Л.Баярмандал: Шатахуун хадгалах сав хүрэлцээгүй учраас олон сараар нөөцөлж чадахгүй байна
- 2023-11-30
- Үнэн
- 2
АИ-92, дизель түлш хомсодсон, орон нутагт тасарсан талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж буй. Тиймээс үүнтэй холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалаас тодруулга авлаа.
-Орон нутагт ч, хотод ч түлш тасраад байна. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?
-ОХУ-ын дотоод байдалтай холбоотойгоор тодорхой хугацаанд тасалдал үүссэн. 20-иод хоногийн хугацаанд Монгол Улсад ганц ч литр тос орж ирээгүй. Үүний дараа манай хоригийг цуцлаад ачуулж байна. Гэхдээ жигдрэл үүсэхгүй байна. Жишээ нь, нэг өдөр бензин, дараагийн өдөр нь дизель орж ирээд ч гэдэг юм уу тогтвортой байхгүй байна.
Хадгалах сав хүндхэн байгаа учраас олон сараар нь нөөцөлж авч чадахгүй байна. Мөн дотоодын тээврийн асуудал ч их байна. Монголын болоод ОХУ-ын төмөр зам нэлээд ачаалалтай байна.
-Байдал хэзээ хэвийн болох вэ?
-Толгойт, Рашаант зэрэг бөөний станцуудад манайх байнгын шалгалт, хэмжилт хийж байна. Хэдэн вагон орж ирж байна. Хэдэн агуулахад хэдэн тонны үлдэгдэлтэй байна зэргийг хянаж байгаа. Бөөний хувьд ямар нэгэн асуудалгүй.
Гайгүй болсон. Агуулахаасаа эхлээд шатахуун түгээх станц хүртэлх компаниуд өөрсдөө хариуцаж тараадаг. Үүнд тодорхой хэмжээний доголдол үүсч байна. Жишээ нь, жижиг компаниуд өөрсдийн агуулах савгүй учраас том компаниудын агуулахыг түрээсэлдэг. Мөн гэрээгээр агуулахад нь шатахуун нөөцөлдөг газрууд байна.
Хотын төвийн станцуудын тухайд, том оврын машиныг өдөр явуулдаггүй. Тиймээс орой болохыг хүлээж байгаад цэнэглэдэг зэргээр ложистикийн жижиг асуудлууд байна.
-ОХУ-ын Засгийн газраас хязгаарлах шийдвэрийг есдүгээр сарын 21-нд гаргасан. Энэ хугацаанд яагаад арга хэмжээ авсангүй вэ гэх олон нийтийн шүүмжлэл байна л даа?
-Тухайн үед баруун болон зүүн хилээр шатахуун орж ирээгүй. Арваннэгдүгээр сарын 13-наас Боршоо боомтоор, арваннэгдүгээр сарын 15-наас Цагааннуур боомтоор түлш орж ирлээ. Харин аравдугаар сарын дунд үеэс Эрээнцавын боомтоор түлш орж ирсэн. Энэ хүртэлх хугацаанд шатахууныг дандаа Улаанбаатар хотоос татаж байсан. Тиймээс тодорхой хэмжээний хүндрэл үүссэн.
Бид хойд, урд мөн бүх түвшинд ажиллаж байна. Аж ахуйн бүх захирлууд өнөөдөр (өчигдөр) уул уурхайн яаман дээр уулзаж ярилцлаа. Бүх талдаа ажиллаж байна. Гэхдээ Монгол Улс дотооддоо газрын тосны үйлдвэртэй болохоос нааш санаа амрах асуудал биш. Тэр дундаа дайн болно гэж бид төлөвлөөгүй л байсан.
-Шатахууны хомсдолоос болж уул уурхайн компаниудад ямар нэгэн хүндрэл үүсч байна уу. Тээвэрлэлт тасалдаж байна гэх мэдээлэл явах юм?
-Байхгүй. Уул уурхайн компаниудын ихэнх нь гэрээтээр явдаг. Гэрээт компаниуддаа хамгийн түрүүнд өгч байна. Өөрсдөө хариуцлагатай байж хангамжийн компаниудтайгаа гэрээгээ хийчихвэл асуудал байхгүй.
-Шатахууны хомсдолоос үүдэж хот хоорондын ачаа тээвэрлэлт мөн л саатаж байна. Үүнд чиглэсэн ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Цас зудын хүндрэлтэй холбоотой шатахууны асуудлыг УОК-оос тодруулаарай. Ямартаа ч баруун, зүүн хилээр орж ирж байгаа шатахууныг УОК-т өгч байгаа.
-Баруун хилээр хэдэн хоногийн нөөц орж ирж байгаа вэ?
-Хадгалдаг юм биш. Ороод таарагдаж байгаа. Гагцхүү тасалдахгүй орж ирж байна.
-Тасалдвал яах вэ. Цаашид тасалдахгүй юу?
-Манайхыг шатахуунаар хангаж байгаа улс тасалдахгүй гэж хэлсэн.
-ОХУ-тай ямар хэмжээний ойлголцолд хүрчихвэл шатахуун хомсдож байгаа энэ байдал сайжрахаар байна вэ?
-Ойлголцсоны үндсэн дээр тасрахгүй явж байна. Дэлхийн олон оронд хориг тавьсан хэрнээ манай улсыг хоригоос гаргаж шатахуун өгч байна шүү дээ. ОХУ-д дотоодын хэрэглээгээ хангах шаардлага үүсч байна. Квоттой байдаг юм билээ. Мөн дотооддоо өөр хэрэглээтэй болчихоод байгаа шүү дээ. Тиймээс хаа хаанаа зовлон байна. ОХУ-аас гэрээлсэн хэмжээгээрээ өгнө гэсэн.
-БНХАУ-аас Монголын аж ахуйн нэгжүүд шатахуун авч байгаа гэж ойлгосон?
-Гадаад харилцааны яамаар дамжуулж хүсэлт тавьсан. Гэрээгээ хийж, мөнгөө төлсөн. БНХАУ квотын системтэй. Тиймээс төмөр замын квоттойгоо тохирдог юм билээ.
-БНХАУ-аас сард хэр хэмжээтэй шатахуун авч байгаа вэ?
-Аж ахуйн нэгжүүд гэрээ хийж авч байгаа.
-БНХАУ-аас авах шатахууны хэмжээг нэмэх талаар яриа хэлэлцээр хийгдэж байгаа юу?
-Одоогоор долоон мянган тонн шатахуун БНХАУ-аас орж ирсэн байна. Дараагийн тээвэрлэлт үргэлжлээд явж байна. БНХАУ-ын хувьд манай хэрэглээ жаахан шүү дээ. Сарын 100 мянган тонныг авъя гэхэд дэндүү бага байна гэсэн. Тэгэхдээ хүнд нөхцөл байдал үүссэн гээд манайд өгч байгаа. БНХАУ бол хэдэн сая тонноор ярьдаг улс.
Р.ХИШИГЖАРГАЛ
Сэтгэгдэл (2)
(59.153.113.186)
төр биш хувийн компаниуд хангаж байгаа биз дээ. чаддаг нь хийг. төрдөө буцааж эрхийг нь шилжүүл .ганц удирлагатай байж хариуцлагаа үүрмээр байна.
(66.181.190.70)
Оросууд Монголчуудад шатахууныг дэлхийн зах зээлийн үнээс гурав дахин хямдаар нийлүүлж байгаа.