Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өндөр түвшний нээлттэй хуралдаанд үг хэлэв
- 4 цаг 28 мин
- Улс төр
- 1
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр “Олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхийн засаглалыг шинэчлэн сайжруулах нь” сэдвээр энэ сарын 20-нд болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өндөр түвшний нээлттэй хуралдаанд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэв.
Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр хэлсэн үгэндээ, дэлхий нийтийн сорилтуудыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга нь олон талт үзэл гэдгийг онцолж, НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, оролцоог сайшаав. Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг илүү төлөөлөлтэй, ил тод, үр дүнтэй болгохын тулд иж бүрэн шинэчлэл хийх шаардлагатайг дурдан, олон улсын эрх зүй, эрх зүйд суурилсан дэг журмыг бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын оролцоог хангахын тулд дэлхийн санхүүгийн тогтолцоог шинэчлэх шаардлагатайг онцлов. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчны сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө тууштай байгаагаа илэрхийлж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл хангаж буйг танилцуулав. Монгол Улс олон талт үзлийг сэргээж, дэлхийн засаглалыг шинэчлэх зорилготой "Ирээдүйн төлөөх гэрээ" баримт бичгийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлэв.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг энэ сард даргалж буй БНХАУ-ын санаачилгаар зохион байгуулсан эл хэлэлцүүлгийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И удирдан явуулж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нээж үг хэлэв. Хэлэлцүүлэгт 98 гишүүн улсын төлөөлөгч үг хэлж оролцсоны дотор Алжир, Боливи, Куба, Пакистан, Саудын Араб, Сомали, Сьерра Леон, Уганда, Унгар, Украин зэрэг 10 улс Гадаад хэргийн сайд, дэд сайдын түвшинд оролцлоо гэж ГХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)
(66.181.181.108)
Дэлхий дээрх Монголын байр суурь хоёр аварга хөршөөс хамааралтай гэдгийг мэднэ биз ээ.