Тайваньд есөн хүн амиа алдаж, 1000 гаруй хүн гэмтэж бэртжээ

ТАЙБЭЙ/БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /Xinhua/. Хятадын Тайваньд лхагва гаргийн өглөө болсон 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 22:00 цагийн байдлаар есөн хүн амиа алдаж, 1011 хүн гэмтэж бэртсэн тухай онцгой байдлын газар мэдээлэв.

 

Хуалянь хотын ойролцоо болсон газар хөдлөлтийн улмаас байшин барилгуудад 100 гаруй хүн гарч чадахгүй гацаад байгаа тухай мэдээлэлд дурджээ. 22:00 цагийн байдлаар, аврагчид Хуалянь хотын хазайсан барилга дотор гацсан 25 хүнээс 24-ийг нь амжилттай гаргаж чадсан байна.

 

 

Харин барилгад үлдсэн сүүлчийн хүнийг аврах үед амьдын шинж тэмдэг илрээгүй байна. Газар хөдлөлтийн дараа Тайвань даяар 28 барилга нурсны 17 нь Хуаляньд байжээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, 360 мянга гаруй өрхийн цахилгаан эрчим хүч, 120 мянга гаруй өрхийн усан хангамж тасалдсан байна. Тайванийн тээврийн газрын төлөөлөгчийн хэлснээр, Илань-Хуалянийг холбосон төмөр зам ихээхэн эвдэрч сүйджээ.

 

 

Хуалянь хотод газар хөдлөлтийн дараах чичирхийлэл үргэлжилсээр байгаа нь сэргээн босгох багууд гамшигт өртсөн газар руу нэвтрэхэд саад болж байна. Төмөр замын үйлчилгээг сэргээх нь эн тэргүүнд тавьж байгааг албаны хүн хэлээд, пүрэв гаргийн үдээс хойш гэхэд Илань, Хуалянийг холбосон төмөр замын хоёр урсгалтай замын хөдөлгөөнийг сэргээнэ гэж мэдэгдлээ.

 

Газар хөдлөлт Тайванийн олон нутагт хүчтэй мэдрэгдсэн байна. Тухайлбал, Тайбэй хотод газар хөдлөлтийн улмаас зарим сургуулийн барилга эвдэрч сүйджээ. Лхагва гаргийн үдээс хойших байдлаар 201 сургууль, цэцэрлэгийн барилга ямар нэг хэмжээгээр эвдэрсэн ба зургаан сургуулийн үйл ажиллагаа түр зогссон байна. Тайванийн цаг уурын агентлаг энэ удаагийн газар хөдлөлтийг 1999 оны есдүгээр сарын 21-нд болсон газар хөдлөлтөөс хойш сүүлийн 25 жилийн хугацаанд тус аралд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж тодорхойлжээ.

 

Хятадын Төрийн Зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Жу Фэнлянь мэдэгдэхдээ, үүсээд буй нөхцөл байдалд маш их санаа зовниж байгаа бөгөөд гамшигт нэрвэгдсэн Тайванийн эх орон нэгтнүүддээ гүн эмгэнэл илэрхийлж байна гээд, эх газрын зүгээс тусламж үзүүлэхэд бэлэн байгааг уламжиллаа.

 

Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвөөс мэдээлснээр, Бээжингийн цагаар лхагва гаргийн өглөөний 07:58 цагт газар хөдлөлт болсон бөгөөд түүний голомт нь умард өргөргийн 23.81 градус, зүүн уртрагийн 121.74 градуст, 12 км-ийн гүнд байсныг тогтоожээ. Газар хөдлөлтийн дараа Хятадын Байгалийн нөөцийн яамнаас цунамийн сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд төдөлгүй цуцалжээ. Газар хөдлөлтийн голомтын ойролцоо цунами үүсэж, Тайванийн эрэг орчмын зарим хэсэгт гамшигт үр дагавар учруулсан гэж тус яамны урьдчилан сэрэмжлүүлэх төв мэдээлээд, цунами нүүрлэх эрсдэл үндсэндээ үгүй болсныг мэдэгдсэн байна.

 

Тайванийн цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Хуаляниас зүүн өмнө зүгт 25 км-ийн зайд байсан бөгөөд тус хотод 6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Хуаляньд үйлдвэр албан байгууллагууд, сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Тус хотод орон сууцны олон барилга их бага хэмжээгээр эвдрэн нурж, олон зуун оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Мөн уулархаг газруудад хад чулуу нурсан байна.

 

Газар хөдлөлтийн улмаас Шинэ Тайбэй хотод резиний үйлдвэрийн барилга нуржээ. Арлын олон хошуу, хотод метроны хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоожээ. Тайбэй хотод дор хаяж нэг минут үргэлжилсэн хүчтэй чичиргээний улмаас метроны үйлчилгээ 40-60 минутын турш зогссон байна. 22:37 цагийн байдлаар Хуалянь болон түүний ойролцоох бүс нутагт 216 удаагийн чичирхийлэл бүртгэгджээ. Мөн ойрын гурван хоногт 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болно гэж Тайваний мэргэжилтнүүд таамаглаж байна. Хятадын эх газрын Фүжянь, Гуандун, Шанхай, Жэжян, Жянсуд мөн чичиргээ мэдрэгджээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)