2020 онд бүх сургууль хоёр ээлжээр хичээллэдэг болно
- 2017-10-04
- Боловсрол
- 0
Намар бүр нийслэлчүүдийн санааг зовоож, хэл ам багагүй дагуулдаг зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж байдаг. Энэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж, хүчин чармайлт гарган ажилласан байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд 49 цэцэрлэгийг шинээр нээн ажиллуулж, нийт 672 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж 77.6 хувь болж өсчээ. Шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн 49 цэцэрлэгийн 13 нь төрийн өмчийнх бол 36 нь төрийн бус өмчийн хэлбэрээр үүдээ нээж, хүүхдүүдээ хүлээн авч эхлээд байна. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хувьд ч энэ жил нэлээдгүй эерэг өөрчлөлт гарчээ. Тухайлбал, өнгөрсөн хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 225 сургууль үйл ажиллагаа явуулж байсан бол энэ намар төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургуулийг ашиглалтад оруулж, нийт 10.680 сурагч нэмж хүлээн авах боломжтой болжээ. Мөн энэ онд найман сургуулийг 3-2 ээлжид шилжүүлсэн байна. Хотын даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2020 онд бүх сургууль хоёр ээлжээр хичээллэдэг болно.
Б.МӨНХ
Сэтгэгдэл (0)