"Дэлхийн Монгол хүүхдүүд 2024" олон олон онцлогтой болж өнгөрлөө

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, Улаанбаатар хотын хүүхэд багачууд хүсэн хүлээдэг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан "Дэлхийн Монгол хүүхдүүд 2024" хүндэтгэлийн үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд өнгөрсөн 6 дугаар сарын нэгэнд маш амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн хүүхдийн баяр онцлог дүүрэн болж өнгөрлөө.

Хамгийн нэгдүгээрт Монгол Улсын төрийн дууллыг Монгол Улсын Консерваторийн Үндэсний найрал хөгжмийн 70 хүүхэд хөгжимдөж, Монголын хүүхдийн ордны болон “Улаан бүч” чуулгын найрал дууны 100 уран бүтээлч хүүхэд дууллаа. Мөн үндэсний дээл хувцсаараа гоёсон удирдаач хүү удирдан тоглуулсан нь бас нэгэн онцлог байсан төдийгүй, Монгол Улсын Төрийн дууллыг 100 хувь хүүхдүүд бие даан хөгжимдөж, дуулж байсан түүх үгүй юм.

Үндэсний бахархал, үнэт өв баялаг болсон морин хуураа төрийн хамгаалалтад байлгаж, дээдлэн дэлгэрүүлэх олон нийтийн хүсэл эрмэлзлэл, үүсгэл санаачлагыг дэмжих үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг болгосны дагуу Соёлын яамнаас 1000 хүүхдийг 50 хоногт морин хуур хөгжмийг тоглуулж сургах үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд хүрээнд морин хуурыг анхлан сурч байгаа хүүхдүүдэд “Булгиар хүрэн цүнх” болон Ардын жүжигчин, төрийн шагналт, алдарт морин хуурч Г.Жамъяны хувилбар “Арван тавны сар” бүтээлийг тоглуулж сургасан юм. 6 дугаар сарын нэгний олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд эдгээр 1000 сурагч монгол ардын дуу “Арван тавны сар”-ыг үзэгч олны хүртээл болгон тоглож үзүүллээ.

Түүнчлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шаравын хөгжмийн бүтээл монгол орны ирээдүйг гэрэл гэгээтэй, эрч хүчтэй, эрэмгий дайчин байхыг бэлгэдсэн “СЭРСЭН ТАЛ” бүтээлийг Монгол Улсын Консерваторийн 70 хүүхдийн бүрэлдэхүүнтэй Үндэсний найрал хөгжим 70 хүүхэд хөгжимдөж, үзэгчдийн бахархах сэтгэлийг улам бадраан байлаа.

Үүнээс гадна жил бүрийн 6 дугаар сарын нэгэнд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Монгол хүүхэд” нэрийн дор хүндэтгэлийн тоглолт хийдэг уламжлалтай. Үүний хүрээнд “Монгол хүүхдүүд” нэртэй цоо шинэ уран бүтээл төрөн гарсныг Монголын хүүхдийн ордны болон “Улаан бүч” чуулгын 100 авьяаслаг сурагчид дуулж сонирхууллаа. Энэ дуу нь Монгол аялгуутай, Монгол ухагдахуунаар мэргэжлийн түвшинд бүтээсэн гайхалтай дуу юм.

Хүүхэд багачуудыг эх сайхан Монгол хэлнийхээ яруу тунгалаг байдлыг алдагдуулалгүй өвлөн, цаашид залгамжлуулах учиртайг ч мөн хүндэтгэдийн тоглолтын индэрээс уриалж байлаа. Тиймдээ ч “Ирээдүйгээс ирсэн захидал” хэмээх нийтлэлийг уламжлалт наадгайн баатрууд буюу Монголдой, Хөлөгтэй, Шагайдай, Өрлөгхөн, Оньсхон, Уранхан нараар дамжуулан хүргэлээ. Энэ нь хүүхэд багачуудын сэтгэлд ойрхон байлаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)