Гадаадад суралцагчдын олонх нь бизнес, эдийн засгийн чиглэлийг сонгодог

 

“Хилийн чинадад байгаа монгол залуусын эх орондоо суурьших боломж, нөхцөл” сэдвийн хүрээнд хилийн чинадад сурч ,ажиллаж буй иргэдийн мэдээллийн санг үүсгэх, улмаар ажил хэрэг болгох зорилго бүхий чуулга уулзалт өчигдөр боллоо.

Дэлхийн 24 улсад суралцаж буй монгол оюутан залуусын төлөөлөл болсон 32 төрийн бус байгууллагын тэргүүлэгч гишүүд, Америк улс дахь Монгол Оюутны Холбоо(AMSA), МЗХ –ын Солонгос улс дахь салбар зөвлөл, БНХАУ дахь Монгол Оюутны нэгдсэн холбоо, хилийн чинадад төгссөн залуусын төлөөлөх холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож санал бодлоо хуваалцлаа. Хурлын үеэр хилийн чинадад сурч ,ажиллаж буй иргэд мэдээллийн санг үүсгэснээр ямар давуу тал бий болох гадаадад суралцагсдад тулгардаг асуудлыг хэрхэн хянан шийдвэрлэх талаар ярилцсан юм.

Хятадын ардын их сургуулийн оюутан Ц.Ариунтэнгэрээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Хятадын Ардын их сургуульд суралцагч оюутнууд ихэвчлэн ямар мэргэжлээр суралцаж байна вэ?

 

-Бүх суралцагсдын 85-95 хувь нь бизнес удирдлага,эдийн засгийн чиглэлээр суралцдаг гэсэн судалгаа гарсан.

 

-Хилийн чинад дахь оюутнуудад хамгийн түгээмэл тулгамддаг асуудал юу вэ?

-Мэргэжил сонголт дээрээ залуучууд анхаарах хэрэгтэй.Монгол оюутнууд бизнес удирдлагын чиглэлээр олноор суралцдаг. Гэтэл манай улсад барилга, зам гүүрийн инженерийн нарийн мэргэжилтнүүд шаардлагатай байна. Мөн мэдээлэл дутмагаас мэргэжил, сургуулиа буруу сонгох тохиолдол их гардаг.

 

-Хурлын үеэр оюутнууд мэдээллийн санг үүсгэх зайлшгүй шаардлагатай байна гэлээ. Мэдээллийн сан ямар ач холбогдолтой вэ?


-Аль нэг улсад суралцагч оюутан өөртөө холбоотой мэдээллээ оруулснаар суралцах хугацаандаа өөрийн аюулгүй байдлаа хамгаалуулах, түүнчлэн өөрт хэрэгтэй бүхий л мэдээллийг авахаас гадна тулгарч буй асуудлаа сангаар дамжуулан шийдвэрлүүлэх боломжтой.


-Мэдээллийн сан нууцлалын зэрэгтэй юу?


-Нууцлалын зэрэгтэй. Оюутан өөрөө нууц дугаар оруулж болно.

 

Е.ЖАНАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)