ХБНГУ-ын парламентын сонгуульд Консерватив эвсэл 28.5 хувийн саналаар ялалт байгууллаа

Ялалт байгуулсан ч авсан суудлын тоо нь дангаараа Засгийн газар байгуулахад хангалтгүй байна

ХБНГУ-ын парламентын сонгуульд сөрөг хүчин Христийн Ардчилсан нэгдлийн тэргүүлсэн Консерватив эвсэл (CDU/CSU) 28.6 хувийн саналаар ялалт байгуулсан нь тодорхой боллоо. Харин хэт барууны үзэлт Alternative für Deutschland нам 20.8 хувийн саналаар хоёрдугаарт жагслаа. Канцлер Олаф Шольцын Социал Демократ нам 16.4 хувийн саналаар гуравдугаарт орсон нь тус намын хувьд Дэлхийн II дайнаас хойш байгаагүй сул үзүүлэлт болов.

Ялалт байгуулсан Консерватив эвслийн авсан суудлын тоо дангаараа Засгийн газар байгуулахад хангалтгүй тул дор хаяж нэг намтай эвсэх шаардлагатай болж байна. Европын болоод дэлхийн эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал хурцадсан энэ цаг үед яаралтай Засгийн газраа байгуулахаар ажиллана гэдгээ тус эвслийн тэргүүн Фридрих Мерц мэдэгджээ.

Одоогоор эвсэлд нэгдэх хамгийн өндөр магадлалтай улс төрийн хүч нь Социал Демократ нам байна. Консерватив намын удирдагч Фридрих Мерц хилийн хяналтыг чангатгаж, хууль бус цагаачдыг буцаана гэсэн амлалт өгсөн. Гэвч намууд хэрхэн зөвшилцөхөөс энэхүү амлалт ихээхэн хамаарах юм. Харин AfD намтай тус улсын бүхий л томоохон намууд эвсэхгүйгээ мэдэгдээд байгаа.

Энэ удаагийн сонгуулийн сонгогчдын ирц 84 хувьтай байсан нь 1990 оноос хойших хамгийн өндөр дүн болсон. Сонгуулийн үр дүнгийн дараа еврогийн ханш чангарч, DAX индекс бүх цаг үеийн дээд цэгтээ хүрэв.

Үүний зэрэгцээ Д.Трамп өөрийн Truth сүлжээгээр дамжуулан Консерватив эвсэлд баяр хүргэлээ. Тэрээр Германы ард түмнийг америкчуудын адил олон жил үргэлжилсэн тааруу бодлогоос залхсан байх гэсэн байр суурь илэрхийлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)