Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
- 2024-02-06
- Улс төр
- 0
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Италийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ. Цаашид харилцан сонирхсон салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Элчин сайд Ж.Пиккаррета улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын үеэр “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Итали Улстай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Ж.Пиккарретад ажлын амжилт хүсэж, бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)