Жо Байден: Би нам, улс орноо нэгтгэхийн тулд өрсөлдөөнөөс гарсан
- 2024-07-25
- Дэлхий
- 0
ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 25 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нам болон улс орноо нэгтгэхийн тулд ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнийг орхисон гэж мэдэгдээд “шинэ залуу үеийнхэн дуу хоолойгоо өргөх цаг ирсэн” гэлээ.
Зууван танхимаас телевизээр мэдэгдэл хийхдээ тэрбээр “галт бамбарыг шинэ үеийнхэнд шилжүүлэн өгөх” цаг болсныг дурдаад, “хувийн хүсэл эрмэлзэл” нь “ардчиллаа аварч үлдэх” замд саад болж болохгүй гэдгийг нэмж хэлжээ.
Ж.Байден Дональд Трамптай хийсэн мэтгэлцээнд тун тааруухан оролцсоноосоо хойш өрсөлдөөнөөс гарахыг уриалсан шахалттай хэдэн долоо хоногийн турш тулгарсны эцэст өнгөрсөн ням гарагт нэрээ татаж байгаагаа мэдэгдэж, дэд Ерөнхийлөгч Камала Харрисыг сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжсэн билээ.
Мөн лхагва гарагт Ардчилсан нам ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахтай холбоотой намын дүрмийг баталсан бөгөөд К.Харрисыг албан ёсоор нэр дэвшүүлэх санал хураалт наймдугаар сарын 1-нд эхлэх төлөвтэй байна гэж CNN телевиз мэдээлжээ.
Харин лхагва гарагт Д.Трамп Ж.Байденыг өрсөлдөөнөөс гарснаас хойш анх удаа цуглаанд оролцохдоо, Ерөнхийлөгч санал хураалтад “ялагдаж байсан учраас” нэрээ татахаар шийдсэн гэж хэлсэн байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)