Асашорюүгийн ноёрхлыг авга дүү С.Бямбасүрэн түүчээлэв

1500 жилийн түүхтэй сүмо нь япончуудын үлгэр домгоос эхлээд их ургацын зан үйл, дайчдын бэлтгэл болон хувирч эцэст нь хаанд зориулсан үзвэр, үндэстний бэлгэ тэмдэг болсон гэдэг. Арлын орны үндэсний спортын хамгийн дээд цол нь ёкозүна. Их аварга гэж хүндлэгдэх энэхүү цолыг түүхэндээ 73 хүчтэн хүртсэнээс тав нь монголчууд аж. Бүр тодруулбал, сүүлийн зургаан ёкозүнагийн тав нь талын монголоос тодорчээ.

Энэ оны анхны башё болох Хацү башё өчигдөр/2025.01.26/ өндөрлөж, түрүү бөх тодорлоо. Башё эхлэхээс өмнө сүмогийн холбооны зүгээс озэки Хошорюү С.Бямбасүрэн болон озэки Котозакүра нарыг түрүүлвэл эсвэл түрүүлэх хэмжээний сайн барилдвал ёкозүна цол хүртэнэ гэж болзол тавьсан. Нөгөө талд 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн бэртэл гэмтэл улам хүндэрч, барилдах хэцүү болсон тул дараагийн аваргыг тодруулах шаардлага гарав. Сүмо бөх ёкозүнагүй байж болохгүй. Монгол наадам дархан аваргатай байж бүтэн болдог гэдэг шиг япончууд сүмодоо ёкозүнатай, аваргын ёслол хийх хүнтэй байх ёстой аж.

Хацү башё эхлээд Хошорюү сайн барилдаж, Котозакүра дараалан ялагдсан. Улмаар Котозакүрагийн нэр ёкозүнагийн өрсөлдөөнөөс хасагдаж, Хошорюү ганцаараа үлдэв. Тэрбээр башёг тэргүүлж эхэлсэн ч дунд нь дараалан ялагдаж, саарсан. Энэ хооронд казахстан бөх Кинбозан ганцаараа башёг тэргүүлж, түрүүлэхэд ойрхон ирсэн. Гэхдээ бурхны зурсан зураг гэлтэй Хошорюүд гүйцэх боломж олдож, боломжоо ч алдсангүй. Башёгийн сүүлийн өдөр хоёр нэмэлт барилдаан хийж, Охо, Кинбозан нарыг дараалан ялсанаар Хошорюү түрүүллээ.

Өдгөө 25 настай Асашорюү Д.Дагвадоржийн үеэл дүү Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөлөөс албан ёсоор ёкозүна цол хүртсэн тухайгаа сонсч, зөвшөөрлөө авна.

Хошорюү С.Бямбасүрэн замналынхаа хоёр дахь түрүүг хүртсэн нь энэ. Тэрбээр 2020 оны Аки башёд анх дээд зиндаад барилдаж, анхны түрүүгээ 2023 оны Нагоя башёд хүртэж байв. Үүнээс хойш 2023 оны Аки башёд анх озэки цол хүртсэн түүхтэй. Озэки цолтой Хошорюү өдийг хүртэл барилдсан бүх башёдоо качикоши буюу доод тал нь найман даваа авч, 50-аас дээш хувийн амжилт үзүүлжээ. Энэ нь ч сүмогийн холбооны анхаарлыг татсан гэлтэй.

Хацү башёд түрүүлсэн Хошорюү С.Бямбасүрэн "Өмнөх башёгийн сүүлийн өдөр би өөртөө Хацү башёд түрүүлнэ гэж амласан. Энэ башё бол ёкозүна цолны төлөөх башё байлаа. Өдөр бүр бүрэн анхаарлаа төвлөрүүлж, ялалт авахыг зорилоо. Дэвжээний багш маань барилдаан бүртээ хүссэнээрээ барилдаж, сайхныг нь мэдэр гэж хэлсэн. Энэ үгс намайг урамшуулсан" гэлээ.

Хошорюү Хацү башёгийн түрүүгээ ахлах сургуулийнхаа багш Томохиро Осавад зориулжээ. Энэхүү эрхэм Хошорюүг анх сүмотой танилцуулж, Японд авчирсан гэнэ. Харамсалтай нь 2024 оны есдүгээр сард таалал төгсчээ.

Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү хэлэхдээ "Хошорюү гайхалтай үр дүнг толилууллаа. Түүнийг озэки цолтой байхдаа дарамт, бэрхшээлийг хангалттай мэдэрсэн гэж бодож байна. Түүний сэтгэл зүй үнэхээр өөр юм. Охо ч сайн барилдсан шүү. Түүний барилдаан хэдэн башёгоос өмнөөс л анхаарал татсан. Тэр төвлөрсөн харагдсан" гэжээ.

Хацү башёд аман хүзүүдсэн Ёкозүна Тайхогийн ач хүү Охо ирэх башёд санякү цолтой барилдахаар болжээ.

2002 оны Кюүшү башёд анх Асашорюү Д.Дагвадорж түрүүлснээр арлын Япон дахь монголчуудын ялалт, амжилтын буухиа эхэлсэн. Тэгвэл 23 жилийн дараа түүний ахын хүү Хошорюү үүнийг залгамжилж байна. Сүмогийн 74 дэх ёкозүнагаар Сугаррагчаагийн Бямбасүрэн тодрох мөч ирлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)