Үлээвэр хөгжимд зориулсан шилдэг бүтээлээр хөгжмийн зохиолч Д.Сайханбаярын "эргэх ертөнц" сюит шалгарлаа

Монгол Улсад Цэргийн үлээвэр хөгжим үүссэний 110 жилийн ойг тохиолдуулан, үлээвэр хөгжимд зориулсан шилдэг бүтээл шалгаруулах уралдаан Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын байранд маш амжилттай болж өнгөрлөө.

Нийслэлийн соёл, урлагийн газар, Цагдаагийн “Сүлд” чуулга хамтран зохион байгууллаа. энэ уралдааны сүүлийн шатанд мэргэжлийн 10 хөгжмийн зохиолчийн 13 бүтээл шалгараад байсан юм.

Үлээвэр хөгжимд зориулсан шилдэг бүтээлийн уралдааны тэргүүн байрын эзнээр хөгжмийн зохиолч, Д.Сайханбаяр “Эргэх ертөнц” сюит, буюу “Өглөөний зураглал”, Өдрийн мэнд”, “Нарны тухай сарны бодол” цуврал бүтээлээрээ шалгарлаа. Дэд байрыг хөгжмийн зохиолч, МУСТА С.Тараа “Бүсгүйн донж” бүтээлээрээ эзэлсэн бол гутгаар байрыг хөгжмийн зохиолч, МУСТА А.Болорхүү “Өнгөрсөн одоо ирээдүй” бүтээлээрээ тус тус эзэлсэн юм. Харин тусгай байранд хөгжмийн зохиолч, МУСТА Н.Мөнхсайханы “Ирээдүй” бүтээл шалгарлаа.

“Цэргийн хөгжим, үлээвэр найрал хөгжимд зориулж хөгжим бичнэ, түүний зохиомжилно, найруулна гэдэг бол зөвхөн мэргэжлийн хөгжмийн зохиолчдын л хийж чадах ажил, мэдэрч чадах мэдрэмж байдаг. Энэ удаагийн уралдаанд үлээвэр найрал хөгжмийг ардын урлаг, рок хөгжимтэй хослуулсан бүтээл ирсэн нь үнэхээр бахархмаар байлаа” гэж уралдааны ерөнхий шүүгч, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны Удирдах зөвлөлийн дарга, хөгжмийн зохиолч, МУСТА Г.Түвшинтөр онцолсон юм.

Уралдааны үеэр Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын нэрэмжит “Б.Шарав” сангийн нэрэмжит шагналыг хөгжмийн зохиолч, МУСТА Д.Отгонтогтоол хүртлээ. Төрийн соёрхолт “Цогзол Нацагдорж сан”-гийн нэрэмжит шагналаар Соёл, урлагийн их сургуулийн оюутан Ц.Хүслэн шагнуулсан бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн “Л.Гаваасүрэн сан”-гийн нэрэмжит шагналыг хөгжмийн зохиолч, МУСТА Р.Билэгт хүртлээ. Үүнээс гадна Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Н.Цэрэнпил агсны нэрэмжит шагналыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Батнасан “Байдар вальс” бүтээлээрээ, харин цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн “Д.Сандагсүрэн сан”-гийн нэрэмжит шагналыг хөгжмийн зохиолч, МУСТА Д.Отгонтогтоол хүртлээ. Монгол Улсын “Соёлын элч” Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Өлзийбуянгийн нэрэмжит шагналаар хөгжмийн зохиолч, МУСТА Д.Мягмардорж шагнууллаа.

Үлээвэр хөгжмийн шилдэгийг шалгаруулах уралдааны шүүгчээр Монгол Улсын Филармоний удирдаач, Төрийн соёрхолт С.Саруул-Од, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны Удирдах зөвлөлийн дарга, хөгжмийн зохиолч, МУСТА Г.Түвшинтөр, СУИС-ын Хөгжмийн урлагийн онолын тэнхимийн эрхлэгч, хөгжим судлаач, МУСТА Х.Ариунаа, ЦЕГ-ийн "Сүлд" чуулгын хөгжмийн багш, удирдаач, МУСТА, Цагдаагийн хошууч, Э.Батбаяр нар ажиллалаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)