ. Хүмүүжил, хүнийг хүндлэх хүндлэл, биеэ дааж сурах гээд олон зүйлд сургадаг. Бас эрүүл чийрэг биетэй байхад тусална.
-Барилдааныг нь гэрийнхэн нь ирж үзсэн үү?
-Гэрийнхэн минь өнөөдрийн тэмцээнийг ирж үзсэн. Барилдахдаа гэрийнхэн минь үзэж байгаа гэж бодохоор сэтгэлзүйн хувьд маш том урам өгсөн дөө. Их тайван байсан. Энэ жилийн улсын аварга цаанаа л нэг өөр болсон доо. Медиалаа зүүгээд буухад гэрийнхэн минь их баярласан. Бөөн баяр, догдлолтой хүмүүс байсан даа. Миний ямар их хичээж байгааг хажуугаас минь хардаг учраас надаас илүү баярласан байх.
Ээж минь их дэмждэг. Миний охин чадна л гэдэг. Гэртээ очиход минь халуун хоолтой, ээж минь инээгээд хүлээгээд байж байхад ядарсанаа ч мартчихдаг. Ээждээ их баярладаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)