Жаахан ээж

Намайг жаахан байхад аав, ээж хоёр маань үе үе “Жаахан ээж” гэдэг хүний тухай халуун дотноор дурсдаг байв. Нэг удаа аав хот хүрээ газраас томоос том хавтгай булигаар захиж авчруулаад монгол гутал хийх юм болов. Хоймор дэлгэчихээд, шохойгоор ээтэн матигар дүрсүүд зурав. Чийгтэй алчуураар арилгаад дахин дахин зурна. Нэг л болж өгөхгүй байгаа бололтой. Аав: 

- Хөгшөөн энэ зулгийг яаж эсгэвэл Жаахан ээжийнх шиг шалчийж буухгүй болдог билээ? гэж асуув. 

- Харин тиймээ, Жаахан ээжийн эсгүүртэй гутал ч цаанаа өөр шүү. Шагай руугаа сайн дарж эсгэдэг шиг билээ гэж ээж хариулна. 

- Зайлуул Жаахан ээж маань тээр жил, манайхыг Халхайн хонхорт байхад ирж хэд хоноод явсан даа. Тэр үед заалгаад авдаггүй, залуу хийсгэлэн байж дээ. Баяагийндээ заавал хэд хонох учир юм гэж бүүр хэрэг болгон зорьсоор байж ирсэн билээ, тэгээд Улаанбаатар руугаа буцаад, удалгүй тэнгэр болсон байсан даа. Асуусан бол яаж л сайхан зааж өгөх байсан бол... 

 

–Хэлээд яах вэ. Тэгэхэд хэрэг болно гээд манайд үлдээсэн нь одоо энэ шүү дээ гэж аав хатуу хар хүрэн модон дээр угалз хээ хонхойлгон гаргасан ромбон хэлбэртэй хэв заана. Тэрхүү хэвээр монгол гутлын шагайн дээр байдаг хээг хэвлэдэг юм. 

Аав, ээжийн тэр ярианаас тэр хоёр маань Улаанбаатарт гутал сайн эсгэдэг Жаахан ээж гэдэг нэг ээжтэй, би нэг эмээтэй байж дээ гэж бодож билээ. Би ээжийнхээ ээжийг сайн мэдэх тул тэр Жаахан ээж гэдэг хүн аавын л ээж байх гэж таамаглана. 

 

Бас нэг удаа ээж авдар ухаж байгаад миний багадаа өмсөж байсан мөрөн дээрээ мөнгөн хонхтой хүрэн дээл гаргаж ирлээ. Би хонхыг нь сонирхон жингэнүүлэхэд ээж “Наад хос мөнгөн хонхыг ахыг чинь төрөхөд Жаахан ээж хийж өгсөн. Тэгээд эгч чинь зүүгээд, сүүлд нь миний хүүгийн мөрөн дээр ч жингэнэж өсгөсөн дөө. Буянтай будагтай хүний өгсөн юм гэхээрээ хүүхдүүдэд маань ээлээ өгсөөн өгсөн” гэв. “Тэр хотод байсан Жаахан ээж гэдэг эмээ бас хонх хийдэг дархан байж, эмгэн хүн бас дарх хийж болдог юм байна” гэж би бодов. 

 

Аавд хуучны нэг судар хүн авчирч үзүүлэв. Их л ховор нандин судар бололтой. Төвд үсгээр бичигдсэн. Олон эрээлжилсэн хүснэгт, хачин янзын зураг дүрс ихтэй тэр судрыг аав нөгөө хүнтэй өдөржин нухаж суулаа. Оройхон аав ярьж байна. “Жаахан ээж маань байсан бол энэ төвд литийн учрын мөн ч хялбархан олох байсан даа” гэж ярив. Өнөөх хот газарт байсан эмээ чинь төвд ном мэддэг хүн байсныг би мэдэв. Тэгээд орой нь ээж аав хоёроосоо “Манай тэр Жаахан ээж гэдэг эмээг яагаад Жаахан гэдэг байсан юм бэ? Жаахан ээж гэж байсан юм бол бас Том ээж гэдэг өөр нэг эмээ бий юу?” гэж асуусанд нөгөө хоёр маань зөндөө хөгжилдөн хөхөрч билээ. Тэгээд аав надад 

- Миний хүү, Жаахан ээж гэдэг бол чиний эмээ биш ээ. Эрэгтэй хүн юм. Аавынх нь хуурай ах гэлээ. 

Би Бага ах, Жигээ, Том ах гээд авга нараа сайн мэдэх юм. Харин Жаахан ээж гэдэг эмээ хүнд л байвал зохих хачин нэртэй авга ах байсныг анх удаа сонсоод гайхав. 

– Хуурай ах гэхээр нас барсан ахыг хэлдэг юм уу? гэж лавлав. 

- Үгүй ээ. Нэг эцэг эхээс төрөөгүй ч ах дүү шиг дотно сайхан нөхөрлөж явдаг хүнийг “Хуурай ах” гэдэг юмаа. Жаахан ээж гэдэг хүн чинь тийм хүн байхгүй юу гэж билээ. 

Тэгэж би хуурай ах гэж ямар учиртайг, бас би эмээ гэж андууран боддог байсан Жаахан ээж гэдэг сонин содон нэртэй хүн аав, ээжийн минь хувьд Хуурай ах гэдэг эрхэм хүндэтгэлт хүн байсныг олж мэдсэн билээ. Уг нэр нь Буйтангийн Цэрэн. Аав, ээж хоёроос маань хориод насаар ахмад хүн байсан учир ахалжээ. Харин яагаад Жаахан ээж гэж авгайлдаг байсны учрыг ер нь олон ч зүйлийн учрыг асуулгүй өнгөрчээ.

...Ер миний сонссоноор аав, ээж маань энэхүү Жаахан ээж хэмээн авгайлах Б.Цэрэнтэй аль 1940-өөд оны сүүлээр танилцаж, ижий ахай болцгоосон бололтой байдаг. Тэр үед аав маань Түмэн сумын захиргааны нарийн бичгийн дарга, Говь-Алтай аймгийн Хоршоодын холбооны орлогч дарга зэрэг ажлууд хийж байсан тул манайх аймгийн төвд байжээ. Аймгийн Хоршоодын холбооны контор нь одоогийн Түмэнгийн толгойн өвөрт нэг шавар тагзанд байх. Хоршоо гэдэг нь нэгдсэн худалдаа, бэлтгэл хариуцсан байгууллага юм. Тэгэхээр аймгийн Хоршоодын холбоо нь аймгийн бүх сумдын худалдаа, бэлтгэлийг хариуцна. Өнөөх шавар тагзны голд нэг том шар ширээтэй. Ширээний дөрвөн талд нэг нэг нягтлан тойрч суугаад тоогоо дуудан, сампингаа шажигнуулах нь ойрмог гарсан хэн хүнд сонсогддог байжээ. Ширээний дөрвөн буланд нэг нэг хонхорхойтой болсон гэдэг. Учир нь тамхилцгаагаад мод толгойныхоо үнсийг тогшиж унагаадаг, одоогийнхоор бол үнсний савархуу юм уу даа. Сүнгэнүүр Дэмчигийн хонхор, Тахир Цэрэнгийн хонхор гэх мэт тус тусдаа нэртэй тэрхүү ихийг үзсэн ширээ нэлээн хожуу болтол байсан гэдэг. Тахир гэдгийн учир нь буу алдаад нэг гар нь тахир болчихсон аж. Түүний дараахнаас 1950-иад оны эхээр Жаахан ээж Наран суманд харьяалагдах Чацрангийн хэсгийг хариуцаж байжээ. 

 

1959 онд Халиун сум байгуулагдсаны дараахан аав маань Чацран багийн намын хэсгийн даргаар очсон байна. Тэр үеэс тэдний нөхөрлөл улам ойртжээ. Жаахан ээжийн төрж өссөн нутаг нь Хуурай Чацран буюу өнөөгийн Цагаан гол. Жаахан ээж гэгдэх Цэрэн нь эцэг эхээс ах дүүс арвуул. Эцэг Буйтан, ээж Ням, Буйтангийн эцэг Сампил юм. Жаахан ээж Цагаан голын Өргөн ширэгт нэг шавар чулуун байшинтай. Байшинд нь 2 том модон авдарт арвай тариайны үр дүүрэн. Хавар хаварт л тариа тарих хүмүүс Жаахан ээжийн тарианы үрээс хүлээж авдаг байжээ. “Жаахан ээжийн тариа өөр шүү” гэлцэх. Юутай ч өөрийн гэсэн өвөрмөц чанартай үр сангийн нөөцтэй байсан хэрэг. Ер Жаахан ээж юм юмтай хүн байсан бололтой. Дээр өгүүлсэнчлэн монгол гутал маш сайн урладаг хүн байжээ. Гутал төдийгүй дээл хувцсыг ч нарийн тансаг оёно. Мөн дарх ч, мужаан ч хийнэ. “Тэр муу тахир гараа доёгнуулаад төмөр балбаж суудаг. За нэг доёгносон гар яаж л онож цохих вэ дээ гэж бодогдмоор. Гэтэл хийсэн нь нандин гэж жигтэйхэн” гэж аав нэгэнтээ дурсаж байсансан. Шинэ тутам байгуулагдсан Халиун суманд дархан, мужаан зэрэг бүтээгчид нэн хэрэгтэй үед Жагварал мужаан, Б.Цэрэн зэрэг хүмүүс гол ажлуудыг нугалж байжээ. Одоогийн сумын клубыг барьчихаад, таазных нь дугуй чимэглэлийг хийх болоход хийх хүн олдохгүй, Жаахан ээж хийсэн гэдэг. Хожмоо 1980-аад оны эхээр тэр гол заал тэр чигтээ нураад дахин барихад Маяа Дашням өнөөх дугуй чимэглэлийг нь дахин сэргээсэн байдаг. Жаахан ээж мөн ном уншлага сайтай хүн байжээ. 1906 онд төрсөн, тэр цаг үед Хамба гэгээний хийд ид, мөн Чацрангийн гол, Халиун Эхийн голын эх, Хар Азаргын Урд, Дунд Улиастайн голд дацангууд байжээ. Тэдгээрийн аль нэгд шавилж, Төвд литийг тайлах хэмжээний ном үзсэн нь гарцаагүй юм. Мөн хуучин худам бичиг болон шинэ бичигт ч сайтар боловсорсон хүн байжээ. 

 

Ийм нэгэн биедээ олон талтай, авьяас билэгтэй, сэтгэл сайтай, ардаа тодоос тод сайн сайхан мөр үлдээсэн хүний тухай миний мэдэх зүйл энэ төдий байна.

Говь-Алтай аймгийн Халиун сум-нэгдлийн анхны гишүүн Буйтангийн Цэрэнг тус сум үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойн энэ өдрүүдэд бяцхан дурсав.

 

 

Б.Номинчимэд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • В.Алзахгүй (202.179.27.107)

    2019-07-29

    Хөөрхөн бичжээ. Мундаг хүн байсан юм байна. Жаахан ээж эрэгтэй хүн байхад энэ сайтынхан эмээгийн зураг тавьсан нь жаахан тиймэрхүү.