Орос ба Барууны орнууд хамгийн олон тооны хоригдол солилцжээ
- 2024-08-02
- Дэлхий
- 0
ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 2 /BBC/. Хүйтэн дайны үеэс хойших Орос болон Барууны орнууд хамгийн том хоригдол солилцох ажиллагааг пүрэв гарагт хийснээр нийт 24 хүн суллагдлаа гэж АНУ-ын тал мэдэгджээ.
Цагаан ордны мэдээлснээр, Орост хоригдож байгаад суллагдсан 16 хүн Европ, АНУ-д буцан ирж байна. Тэдний дунд “Уолл Стрит Жорнэл” сонины сурвалжлагч Эван Гершкович байгаа ажээ.
Үүний хариуд АНУ, Норвеги, Герман, Польш, Словенийн шоронгоос Оросын найман хоригдлыг сулласны дотор тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдаж байсан хүмүүс багтжээ. Хоригдлуудын хоёрынх нь хүүхдүүд мөн Орост буцаж ирсэн байна.
Солилцоо пүрэв гарагт Анкарагийн нисэх онгоцны буудлын хөөрч буух зурваст болжээ.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний ахмад дайчин Пол Уилан, Орос-Америкийн сэтгүүлч Алсу Курмашева, АНУ-ын ногоон карттай, Орос-Британийн идэвхтэн Владимир Кара-Мурза нар АНУ-д эргэн ирэх гэж байгааг Ерөнхийлөгч Жо Байден батлан мэдэгдсэн байна.
Хоригдлуудыг солилцох тухай хэлэлцээ 18 сар гаруйн турш явагдсан бөгөөд Вадим Красиковыг буцаан авах гэсэн Москвагийн шаардлагаас их зүйл шалтгаалсан бололтой. Тэрбээр Берлиний цэцэрлэгт хүрээлэнд аллага үйлдсэн хэргээр Германд бүх насаараа хоригдох ял эдэлж байсан бөгөөд одоо Орост буцан ирж байна. Америкийн өндөр албан тушаалтнууд түүнийг “тун муу этгээд” хэмээн тодорхойлж, “оросуудын суллаж авахыг хүссэн хамгийн том загас мөн” гэж мэдэгдсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон бусад өндөр албан тушаалтнууд Москвагийн “Внуково” нисэх онгоцны буудалд буусан Оросын иргэдийг угтан авах үед хүндэт харуул жагссан байв хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)