Селфи савааг хоёр удаа бүтээжээ
- 2016-04-20
- Боловсрол
- 0
Селфи саваа гар утсаараа зураг авах дуртай хүмүүсийн хэрэглээнд төгс нийцсэн авсаархан төхөөрөмж билээ. Зарим оронд хүн олноор цуглардаг цэнгэлдэх хүрээлэн, музей, концертын танхимд аюулгүй байдлын үүднээс хэрэглэхийг хориглоод байгаа юм. Гэсэн ч хүмүүс өдөр тутамдаа нэвтрүүлж тогтмол ашигладаг болсон уг саваа нь анх Японд үүсчээ. Саваа бүтээх санааг Минолта компанид гэрэл зурагчнаар ажилладаг Хироши Үеда олсон байна. Тэрбээр1980 онд эхнэрийн хамт Европт аялж байхдаа хамт зургаа авахуулахыг хүссэн ч хүнээр даруулж байж л цуг орохоор байв. Луврын музейн өмнө зураг даруулахаар нэгэн хүүхдийг гуйсан ч камерыг нь аван зугтжээ. Аяллаас эргэж ирээд компанийнхаа удирдлагад өөрийнхөө зургийг авч болох жижиг камерыг сунадаг саваанд суурилуулах шинэ санаагаа дэвшүүлсэн ч дэмжигдэхгүй байв. Тухайн үеийн онцлог санаа байсан учир удалгүй үйлдвэрлэлийн гэрээ байгуулсан юм. 1983 онд Хироши Үеда санаагаа нэр дээрээ бүртгүүлж, худалдаанд гаргажээ. Гэсэн ч зар сурталчилгаа муу байснаас, бүтэлгүйтсэн байна. Савааг30 жилийн өмнө зарахаа больсон ч Үеда бүтээлээ үргэлж биедээ авч явдаг гэнэ. “Японы 101 хэрэггүй бүтээл” буюу чиндогу номонд савааг багтаасан байдаг байна. Уг номд өдөр тутмын амьдралаасаа санаа аван хийсэн, хүний анхаарлыг төдийлөн татаж чадалгүй мартагдсан зүйлсийг бичдэг. Тухайлбал, номд муурны шаахай, уснаас айдаг хүнд зориулсан шүршүүрт ороход өмсдөг хувцас гэх зүйл бичигддэг. Одоогийн бидний хэрэглэж буй боловсронгуй савааг2005 онд Канадын тоглоом болон багаж хэрэгслийн зохион бүтээгч Вэйн Фромм нийтийн дунд гаргаж ирсэн. Тэрбээр Үедагийн адил Европт аялж байдаг савааны санааг олжээ. Охин Сэйжийн хамт аялж, хамтдаа зураг авахуулахыг хүссэн ч англи хэлтэй хүнийг удаан хүлээжээ. Савааг өөр хүн бүртгүүлсэн тухай тэрбээр мэдээгүй бөгөөд камераа өндөрт өргөвөл олон хүн дуранд багтаж байгааг анзаарсан байна.
А.Даваахүү
Сэтгэгдэл (0)