МЭДЭГДЭЛ

 

Монгол Улсын Их Хурал (УИХ)-ын Дэд дарга Б.Пүрэвдорж нарын УИХ-ын хэсэг гишүүд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн ордонд мэдээлэл хийхдээ “Петролеум Продакшн” ХХК-ийн талаар илт худал мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлэн, тус компанийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдсан учир дараах мэдэгдлийг гаргаж байна.

УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж нарын гишүүд “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа талаар мэдээлэл хийхдээ “…Монголд татвараас зугтдаг бизнес байгаа. Энэ бол хуурамч шатахуун хийдэг бүлэг хүмүүс байдаг. Хуурамч шатахуун гэж юу гэдгийг тайлбарлая. Зориулалтын бусаар керосин, нафта зэрэг олон хольц бүтээгдэхүүнийг онцгой татваргүй оруулж ирж хольдог бизнесийг хэлдэг. Жишээ нь нэг үйлдвэрийг танилцуулья. Энэ бол “Петролеум продакшн” ХХК хэмээн нэр цохон олон нийтэд зарлалаа. Мөн “… Ийм хуурамч шатахууныг монголчууд хэрэглэснээс болж олон автомашин эвдэрдэг. Үндсэн Хуулийн Цэцийн гишүүд авлига авч, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж онцгой татвар тогтоосон хуулийг хүчингүй болгосон” гэх агуулга бүхий олон нийтийг илт төөрөгдүүлсэн, хувийн хэвшлийн бизнесийн нэр хүндэд халдсан, худал гүтгэлгийг түгээж байгааг эрс эсэргүүцэж байна.

“Петролеум Продакшн” ХХК нь Эрдэнэт хотод байрлах, Монгол Улсын хууль тогтоомжинд нийцсэн, олон улсын чанар стандартыг хангасан, хийн конденсат (Газо-конденсат) нэрэх бага оврын үйлдвэртэй бөгөөд газрын тосны үйлдвэрлэлийн хагас боловсруулсан, дагалдах бүтээгдэхүүнийг дахин нэрж эцсийн бүтээгдэхүүн болох зуны улирлын зориулалтын дизель түлш гарган авах боловсруулалтыг хийдэг байсан. Тус үйлдвэр бензин огт үйлдвэрлэдэггүй, жижиглэнгийн борлуулалт хийдэггүй бөгөөд газрын тосны үйлдвэрлэлийн хагас боловсруулсан дагалдах бүтээгдэхүүнд “Онцгой албан татвар”-ыг тонн тутамд дээд хэмжээгээр ногдуулснаар 2020 оноос хойш үйл ажиллагаа зогссон байдалтай байна.

Үндсэн Хуулийн Цэцээс 2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр дүгнэлт гаргаж Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэдгийг тогтоосон. Улмаар УИХ хэлэлцээд Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан билээ. Манай компани нь төрийн эрх барих дээд байгуулага болох УИХ болон Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд нөлөөлөх ямар ч боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн мэдээлэлд дурдагдсан шиг вагонцистернээс доогуур соруулаад, дээрээс нь дизель түлш дээр "бензиний фракц болох нафта, октан тоо өсгөгч зэрэг бодис нэмж хийдэг блендийн технологи" дэлхий дээр хаана ч байхгүй. Мөн вагонтой дизель түлшний лацыг хөндөн, доороос нь соруулан авч, нэмэлт бодис хийж, хөдөлгөөнөөр хольдог гэх асуудал нь төмөр замын хууль дүрэм стандартад нийцэхгүй, шинжлэх ухаан, техникийн хувьд ямар ч боломжгүй, октан тоо өсгөгч гэдэг бодисыг дизель түлшинд нэмж хийхийг стандартаар хатуу хориглодог болно. УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж нар дотоодын үйлдвэрлэгчдийг хавчин гадуурхаж, импортлогч компаниудын эрх ашгийг шууд хамгаалсан хуулийн төслийг дахин өргөн барьж байгаа тухайгаа мэдээлэхдээ “Петролеум Продакшн” ХХК-ийн бизнесийн нэр хүндэд халдаж, олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэж байгааг эсэргүүцэж, эрх бүхий байгууллагад хандан, бизнесийн байгууллагын нэр төрөө сэргээлгэх болсоноо үүгээр мэдэгдэж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)