Амны хөндийн эрүүл ахуй мөрдөх найман зөвлөмж
- 2017-12-14
- Эрүүл мэнд
- 0
Дэлхий даяар сургуулийн насны хүүхдийн 60-90%, насанд хүрсэн хүмүүсийн бараг 100% шүдний кариестай буюу цооролтой байна. Америкт жил бүр 100 сая хүний амны хөндийн эрүүл мэндээр, тэр дундаа шүдний үзлэгт хамрагдаж чадахгүй үлддэг.
Шүд унахад хүргэдэг буйлны хүнд хэлбэрийн өвчлөл нь дунд эргэм насны хүмүүсийн (35-44 нас) 15-20%-д илэрдэг.
Дэлхий даяар 65-74 насны хүмүүсийн 30% орчим нь жинхэнэ шүдгүй (хиймэл шүдтэй) байна. Дэлхий даяар 6-12 насны хүүхдүүдийн 16-40% нь тоглоомын талбайд гэмтэх, сургуулийн орчинд гэмтэх, авто осол, хүчирхийллийн улмаас шүдээ гэмтээж байна.
Харин монгол оронд одоогийн байдлаар шүд цоорох өвчний тархалт 3-5 настнуудын 79 хувь, 6-8 насанд 85, насанд хүрэгчдийн дунд 90 гаруй хувьтай байгаа нь маш өндөр хувь юм.
2008 онтой харьцуулахад энэ оны байдлаар шүд цоорох өвчний тархалт улс 7-9.8 хувиар, шүд цоорох эрчим 0.2-0.6 хувиар буурчээ. Харин бүрэн шүдтэй хүүхдийн эзлэх хувь 0.5 хувиар, амны хөндийн өвчний эрүүлжүүлэлт хувь 5.5-7.2 хувиар тус тус өсжээ.
Амны хөндийн өвчлөл үүсэхэд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлүүдэд эрүүл бус хооллолт, тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх, амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг сахихгүй байхаас гадна дараах зуршил нөлөөлдөг.
· Хуруугаа хөхөх
· Уруулаа хазах
· Хумсаа хэмлэх
· Хэлээ гаргах
· Буруу залгих
· Шүдээ хавирах
· Амаар амьсгалах нь буруу зуршил юм. Эдгээр буруу зуршлаас болоод хүүхдийн амны хөндий хэл ярианд олон янзын өөрчлөлт үүсч болно. Тухайлбал, шүдний эгнээний өөрчлөлт үүсэх боломжтой. Үүнд шүд орсгой болох, эрүү шаамий болох, тагнай гүн болох мөн уруулын гадна талын арьс салст хуурайшиж гэмтэх гэх мэт.
Урьдчилан сэргийлэх:
· Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахих
· Хооллох зөв дэглэм баримтлах
· Байнгын шүдний эмчийн хяналтанд байх
· Чихрийн хэрэглээгээ бууруулж, шаардлагатай шим тэжээлийг тогтмол хэрэглэснээр шүд үйрэх, цагаасаа өмнө шүд унахаас сэргийлж чадна.
· Жимс, ногоог хоол хүнсэндээ хэрэглэх нь амны хөндийн хавдраас сэргийлнэ.
· Тамхи татахаа болих, архины хэрэглээгээ бууруулвал амны хөндийн хавдар, буйлны өвчин тусах, шүд унах эрсдэл буурна.
· Амны хөндийн эрүүл ахуйг хангах
· Автомашин барих, спортоор хичээллэх үедээ хамгаалалт хэрэглэж эрүү-нүүрний гэмтлээс хамгаалах зэрэг орно.
· Шүдэнд наалдамхай, бөөгнөрч хуримтлагдах шинжтэй хоол хүнс нь шүд цоорох өвчнийг нэмэгдүүлдэг тул эдгээр бүтээгдэхүүнээс татгалзах, наалдсан тохиолдолд даруй цэвэрлэж байх
· Паалангийн эргэн эрдэсжих үйл явцыг дэмжихийн тулд хоол хоорондын зайд шүлсний ялгарах хурдыг сайжруулах зорилгоор сахаргүй бохь зажлах, шүлс ихээр ялгаруулдаг исгэлэн амттай хүнс хэрэглэх
· Унтах үед шүлсний ялгарах хэмжээ багасдаг тул орондоо орохын өмнө амттан болон чихэрлэг ундаа, жүүснээс татгалзах
· Бага насны хүүхдийг унтах үед сүү, жүүс болон бусад сахар агуулсан шингэн зүйлийг угжаар өгөхгүй байх,
· Ээжүүд аль болох шөнө хүүхдээ хөхүүлж унтуулахгүй байх. Хүүхэд унтаж байхдаа хөхсөн сүүгээ цааш гүйцэд залгилгүй, амандаа удаан байлгаснаас болж чихэрлэг сүү хуримтлагдан, шүд цоорох шалтгаан болдог
Анхаарах зүйлс:
1. Соскыг нэг ой хагасаас цааш хөхүүлбэл нүүрний хэлбэрт өөрчлөлт оруулна.
2. Сүүн шүд ургаж эхэлмэгц ариун цэвэрт нь анхаар
Хамгийн энгийн арга бол хуруундаа марли ороож байгаад буцалсан бүлээн усанд дүрж шүдний өнгөрийг арилгаж өгөх ба хүүхдийнхээ шүдийг 6 нас хүртэл эцэг эх нь өөрсдөө угааж өгч байх хэрэгтэй.
3. Зажилж иддэг хоол хүнс шүлс ихээр ялгаруулж амны хөндийг цэвэр болгодог
4. Угжны буруу хэрэглээнээс болж эрт үеийн цоорол үүсдэг
5. Хумс хэмлэх, шүд хавирах буруу зуршлаас болж амны хөндий өвчилдөг
1. Хүүхдийн шүдийг хэрхэн угаах вэ?
· Асран хамгаалагч нь хүүхдийг шүдээ угаасаны дараа хянаж, дутуу угаасан үед гүйцээн угааж өгнө.
· Асран хамгаалагч нь хөвөн самбайгаар хуруугаа ороон буцалсан бүлээн усанд норгон үүдэн шүдийг цэвэрлэж өгнө. Хөвөн савх хэрэглэх арга ч бас байдаг. Үүний дараа аманд шүдний сойзыг бага багаар хэрэглэх байдлаар хүүхдийг дасгаж эхэлнэ.
· Асран хамгаалагч нь сууж, хүүхдийн толгойг өвөр дээрээ байрлуулан сойзоор шүдийг нь угааж өгнө (хэвтүүлэн угаах арга). Энэхүү хэвтүүлэн угаах байрлал нь шүдийг зөв угаах, шүдийг хянах боломжийг бүрдүүлэхээс гадна хүүхдийг шүдээ үзүүлэх байрлалд хэвшүүлэх, дасгахад сайнаар нөлөөлдөг.
· Хүүхэд өөрөө шүдээ угаах дадал хэвшилтэй болно. Унтахын өмнөх угаалт үр дүнтэй болдог. Асран хамгаалагч нь хүүхдийг шүдээ угаасны дараа хянаж, дутуу угаасан үед гүйцээн угааж өгнө. Энэ үед ажиллахад хялбар байлгахын тулд хүүхдийн толгойг хөдөлгөөнгүй байлгах нь чухал юм.
2. Анхны шүд цоорлын нянг хүүхэд ээжээсээ шүлсээр дамжуулан авдаг
Гэр бүлийн гишүүдийн шүд эрүүл, тэр дундаа эхийн шүд эрүүл байх нь хамгийн чухал. Анхны цоорлын нянг хүүхэд голчлон шүлсээр дамжуулж эхээсээ авдаг. Хүүхдийн соскийг амандаа хийх, хоолыг амнаасаа дамжуулж өгөх нь хамгийн буруу зүйл.
Үүнийг гэр бүлийн гишүүд бүгд мэддэг байх ёстой. Эх жирэмсэн үеэсээ л шүдний эмчийн хяналтанд орж амны хөндийгөө эрүүлжүүлэх хэрэгтэй.
Зарим эцэг эх сүүн шүдийг солигддог учраас тэдгээрийг арчлах шаарлагагүй гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ сүүн шүдний эрүүл мэнд юунаас ч чухал байдаг.
3. Сүүн шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх:
· Соскыг нэг ой хагасаас цааш хөхүүлбэл нүүрний хэлбэрт өөрчлөлт оруулна.
· Мөн угжны цоорлоос сэргийлэх хэрэгтэй. Угжны цоорол гэдэг нь /nursing bottle caries/ хүүхдийн буруу хөхөх дадал өөрөөр хэлбэл бор хоолонд орсон үед удаан хугацаагаар унтахдаа эхийнхээ хөхийг хөхөх, сүү болон чихэртэй шингэнээр угжсанаас үүсч байгаа шүд цоорох өвчний хүнд хэлбэр юм.
· Сүүн шүд ургаж эхэлмэгц ариун цэвэрт нь анхаар. Хамгийн энгийн арга бол хуруундаа марли ороож байгаад буцалсан бүлээн усанд дүрж шүдний өнгөрийг арилгаж өгөх ба хүүхдийнхээ шүдийг 6 нас хүртэл эцэг эх нь өөрсдөө угааж өгч байх хэрэгтэй.
Шүд арчлах хэрэглэгдэхүүнд:
· Шүдний сойз,
· Шүдний оо,
· Шүдний завсар цэвэрлэгч сойз,
· Шүдний утас, чигчлүүр мод,
· Ам зайлах, цэвэрлэх уусмал зэрэг орно.
Шүдний сойз: Шүдний сойзыг зөв сонгон авахын тулд сойзны толгой, үс, иш гэсэн үндсэн хэсгийг үндэслэн сонгоно.
Сойзны толгой: Тухайн хүний дээд үүдэн 2 шүдний хэмжээтэй тэнцүү байх нь хамгийн тохиромжтой. Том толгойтой сойз нь талбай ихтэй, аманд хөдлөх, угаах зай бага байдаг тул шүд бүрийг сайн угаах боломжгүй байдаг. Харин сойзны толгой жижиг байх тусам аманд чөлөөтэй хөдлөх, шүд бүрийг угаах боломжтой байдаг.
Сойзны үс: Сойзны үсийг хатуу, зөөлөн, ердийн гэж ангилдаг бөгөөд үсний хатуулаг нь үсний диаметрээс хамаардаг. Үсний эгнээ нь 2-3 эгнээ байх нь тохиромжтой байдаг. Шүдний сойз нь балчир, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн гэх мэтчилэн нас насанд нь тохирсон хэмжээ, хэлбэртэй байдаг бөгөөд үүнээс сонгож хэрэглэх нь зүйтэй.
Шүдний оо:
· Шүдний оог дотор нь
· Эрүүл ахуйн
· Урьдчилан сэргийлэх
· Үрэвслийн эсрэг
· Үнэр дарагчтай
· Хүүхдийн оо гэж ангилна. Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фтортой оог хэрэглэх нь үр дүнтэй
Шүд хоорондын завсар цэвэрлэх утас:Шүд хоорондын завсар цэвэрлэх утсаар сойз хүрэхгүй түшилцэх гадаргууг цэвэрлэх зорилготой хэрэглэдэг юм. Түшилцэх гадаргуу нь сүүн ба байнгын шүдний алинд ч шүд цоорох өвчинд өртөмтгий байрлал болдог. Шүдний утас нь лавтай (wax), лавгүй гэж байна. Лавтайг нь хэрэглэх бүрт шүдний түшилцэх гадаргууд зай гарах тул лавгүйг нь голчлон хэрэглэдэг.
Шүдний чигчлүүр:Чигчлүүр нь хуванцар болон модоор хийгдсэн байх бөгөөд гурвалжин, хавтгай, бөөрөнхий хэлбэртэй байдаг. Чигчлүүр нь шүдний завсарын хоолны үлдэгдлийг цэвэрлэхээс гадна энэ хэсгийн өнгөрийг авахад хэрэглэгдэнэ.
Чигчлүүрийг хэрэглэхдээ өөрийн шүдний завсарын хэмжээнд тохируулан хэлбэр, хэмжээг сонгох нь зүйтэй.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Сэтгэгдэл (0)