“Тамирчин” нөхөн сэргээх сувиллын байр Э.Бадар-Ууганы “Өөжинмед” эмнэлэг болсон түүх

Цуврал сурвалжилга-2

Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган “би Тамирчин нөхөн сэргээх сувиллаар үйлчлүүлж байгаад 2008 оны олимпод явж амжилт үзүүлэн алтан медалийн эзэн болсон” хэмээн бахархал дүүрэн өгүүлэхтэйгээр зэрэгцээ “би Тамирчин нөхөн сэргээх сувиллыг худалдаж авсан болохоос хулгайлж аваагүй” хэмээн бачууран хашгирав…

Ер нь монголчууд хэн нэгэн алдар сууд гарангуут байдгаа барин гүйж, бас дээр нь нэмж нисгэж алдаг болчимгүй араншинтай. Энэ л араншинг дөрөөлж алдар хүндийн оргилд гарагсад од болохоороо мод шиг аашилдагийн нэг нь Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган болж таарав. Түүний хувьд японы санхүүжилттэйгээр Монголын эрүүл мэндийн салбарт оруулж ирэн бойжуулсан нэгэн төсөл нь Үр шилжүүлэн суулгах төв. 2014 онд эрхийн зөвшөөрлөө аван Өөжинмед ХХК-ийг байгуулахдаа үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа, хаяг нь Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо 12 дугаар хороолол 32 дугаар байрны 15 тоотод үүсгэн байгуулж, хөрөнгө оруулагч, хамтран эзэмшигчээр Японы иргэн Като Кейчийг бүртгүүлэн эхнэр Х.Азжаргалаа гүйцэтгэх захирлаар нь томилж байсан түүхтэй.

Харин энэхүү нийтлэлийн “гол баатар” болсон Тамирчин нөхөн сэргээх төвийг  Монголын Үндэсний олимпийн хорооны дэргэд тус хорооны газар нутагт буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо стадион оргил Чингисийн өргөн чөлөө 31 тоот байршилтайгаар 1890 м2 талбайд таван давхар байшинд байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг. Нийтдээ 3.854.025.000/ гурван тэрбум найман зуун хорин дөрвөн сая/ төгрөгийн өртөгтэйгээр Монголын Үндэсний олимпийн хорооны дэргэд байгуулсан уг нөхөн сэргээх төвийн дийлэнх санхүүжилтыг шийдэж Олон улсын Олимпын хорооны буцалтгүй тусламжаар барьсан. Олимпын олон төрөлд Монголын тамирчдын бэлтгэх, тамирчдад шаардлагатай уураг, амин дэмийн хангалт, нөхөн сэргээх чиглэлээр байгуулагдан үйл ажиллагаа эрхэлж байсан Тамирчин нөхөн сэргээх төвийг 2011 оны зургадугаар сарын 10-ны өдөр МҮОХ-ны дэргэдээс холдуулж, Тамирчин нөхөн сэргээх сувилал ХХК болгон Монголын Үндэсний олимпийн хорооны гурван тэрбум найман зуун тавин дөрвөн сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг хэсэг этгээд хамтран завшсан байдаг.

МҮОХ-ны 3.8 тэрбум төгрөгийн завшсан этгээдүүд хэн байв? МҮОХ-ны ерөнхийлөгч албан тушаалтай Д.Загдсүрэн, тус хорооны Захиргааны албаны дарга асан, хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нар бүлэглэн, эрх мэдлээ  урвуулан  ашиглаж, ашиг хонжоо олох зорилгоор ийнхүү МҮОХ-ны өмчид байсан Тамирчин нөхөн сэргээх сувиллыг ХХК болгон өөрчилж, нэг хүний өмчид шилжүүлээд зогсохгүй, цааш нь ашиг олох зорилгоор худалдан борлуулсан нь одоогийн Өөжин мед эмнэлгийн байр болж хувирсан байдаг. Ингэснээр хэрэг үйлдсэн нь ил гарч, батлагдсан учир МҮОХ-ны ерөнхийлөгч асан Д.Загдсүрэнг МҮОХ-ны өмч болох Тамирчин нөхөн сэргээх сувиллыг хамтран зүтгэгч Б.Наранцэцэгт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, өрх тусгаарлуулан Хязгаарлагдмал хариуцлагатай компани болгоод дараа нь ашиг олох зорилгоор Э.Бадар-Ууганд худалдан борлуулсан нь тогтоогдож эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж анхан шатны шүүхээс Д.Загдсүрэнд албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасч, жирийн дэглэмтэй хорих ангид гурван жилийн хугацаатайгаар хорих ялаар шийтгэсэн байдаг. Ингэхдээ, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283,286,295,296,297,298,299 дүгээр зүйлийн 299.1,301 дүгээр зүйлийн 301.1-д заасныг удирдлага болгон МҮОХ-ны ерөнхийлөгч  асан Д.Загдсүрэнг хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлийг илтэд хэтрүүлсний улмаас ТББ-ын хууль ёсны эрх, ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хэмээн тодотгосон байдаг. Харамсалтай нь Д.Загдсүрэн агсан тухайн үед хорт хавдраар өвчилж, эмнэлгийн байнгын хяналтад эмчилгээ хийлгэж байсан учир нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээр шийтгэсэн ялыг түр хойшлуулсан байжээ.

Ийм л зангилааны ончрол дээр “азын алтан загас” шүүрсэн Э.Бадар-Ууган увайгүй олны танилуудын нэгэн адилаар “мэдээлэлд ойр” байдлаа ашиглан эхнэртэйгээ хамт ажиллуулдаг “Өөжин мед” эмнэлгээ Тамирчин нөхөн сэргээх сувиллын байранд оруулсан аж. Өөрөөр хэлбэл, Э.Бадар-Ууган нь Монголын олимпын хорооны гишүүн, Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч гэсэн албан тушаалыг ашиглан хамгийн хямд зардлаар японы хөрөнгө оруулалтаар босгож ирсэн Үр шилжүүлэн суулгах төвийг Тамирчин нөхөн сэргээх сувиллын байрад нүүлгэн шилжүүлж, эдүгээ “би худалдан авсан” хэмээн даналзаж байгаа ч үнэндээ хэдэн төгрөгөөр хэнээс хэрхэн худалдаж авсан нь тодорхойгүй, харин ч уг төвийг луйврын аргаар өөрийн болгосон. Тиймээс МҮОХ-д эргүүлэн өгөхийг шаардсан хүмүүстэй ил, далд атаа жөтөө болгон явдаг байсан нь өнөөдөр нууц биш болж байгаа юм.

Түүнчлэн Э.Бадар-Ууганы “бараг л нурж унах гэж байхад нь худалдан авч өнөөдөр олон гэр бүлд аз жаргал бэлэглэж байна” хэмээн тайлбар хийсэн Тамирчин нөхөн сэргээх сувилалд болон  МҮОХ-нд хийсэн аудитын дүгнэлтэд, “МҮОХ-ны мэдэлд 2004 онд байсан 67 мянган м2 газар Нийслэлийн засаг даргын таван удаагийн захирамжаар өөрчлөлт орж 3666 м2 болтлоо хасагдсан. Ингэхдээ хэд хэдэн удаа эзэмшигч нь өөрчлөгдсөн байдаг. Э.Бадар-Ууган  Тамирчин нөхөн сэргээх сувиллыг “худалдаж” авах үед яах аргагүй Тамирчин нөхөн сэргээх сувилал ХХК-ийн нэр дээр байсан атлаа 2018 онд 15 жилээр Олимпын хорооны нэр дээр газар нь сунгалт хийгдсэн байдаг. Эндээс харахад Олимпын хорооны хашаанд байдаг Өөжинмед эмнэлгийн эзэмшилд яригдаж буй 3.666 м2 газар МҮОХ-ны эзэмшил гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн нөхөн сэргээх төв эсвэл үр шилжүүлэн суулгах эмнэлгийн өмч биш гэсэн үг.

Үүнээс гадна, 2013 онд Тамирчин нөхөн сэргээх сувиллыг Э.Бадар-Ууганы мэдэлд шилжүүлэхдээ тухайн үеийн МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн агсан байв. харин  Э.Бадар-Ууган Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байж. Энэ ч утгаараа өнөөдрийг хүртэл уг газрын асуудал ч тэр төвийн асуудал ч тэр яг ямар журмаар авсан, худалдагдсан эсэх нь тодорхой бус.

Харин хууль бусаар шилжүүлсэн гэдгийг нь хуулийн байгууллага тогтоочхоод байхад Э.Бадар-Ууган энэ төвийг “худалдаж авав”. Газар нь яагаад МҮОХ-ны нэр дээр сунгалт хийгдэв гээд олон асуултад хариулт өгөх хүн өнөөдрийн Олимпын хороонд байхгүй нь дэндүү харамсалтай, эмгэнэлтэй үйлдэл гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл мэдээлэлд ойр байдлаа ашиглаж мэдэн будилж маш их хөрөнгө /3.6 тэрбум/ -ийг өөрийн болгож эзэмшиж байсандаа Э.Бадар-Ууган уучлал гуйж, МҮОХ-г хохиролгүй болгох нь зүйд нийцнэ. Иймээс Э.Бадар-Ууганаас уг үл хөдлөх хөрөнгийг эргүүлэн авч МҮОХ тамирчдадаа албан ёсны хуулийн дагуу заагдсан сувилгаа асаргаа, нөхөн сэргээлтийн үйлчилгээг үзүүлэх нь зүйд нийцэх юм.

Тамирчдадаа зоддог, дарамталдаг, Шар хадны эмнэлэгт аваачиж хэвтүүлдэг, архидан согтуурч, алив нэгнээ нүдэж байхад нь хараад сууж байдаг, арьсаа хамгаалж, сошиалд элдэв тайлбар тавьдаг биш жинхэнэ хууль дүрмийн дагуу, тогтсон журмаа баримталж ажилладаг Олимпын хороог бүрдүүлэхэд алдар нэрээрээ тулмайдаж орж ирсэн аварга нэрээрээ авч идэхийн донгоо хөгжүүлэгчдээс хамгийн түрүүнд салах ёстой юм. Учир нь монголын тамирчдын дараа, дараагийн олон улсын, тив дэлхийн аваргуудыг шалгаруулах тэмцээнд оролцож амжилт гаргах үндэс одоогийн Олимпын хороо яав ч биш гэдэг нь өнөөдөр тодорхой боллоо. Тиймээс МҮОХ-г үндсээр нь өөрчлөх цаг яг одоо болж. Өмхийрсөн, өчигдрийн ялалтаа өнөөдрийн ашиг хонжоо болгосон хөгцөрсөн тамирчид биш өнөөдрийн амжилт нь маргаашийн ялалт болсон зорилготой тамирчид бэлтгэдэг Үндэсний Олимпын хороотой болох нь Монгол Улсын хувьд нэн чухал юм.

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

Эх сурвалж: Мөрч.мн сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)