Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
- 2024-05-17
- Дэлхий
- 0
БЕРЛИН, 2024 оны тавдугаар сарын 17 /DW/. Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд тав орчим жилээр уртасна гэдгийг саяхан хийсэн судалгаагаар тогтоожээ. Гэхдээ таргалалт, цусны даралт ихсэх зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан хүмүүс эрүүл мэнд нь тааруу байдалтайгаар илүү олон жилийг өнгөрөөнө.
Энэхүү судалгааны дүн нь пүрэв гарагт анагаах ухааны “Лансет” сэтгүүлд нийтлэгдсэн 2021 оны Өвчин, осол гэмтэл, эрсдэлт хүчин зүйлсийн дэлхийн хэмжээний судалгааны нэг хэсэг ажээ.
Вашингтоны их сургуулийн Эрүүл мэндийн үнэлгээний хүрээлэнгийн /IHMEE/ ахлах судлаач Лиане Онгийн хэлснээр, цаашдын чиг хандлага нь уур амьсгалын өөрчлөлт, таргалалт, донтолт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж өмнөх чиг хандлагаас тэс өөр байж магадгүй байна.
Дэлхий даяар дундаж наслалт нэмэгдэнэ
Судлаачдын багийнхан эрэгтэйчүүдийн дундаж наслалт 71.1-ээс 76, эмэгтэйчүүдийнх 76.2-оос 80.5 болж өснө гэж таамаглаж байна. Түүнчлэн одоогоор дундаж наслалт багатай байгаа орнуудад хамгийн ихээр нэмэгдэх төлөвтэй байна.
“Энэ бол хамгийн өндөр ба хамгийн бага орлоготой бүс нутгуудын хоорондох тэгш бус байдал хэвээр байх боловч ялгаа багасаж байгааг илэрхийлсэн үзүүлэлт бөгөөд Сахарын цөлөөс өмнө зүгт оршдог Африкийн орнуудын хүн амын наслалт хамгийн ихээр нэмэгдэх төлөвтэй байна” гэж IMHEE-гийн захирал, доктор Крис Мюррей ярилаа.
Энэ нь зүрхний өвчин, “COVID-19”, халдварт өвчнүүд, эх нярайн болон хоол тэжээлтэй холбоотой олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдтэй холбон тайлбарлаж байна.
Таргалалт нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг
Цусны даралт, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, биеийн жингийн индекс өндөр байх зэрэг бодисын солилцооны эрсдэлт хүчин зүйлсийн улмаас хүн төрөлхтний алдсан нийт жилийн тоо 2000 оноос хойш бараг 49.4 хувиар өссөн болохыг судалгаагаар тогтоожээ. Агаарын бохирдол, тамхидалт, дутуу төрөлт зэрэг нь эрүүл мэнд доройтоход хамгийн их нөлөөлсөн хүчин зүйлсийн тоонд багтаж байна.
“Бодисын солилцоо болон хоолны дэглэмтэй холбоотой эрсдэлт хүчин зүйлсийг даван туулах замаар ирээдүйд хүмүүсийн эрүүл мэндийн байдалд сайнаар нөлөөлөх асар их боломж бидэнд байна” гэж К.Мюррей хэлжээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (0)