Тэд уншиж байна

-НОМЫН САНГААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ТОО ЭРС НЭМЭГДЖЭЭ- 

“Залуус ном уншихгүй байна”, “Орчин үеийн хүүхдүүд ном уншдаггүй” гэсэн шүүмжлэл байнга гардаг. Би үүнтэй санал нийлдэггүй. Дотнын нөхөд минь үргэлж ном уншдаг учир магадгүй тэр байх. Хааяа номын санд суухад уншлагын танхим дүүрэн хүнтэй байдаг болохоор би залуусыг ном унших дуртай болсон гэж боддог юм. Энэ бодлоос улбаалан Улаанбаатар хотын төв номын сан буюу Д.Нацагдоржийн нэрэмжит номын санг зорив. Үүдээр нь ороход гадуур хувцсаа өлгүүлэх, карт нээлгэх, уншлагын танхим руу нэвтрэх хэсэгт хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тус номын сан нийтийн уншлагын хоёр танхимаас гадна гадаад ном, хүүхдийн, сонин уншлагын, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан танхимтай. Нийтийн уншлагын “Б” зааланд ороход ганц хоёроороо ном уншиж байхад найз нөхдөөрөө нийлж суугаа залуус ч харагдав. Мөн зөөврийн компьютер урдаа тавин, зүүрмэглэх нэгэн ч байв. Харин олонх нь уншиж буй номдоо анхаарлаа төвлөрүүлж дэргэдүүрээ өнгөрөх юуг ч үл ажран номдоо шимтэж сууна. Тус номын сангаар өдөрт дунджаар 700, сард 100 гаруй мянган уншигч үйлчлүүлдэг гэнэ. Номын санч Б.Нацаг “Сүүлийн үед залуус ном уншдаг болсон. Номын санд залуус хичээлээ хийх, уран зохиолын ном унших, интернэт ашиглах зэргээр ихэвчлэн суудаг. Манай үйлчлүүлэгчдийн 80 гаруй хувийг оюутнууд эзэлдэг. Ажил ихтэй хүмүүс ихэвчлэн гэрээр ном авч уншдаг. Зуны улиралд уншигч багатай.

Бусад улиралд номын сангийн ачаалал их. Нийслэлийн хэмжээнд “нийтийн” гэх тодотголтой гуравхан номын сан бий. Харин эдгээр номын сангийн цагийн хуваарь хязгаартай байдаг учир оюуны цангаа тайлахыг хүссэн залуус хүссэн үедээ номын сангаар үйлчлүүлж чаддаггүй” гэв. Номын санд сонирхол татах нэгэн танхим бий. Тэр нь Америкийн соёл, мэдээллийн төв. Уг төвийг Д.Нацагдоржийн нэрэмжит Номын сангийнхантай хийсэн санамж бичгийн хүрээнд 2004 онд анх нээжээ. Энэ төв залуусыг англи хэл сурах, гадаад ертөнцтэй холбогдоход үнэтэй хувь нэмэр оруулсан гэж хэлж болно. Интернэт үйлчилгээ, видео уулзалт, онлайн сургалт, кино үзвэр, хэлний чадвар сайжруулах ярилцлага зэрэг олон боломжийг тэд санал болгодог. Тус танхимд үйлчлүүлж байсан СУИС-ийн оюутан Н.Уянга “Би АНУ-ын соёл, мэдээллийн төвд байнга суудаг. Яагаад гэвэл, энэ танхимд хичээл хийхэд маш таатай орчин бүрдүүлсэн. Компьютер, интернэт ном сурах бичиг бүгд бэлэн байна. Дээр нь энэ төвөөс үнэ төлбөргүй олон үйл ажиллагааг англи хэл дээр зохион байгуулдаг. Миний хувьд хэл сурч байгаа хүмүүст зориулсан хөтөлбөр, англи хэлний уулзалт, кино өдөрлөгийг нь алгасахгүй оролцдог” гэсэн юм. Долоо хоногт амралтгүй ажиллаж иргэдэд үйлчилдэг тус номын сангийнхан нийтийн уншлагын хоёр танхимдаа 70, үндсэн фонддоо 190 гаруй мянган номтой. Эднийх жилд дунджаар 10-20 сая төгрөгөөр шинэ ном худалдан авч фондоо баяжуулдаг байна. Харин өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр 50 сая төгрөгийн өртөг бүхий 2000 гаруй ном худалдан авчээ.

Нийтийн уншлагын “А” танхимд ороход нам гүм орчин угтлаа. Танхимд уншигчид ном хайж алхавч аль болох чимээ гаргахгүйг хичээнэ. Нам гүм орчинд номдоо шимтсэн оюутнуудыг харах сайхан байв. Уншлагын танхимаас гарч явсан МУИСийн нэгдүгээр дамжааны оюутан Р.Сайханчимэгээс сэтгэгдлийг сонсоход “Би номын санд тогтмол суудаг. Долоо хоногийн гурван өдөр номын санд суух хуваарь гаргасан. Номын санд ирж буй хүмүүсийн олонх нь залуус байдаг. Тэд ихэвчлэн уран зохиол, түүхийн ном уншиж харагддаг юм. Тогтмол номын санд суудаг хүмүүс судалгаа хийх, хэлний чиглэлээр сурдаг залуус байдаг. Би уран зохиол, өгүүллэг, судлаачдын нийтлэл унших дуртай. Сүүлд “Тэнгэрлэг туульс” номыг уншсан” гэсэн бол хоёрдугаар дамжааны оюутан С.Орхон “Би Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд хааяа л суудаг. Сургуулийн номын санд ном хүрэлцэхгүй, нэмэлт материал шаардлагатай болохоор энд суудаг. Залуусыг ном уншдаггүй гэж хэлж болохгүй. Ном уншсанаар мэдлэг нэмэгдэж, ухаан тэлдэг шүү дээ. Миний хувьд ном уншихад тусгай цаг гаргадаггүй ч уран зохиолын ном үргэлж уншдаг. Сүүлийн үед электрон ном сонирхож байгаа” гэсэн юм.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)