Оюуны түрлэгт өргөх есөн цацал

 

        Орчлонгийн юмс үзэгдэл, тэдгээрийн амьдрал нь эрхшээгч хийгээд тэтгэгч их хүчний таталт түлхэлтийн тэнцвэр дээр оршдог. Бидний амьдралын таталт түлхэлтийн нэгэн том түрлэг эхэлж, оюун билгийн далай цалгин, есөн сарын 1-ний, идрийн барилдлагатай цагаагчин туулай өдөр орон даяар эрдмийн бүх өргөөний үүд нээгдэнэ. Түүний хаялга нөлөөлөл нь монголчуудын машид эрхэмлэдэг эрийн гурван наадмаас нь дутахааргүй цог жавхаатай, цагаан сартай нь дүйхүйцээр гэгээн билиг билгүүнийг агуулсан ариун ул мөрийг үлдээхээр их баяр цэнгэлийн гарааг эхлүүлнэ.

 

Монголын айл бүхэн, хүн бүр сургууль цэцэрлэгийн зүг хараагаа чиглүүлж, таван түмэн багштай ураг барилдаж, голт зүрхнийхээ хайрын эзэн-үр хүүхдийнхээ урт амьдралын аяны дөрөөнд сэтгэлийн сүүгээ өргөнө. Түүнд нь есөн цацал нэмье!

 

Өгүүлэх нэгэн зүйл: Байгальд байдаг, нийгэм бүтээдэг хүмүүн хэмээх “амьтан”-ы гайхамшгийг үзүүлдэг “ухаан” нь гарт барих бие, нүдэнд үзэгдэх зүсгүй атлаа бодит оршиж байдаг, өөрийн гэсэн эх булагтай, зорилго үйлдэлтэй, бүтэц төрөлтэй, үр хөврөлтэй амьд организм ажээ. Хүмүүний уураг тархинд үүсч, үйл амьдралд байнга хэрэглэгддэг “эрдэнэт биет”- ийг бид оюун билиг, эрдэм мэдлэг, үзэл хандлага, авьяас чадамж, арга ухаан, мэргэшил туршлага, зөн совин, мэдрэмж төсөөлөл, боловсрол хөгжил гэгчлэн олон дүр төрхөөр нь таньдаг билээ.

 

Түүний орших жам ёс нь онол практик хоёрын нэгдэл, шүтэн барилдлага болой. Ухааны хамгийн ойрын садан нь сэтгэл бөгөөд тэр нь хайр энэрэл, итгэл үнэмшил, асрамж хүндэтгэл, нигүүсэл ариусал, гуниг гутрал, өршөөл уучлал зэрэг олон дагуултайгаар оршдог ажээ. Ухаан сэтгэл хоёрын ханилгаанаас бодол санаа, хүсэл тэмүүлэл, зориг хатуужил, хүлцэл тэвчээр, дүгнэлт санал, эргэцүүлэл үнэлэлт зэрэг олон “үр төл” хүлээн авч бойжуулдаг. Тэдний орших, үйлчлэх, өөрчлөгдөх, хөдлөх эх сурвалж нь мэдээлэл, эрчим хүч, цахилгаан соронзон долгион агаад түүнийг үүсгэгч, зөөгч, дамжуулагч болох тархи, зүрх, элэг зэрэг хүчирхэг эрхтэн ганц хором ч зогсохгүйгээр тасралтгүй ажилладаг. Энэхүү оюун ухааны орших хийгээд хөгжихийн баталгаа жолоодлого нь номлол сургаалдаа байх учиртай.

 

Хүн төрөлхтөн тэрхүү сургаал номлолыг бүтээхдээ сэтгэлгээнийхээ эш, хүчийг барьж, өөрийн их сан хөмрөг бүрдүүлж, шашин, соёл, шинжлэх ухаанаар дамжуулан, газар нутаг, улс үндэстний онцлогт тохируулан туурвисаар өнөөг хүргэжээ. Тэр бүхэн нь оюун ухааны хөгжлийн эрч хүч, их хурд, эзлэх орон зайнаас хамааран улам бүр нийтлэг шинжийг олж, улам баяжсаар байна. Үүний тодорхой нэг жишээ гэвэл дэлхийн гэгээрлийн яам хэмээн нэрлэгдсэн ЮНЕСКО-гоос эрхэлж дэлхий дахинаа хэрэгжүүлсэн боловсролын бодлого нь 1990 онд Жомтейнд эхэлж, 2000 онд Дакар хотоос үргэлжилж, 2015 онд Инчон хотноо тунхагласан “Боловсрол-2030” хөгжлийн хөтөлбөрөөр эрчилж байна. Хүн төрөлхтөн, улс орон, байгууллага хамтлаг, иргэд дэлхийн өнцөг булан бүрд нэгдмэл номлол сургаал, үзэл бодлоготой, түүнээ хэрэгжүүлдэг амьдралын зам мөртэй боллоо.

 

Эрхэмлэх нэгэн зүйл: Мэргэд сургахдаа оршин буйг хорвоо, өөрчлөгдөн танигдаж, хөгжин хөдөлдгийг ертөнц, тэдгээрийг анхлан буй болгож, жам ёсоор нь байлгаж чаддагийг тэнгэрийн таалал гэдэг юм билээ. Тэгвэл агуу их хүмүүн эрдэнэ хийгээд түүний билиг оюуныг бүтээсэн эхийн алтан хэвлий нь тэнгэрийн таалал мөнөөс мөн. Ийнхүү хүнд ямар оюун билиг заяалгахыг эцэг эх хоёр нь шийддэг ажээ. Оюунтай төрсөн Өүлэн эхээс удамласан мөнх тэнгэрийн тамгатай, хөх Монголын үр сад өсөн үржсээр шинэ мянганы түүхийг өнөөдөр бичиж байна. Үр хүүхдийнхээ оюун билгийн төрмөл мөн чанарыг ямар ухааны шим тэжээлээр цаашдаа тэтгэх нь бидний заяа мэдэх хэрэг бөгөөд түүнээ сургууль, багш нарт даатгах нь түгээмэл билээ.

 

Эцэг эхээс хайрласан билиг оюун дээр сургуулийн танхимд, багшийн залуураар ухааны хөрс суулгаж, өрөм тогтоож, эрдэм мэдлэгийн их сан бүрдэж, номын далай арвиждаг. Монголын гал голомт мөнх бадрах, түмэн олны итгэл найдвар бат байхын гол шижим нь сургууль багш нартай холбогдохын утга учир энэ!

 

Хүндлэх нэгэн зүйл: Эрдэм ухааныг дээдэлдэг монгол түмэн “Шавийн эрдэм багшаас” гэдэг цэцэн үг зохиожээ. Монголын олон буман багачуудын амьдралын замналыг засах түг түмэн багш нар бий. Эрдэмт хүмүүний тэргүүнийг мэхийлгэж залбируулдаг гурван дээдсийн нэг нь багш. “Бодь мөрийн зэрэг” хэмээх хөлгөн их сударт бичигдсэн “Багшийг шүтэх ёс”-ыг монголчууд сахин мөрдсөөр иржээ. Түүний “Тайлагдашгүй нууцын суудар”-т “Хувьтай хөвгүүд охид минь ээ. Багшаа ихэд хүндэтгэн шүтэж, асран тойлж, зүй ёсоор тахин шүттүгэй! Ингэж чадвал санаа сэтгэлд чинь зөв дадал шингэж, үйлдэл бүхэнд чинь зөв дадал хэвшинэ. Улмаар зөв үйл бүтээж, зөв дадал төлөвшиж, журмын нөхөд чинь хүндлэх болно. Буруу дадлаас салж, зөв дадалтай болсноор өөрийгөө болон бусдыг зовоохоо болино. Өөрийгөө, өрөөлийг буруу үйлээс сэрэмжлэн хамгаалснаар зүйрлэшгүй гэгээрлийн зам мөрийг төгс эзэмшиж, буруу зам мөр хөөсөн амьтанд тусалж чадна” (Ламрим. УБ. 2006.76 дахь тал) гэж өгүүлжээ. Хүний хүмүүжил төлөвшилд багшийн нөлөө, шавийн итгэл шиг нандин юм хаа байх билээ. Сэтгэлд хүрэхгүй багш таарсан ч түүнийг муушаагаад ямар ч олз олддоггүйг бүгд санууштай. Сэтгэлийнхээ дуудлагыг даган багш болохоор олон жил чармайн суралцаж, мэргэжлийн сургуулиа дүүргэсэн залуусын урам зоригийн гараан дээр ус асгаж, хэдхэн хоногийн туршилт, дамжаагаар “Багшлах эрх” олгох тухай яриа гардаг нь яав ч эрүүл үзэгдэл биш.

 

Сануулах нэгэн зүйл: Жил бүрийн есдүгээр сарын 1-нд эрдмийн баяр тохиоход байгаль дэлхий хуйсганан загнаж, салхи шуурга тавьж, бороо мөндөр буулгаж, тэнгэр харанхуйлан догширсонг та бид нэг ч удаа үзээгүй. Байгалийн жам ёс хүмүүний нийхэм хамтлагт шингэж, хүмүүсийн санаа бодол байгаль ээждээ харилцан нөлөөлж, нэгэн нэгдмэл түгээмэл зүйгээр амьдрал цогцолдог болжээ. Газар дэлхийн баялгийг хайр найргүй ухаж, байгаль ээжээ эрэмдэг зэрэмдэг болохын цагт ямар гамшиг нүүрлэдгийн зах зухыг цагийн шүүлтүүрээр бид харсаар байна. Ийм үед экологийн боловсрол, байгальд ээлтэй үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийн бодлого дэвшүүлсэн ухаант төрийнхөө мэргэн шийдвэрээс сөрөх мулгуу хүн хаа байх билээ. Цэвэрхэн цагаан цаас шиг бузардаж хиртээгүй хүүхэд насыг ариун түнгалгаар нь хорвоогийн зүй зохистой амьдралд дасган хэвшүүлж, ертөнцийн мөн чанарыг танин мэдүүлэхэд бүх хүний ухаалаг хандлага, санал санаачилга, идэвх оролцоо хэрэгтэйг яахан мартаж болох билээ.

 

Тодотгох нэгэн зүйл: Эрдэм номын аливаа үйл нь суралцагчийн билгийн мэлмийг нээж, ухааныг гийгүүлэхгүйгээр оршихын аргагүй билээ. Мэдээлэл хил хязгааргүйгээр, хэлэхийн завдалгүй, түгэн тархаж, үр дүн нь эвлүүлэх, эвдэхийн аль ч хүчийг олдог болсон оюун ухааны эрин зуунд мэдлэг, чадвар, дадал эзэмшинэ, суралцахуйн чиг хандлага тогтооно гэдэг суралцагчаас дээд зэргийн хариуцлага шаардана. Давуу тал, авьяас билгээ хөгжүүлэх, нөөцболомжоо ашиглах, ажил мэргэжлээ сонгох, шинэдтэмүүлж мэдлэг бүтээх, амьдралд сонор соргог хандах, нийгэм орчиндоо идэвх санаачлага гаргах тэргүүтэн суралцагч бүрт хамаатай. Уншигч та хэдэн жилийн өмнө сургуульд “сурагч” гэсэн алдартай байсан бол одоогийн хүүхдүүд “суралцагч” гэдэг нэртэй болжээ. Энэ нь хүн өөрөө суралцах үйлийн идэвхтэй эзэн, оролцогч, багштайгаа хамтран мэдлэг бүтээгч байхын илэрхийлэл юм. Суралцагч нь зөвхөн сургуулийн багштайгаа төдийгүй эцэг эх, ахмад хүмүүс, найз нөхөд, харилцагч бүх хүнтэй үйл хэргээ хоршигч, хамтрагч, түншлэгч байж, “Амьдралын их сургууль”-д суралцахын утгыг зааж байна.

 

Ухаарах нэгэн зүйл: Монголын хөх өвгөчүүлийн нэгэн том төлөөлөгч, Халхын То ван ухаан байхад ямар ч бэрх цагт ядуурахын зовлон үзэхгүй тухай аж төрөхийн сургаалаа айлдсан. Гуйранчийн сэтгэлгээнд эзлэгдэж, бэлэн хоол бусдаас горьдсон, бие нь эрүүл, мэдрэл нь бүрэн залууд тав арван төгрөг хаях нь өглөг биш зарлага, цаанаа түүнийг цусгүй алж байгаа хамгийн том нүгэл. Монголчуудын баяжихад ялихгүй зусар саад гэдэг нь хүн өөрийн чадлын хэрээр хичээн зүтгэх, хөгжин дэвжих, бусдад төвөггүй амьдрах, өөрөө өөртөө эзэн байх боломжийг зохиомлоор хааж тайвшруулахаас сэргийлсэн хэллэг юм. Энэ нь аминд тулж өвдсөн, осолдсон хэн нэгнийг хөрөнгөөр тэтгэж, өрөвч зөөлөн сэтгэлээр туслахтай адилгүй. Гуйранч сэтгэлгээ, гуйлгын үйлдэл сохор зоосны ч үнэгүй. Хэдэн жилийн Энэтхэгийн нэгэн гуйлгачин эр үхэхэд дэвсгэр дороос нь эзэндээ огт хэрэг болоогүй хэдэн буман рупи гарсан гэдэг. Хүний юм хүнд зохихгүй. Ядуу хүн, ядуу айл, ядуу улс хажуудахдаа нэр хүндгүй ч байдаг. Нийхэм судлаачид ядуу хүнд загас өгөх биш, загас барих арга зааж өгөхийг зөвлөдөг нь жирийн явдал биш. Уудам нутагтай, олон сая малтай Монголд хүн өлсвөл, өлдвөл өөр ямар газарт баялаг амьдрал байх билээ. Залхуугийн гэрт түлээгүй, залгидгийн гэрт хоолгүй. Ухах, ухаарах, ухамсарлах, ухаан суух зэрэг үгс нэг язгууртай. Бас ухаан муутыг усан дотроос түймэр авна гэсэн үг ч бий. Баялаг бүтээх, чинээлэг байх толгой бидний мөрөн дээр, хүч чадал гарт байгаа шүү дээ!

 

Учирлах нэгэн зүйл: Шунал, мунхаглал өнөөдөр газар авч, мөнгийг галзууруулан, эрдэм номоосоо дээгүүр тавих нь ихсэж байгаа. Мөнгө хүмүүсийг эвдэж, гэр бүл, байгууллага хамт олон, тэр ч байтугай улс орнуудыг хүртэл хооронд нь хэрэлдүүлж, эвдрэлцүүлж, зодолдуулж, алалцуулах боллоо. Мөнгөний галзуурал урхагшин, гэгээн бүхнийг сүйрүүлэх аюулаас болгоомжлох, сэргийлэх, түүнийг багасгах, арилгах зэвсэг хүн төрөлхтөнд бий. Тэр нь азаар заяасан “ёс суртахуун”. Түүхийн урт хугацаанд үйлчилж, шалгарч, үнэ цэнэтэй нь мэдрэгдэж ирсэн хүмүүний эрхэм дээд ёс суртахууныг оюун ухааны түшиг болгож, ёс суртахууны алтан дүрмээ өөрсдөө бичиж, ахуй амьдралдаа хэрэглэхийг эрдмийг судлаач, сургууль, багш, суралцагч, номын садан, хүндэт иргэд, хүүхэд багачууддаа уриалж байна.

 

Цамбын ТҮВШИНТӨГС /Монгол Улсын гавьяат багш, сэтгүүлч/

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)