"Засгийн газраас анхаарал хандуулдаггүй" хэмээн сайдаасаа огцрох хүсэлтээ өгчээ

 Францын Байгаль орчны сайд Николя Юло албан тушаалаасаа сайн дураараа огцрох хүсэлт гаргажээ. Тэрбээр “Франс интер” радиод өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн энэ гэнэтийн шийдвэр Ерөнхийлөгч Эммануэль Макронд гэнэтийн явдал болсныг эх сурвалжууд онцолж байна. Николя Юло сайдын суудлаа орхих болсон шалтгаанаа “Байгаль орчны сайдын хувиар тулгамдаад байгаа экологийн хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлүүлэхийг зорьсон ч Францын Засгийн газрын гишүүд миний үгийг үл тоож байна.

Мөн Байгаль орчны яамны ажил хэнд ч хамаагүй мэт хандаж Засгийн газраас анхаарал хандуулдаггүй” хэмээн тайлбарлалаа. Юло Засгийн газрын бодлогоо эсэргүүцэн албан тушаалаасаа буух шийдвэрээ Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Ерөнхий сайд Эдуард Филипп нарт урьдчилан мэдэгдээгүй байжээ. Юло нь Францын Засгийн газрын гишүүдээс ард иргэдэд хамгийн их танигдсан, нэр хүндтэй сайдуудын нэг байсан учраас түүний огцорч байгаа шийдвэр Макроны засаглалд сөргөөр нөлөөлж, томоохон цохилт болох нь дамжиггүй гэж улс төрийн ажиглагчид үзэж байна.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)