Соёлын өвийг алдчихвий гэж дарах бус нийтэд таниулах ёстой
- 2017-09-25
- Боловсрол
- 0
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Ё.ОТГОНБАЯРТАЙ цөөн хором ярилцав.
-Монгол Улсыг гадаадад сурталчлах хэлэлцүүлэг хийх болсон үндсэн шалтгаан юу байв. Ямар байгууллагын төлөөлөл оролцов?
-Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд уртын дуу, хөөмий, морин хуур, бий биелгээ зэрэг үндэсний урлагийг цөөн хэдэн уран бүтээлч гадаадад сурталчилсаар ирсэн. Харин үндэсний соёл урлагаа гадаадад сурталчлахад төр, засгийн нэгдсэн бодлого дутаж, энэ салбарт анхаарал хандуулах цаг ирсэн нь хэлэлцүүлэг явуулах шаардлага бий болгосон. Хэлэлцүүлгийг ГХЯ, БСШУСЯ, “Монголын гоо ертөнц нийгэмлэг” болон соёл, урлагийн бусад байгууллага хамтран зохион байгууллаа. Урлаг, соёлын нэрт зүтгэлтнүүд, өнөө цагийн олон уран бүтээлчид оролцож, үндэсний соёл урлагаар дамжуулан Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах асуудлаар санал бодлоо солилцов. Хэлэлцүүлэгт оролцогсод Монгол Улсыг гадаадад эерэгээр сурталчлан таниулахад үндэсний соёл урлаг чухал үүрэгтэй болохыг тэмдэглэж, цаашдаа үндэсний урлаг, соёлыг дэлхийн төвшинд хүргэх, түүний ач холбогдлыг тодосгох асуудлаар өргөн хүрээнд санал солилцон, үндэснийхээ соёл урлагаар дамжуулан Монгол Улсыг дэлхий нийтэд нэгдсэн бодлоготойгоор сурталчлах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Манай томоохон театруудад уран бүтээл хариуцсан захиралтай ч театрын менежмент хариуцсан захирал байхгүй байна. Монголын зах зээлд тохирсон менежментийн боловсон хүчин бэлтгэхийн тулд төр, засгаас бодлогоор дэмжихээр боллоо.
-Соёл урлагаа сурталчлах ямар ажил хийж байв.
-Монгол Улс анх 1976 онд соёлын өдрийг ОХУ- ын Москва хотноо зохион байгуулж, гадаадад үзэсгэлэн анх гаргасан түүхтэй. Түүнээс хойш 1989, 1990, 1994 онд Болгар, Польш, Москва хотноо олон улсын үзэсгэлэн гаргаж байв. Монголын ард түмний ёс заншил, түүх, соёлыг харуулсан хамгийн том үзэсгэлэн бол “Чингис хаан ба түүний өв залгамжлагчид”. Уг үзэсгэлэнг 2005-2010 онд Европын таван оронд гаргаж, Монголын түүхийг бүтнээр нь сурталчилсан. Харин 2010 оноос хойш Монгол Улс олон улсад томоохон үзэсгэлэн зохион байгуулаагүй.
-Яамны зүгээс энэ ажилд ямар дэмжлэг үзүүлэхээр болов?
- Соёлын өвийг хамгаалах тухай хуульд хосгүй үнэт соёлын өвийг улсын хилээр давуулж болохгүй гэж заасан. Мөн Номын сангийн тухай хуульд хосгүй үнэт ховор судруудаа олон улсад таниулах “эрхгүй”-гээр хуулиа баталсан. Тиймээс бид соёлын өвөө алдчихвий гээд эх орондоо дарах бус олон улсад эргэлтэд оруулж, улам хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Иймд салбар яамны зүгээс Соёлын хуулийн өөрчлөлтийг бэлэн болгоод байна. Уг өөрчлөлтөд нэгдүгээрт, соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг ойлголтыг хуульд тусгаж, соёл урлагийг баялаг бүтээгч салбар болгох. Хоёрдугаарт, соёл урлагийн салбарт эрх мэдэл олгохоор тусгасан.
Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл (0)