Г.Занданшатар: “Наурыз”-ын баяр бол нийт хүн төрөлхтний соёлын томоохон өв, хамтаараа тэмдэглэх баяр юм
- 2024-03-22
- Үнэн
- 0
Г.Занданшатар: “Наурыз”-ын баяр бол нийт хүн төрөлхтний соёлын томоохон өв, хамтаараа тэмдэглэх баяр юм
УИХ-ын дарга Г.Занданшатар “Наурыз”-ын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт өнөөдөр /2024.03.22/ хүрэлцэн ирж, казах түмэндээ хандаж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Тэрбээр, хаврыг угтаж, нарыг тосох баяр- “Наурыз”ыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт оршин суугаа та бүхэндээ болон нийт казах түмэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье. Монголын хамгийн алс баруун хязгаар Баян-Өлгий аймагт ирж, Та нартайгаа үндэсний уламжлалт баярыг тань хуваалцаж байгаадаа нэн баяртай байна.
“Наурыз”-ын баяр өнө эртний түүхтэй. Хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдахаас өмнө наурызыг тэмдэглэж байсан гэсэн түүхэн эх сурвалж байдаг. Тиймээс ЮНЕСКО-гоос 2009 онд хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад “Наурыз”-ыг бүртгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 онд Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг тэмдэглэж байхаар тунхагласан. Энэ бол “Наурыз” нийт хүн төрөлхтний соёлын томоохон өв, хамтаараа тэмдэглэх баяр гэдгийг илэрхийлж байгаа юм.
Дэлхийн казахуудын дотроос хэл, соёл, ёс заншлаа хамгийн цэвэр тунгалгаар нь хадгалж үлдсэн нь Монголын казахууд мөн гэж эрдэмтэн судлаачид тэмдэглэсэн байдаг. Тиймээс Монгол Улсын төр, засаг энэ өдрийг казах түмний өв соёлыг хүндэтгэн эрхэмлэх, хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх өдөр хэмээн үзэж, чухал ач холбогдол өгдөг. Мөн ажил үйлсээ дүгнэн цэгнэх, хөгжил дэвшлийн зорилтоо тодорхойлох, казах түмнээ алдаршуулах, аксакал буурлуудаа хүндлэх өргөн утгаар тэмдэглэсээр ирсэн.
Үндэсний соёл, түүх, ёс уламжлалаа дээдлэн хадгалж, казах түмэн, аймаг, орон нутгийнхаа төдийгүй улс орныхоо нэрийг дуурсгасан төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартан, хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэд Та бүхний дундаас олон арваар төрөн гарснаар бид ямагт бахархдаг. Та бүхнийхээ үндэсний онцлог, өв уламжлалаа хадгалан хөгжүүлэх, эх хэлээрээ сурах, харилцах, мэдээлэл авах, уугуул шашнаа шүтэх, ялгаварлан тусгаарлагдахгүй байх эрхийг хангахыг Монголын төр ямагт анхаарлынхаа төвд байлгасаар ирсэн. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, ард иргэдийн сайн сайхан амьдралын баталгааг бүрдүүлэх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, бодлого шийдвэр батлан хэрэгжүүлэх асуудалд төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал онцгой анхаарсаар ирсэн бөгөөд энэ уламжлалт бодлого цаашид ч тууштай үргэлжлэх болно. Казах түмнээ төлөөлж 1990 оны Улсын Бага Хурал болон 1992 оноос хойших 8 удаагийн парламентад 17 хүн гишүүнээр сонгогдон ажилласан байдаг. Найм дахь удаагийн буюу одоо үйл ажиллагаа явуулж байгаа Улсын Их Хуралд манай туршлагатай парламентч Хавдисламын Баделхан, Монголын шилдэг эмч нарын нэг, улстөрч Буланы Бейсен, залуу, ирээдүйтэй улстөрч Тилеуханы Аубакир нар сонгогдон ажиллаж байна. Баян-Өлгий аймгаас 2020 онд Улсын Их Хуралд сонгогдсон манай 3 гишүүн үүрэг хариуцлага, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйг сахиж, сонгогч түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө хичээн чармайж, хууль тогтоох үйл ажиллагаанд өөрсдийн үнэтэй хувь нэмрийг оруулан, Өлгийн ард түмнээ нэр төртэй төлөөлөн ажиллаж байгааг зориуд цохон тэмдэглэж, баяр хүргэе.
Эрхэм хүндэт казах иргэд ээ,
Перс хэлээр наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай юм билээ. “Наурыз”-ыг бас “Нарны баяр” ч гэдэг. Тиймээс шинэ өдөр бүрийн алтан нар Та бүхнийг ивээж, шинэ амжилт, шинэ хөгжил цэцэглэлт, шинэ ирээдүйг авчрах болтугай. “Наурыз”-ын баяраа ам дүүрэн ерөөл билигтэй, дастархан дүүрэн идээ будаатай, жаргал баяраар дүүрэн тэмдэглээрэй. Наурыз мейрамы хутты болсын.
2024.03.22
Сэтгэгдэл (0)