Шаардлагыг хүлээн авахгүй бол хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар өчигдөр дахин ажил хаяж, багш нарын шаардлагыг хүлээн авахгүй бол ирэх сарын 10-наас хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ. Багшийн цалин нэмэх түр хорооноос Засгийн газарт энэ шаардлагыг тавьсан юм. Шаардлагад сургуулийн өмнөх болон ЕБС-ийн багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг есдүгээр сард багтаан 1.6 сая төгрөгт хүргэж нэмэх, багш мэргэжлийн нийгмийн үүрэг, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитойд тооцож, багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн ангилалд оруулж, эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэхийг хүсчээ. Мөн боловсролын чанарыг дэлхийн шилдэг жишигт хүргэх төслийг бодитой бүрдүүлэх зорилгоор багшийн цалинг дор хаяж 3500 ам.долларт дүйцэх хэмжээнд 2020 гэхэд хүргэх шаардлагыг тавьж байгаа юм. Үүний хариуд Засгийн газраас “Багш нарын цалинг үе шаттайгаар 30 хувь нэмэхээр ажиллаж байна” гэсэн хариу хүргүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээн авалгүй энэ сарын 21, 26-нд сануулах ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Үүний дагуу энэ сарын 21 буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нар ажил хаясан билээ. Уг ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын сургууль 43, цэцэрлэг 28 хувьтай оролцсон. Харин улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль 56, цэцэрлэг 23 хувьтай оролцсон байна. Багш нар хоёр дахь удаагийнхаа сануулах ажил хаялтыг өчигдөр зарлаж, 08.00-17.00 цагийн хооронд үргэлжлэв. Ажил хаялтад цэцэрлэгийн багш нар нэгдэж өнгөрсөн удаагийнхаас өргөжин, орон даяар оролцож байгааг Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооныхон онцолж байлаа. Учир нь, хүүхдүүдээ цэцэрлэгт өгч байж л ажлаа хийдэг эцэг эхчүүд олон байдгаас ажил хаялт илүү олон хүнд мэдрэгдэнэ гэж тооцоолсон бололтой. Ажил хаялтад оролцож буйгаа илэрхийлж орон нутгийн багш нар олон нийтийн сүлжээгээр мэдээлэл өгч байлаа. Үүнд, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Баянхонгор, Ховд, Говь-Алтай, Завхан, Орхон аймгийн сургуулиуд багтаж байна. Тухайлбал, нийслэлээс 1500 орчим км-т орших Увс аймгийн Өмнөговь сумын багш нар сануулах ажил хаялтад 90 хувийн ирцтэй оролцож байгаагаа илэрхийлжээ.

М.ЭНX

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)